sonin.mn

ПАРИС, 2024 оны долоодугаар сарын 30 /France24/. Сербийн супер од теннисчин Новак Жокович даваа гарагт өөрийн "мөнхийн" өрсөлдөгч Испанийн тамирчин Рафаэль Надалийг хожсоноор "Парис-2024" наадмын тэмцээнд цааш үргэлжлүүлэн оролцох эрхээ авлаа.

Парисын Филипп-Шартиегийн нэрэмжит талбайд болсон эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээний хоёрдугаар тойрогт Н.Жокович Р.Надалийг 6:1, 6:4-өөр буулган авчээ.

Хоорондоо 60 дахь удаагаа учраа таарч буй хоёр теннисчний тоглолтод Н.Жокович эхний сетийг 6:1-ээр илүүрхэж, хоёр дахь сетэд 4:0-ээр тэргүүлж байсан боловч Р.Надаль тооны харьцааг 4:4 болгож чадсан байна.




“Их дуулга”-ын 24 удаагийн аварга, 2008 оны Олимпын хүрэл медальт Н.Жокович одоо Германы Доминик Кёпфер, Италийн Маттео Арнальди нарын хожсонтой нь тоглоно.




Харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Польшийн теннисчин, дэлхийн чансааг тэргүүлэгч Ига Свёнтек Францын Диан Парриг даваа гарагт 6:1, 6:1-ээр буулган авчээ. Гуравдугаар тойрогт И.Свёнтек Хятадын теннисчин Сиюй Вантай өрсөлдөнө.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн алтан медалийн төлөөх тоглолт наймдугаар сарын 3-нд болох ба 4-ний өдөр эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шилдгүүд тодрох ажээ.

Парисын Олимп наймдугаар сарын 11-нийг дуустал үргэлжилнэ.



Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг