sonin.mn

Өнгөрсөн долоо хоногт АН-ын ерөнхийлөгч Жо Байдэн ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татаж байгаагаа мэдэгдсэн. Түүнийг орлох нэр дэвшигчийн талаар санал асуулга өрнөж ирэх сард болон Ардчилсан намын үндэсний хурлаар албан ёсоор сонгохоор болсон. Гэвч дэд ерөнхийлөгч Камила Харрис намаасаа нэр дэвших хүсэлтэй байгаагаа илэрхийлснээр үйл явдал эрс өөрчлөгдсөн юм. Тухайлбал Камила Харрис нэр дэвших хүсэлтээ гаргаж хандивын дансаа нээснээс 24 цагийн дотор хамгийн их хандивыг цуглуулсан нэр дэвшигч болсон. Энэхүү үйл явдлын дараагаар Америкийн сонгогчдын дунд унаад байсан Ардчилсан намын нэр хүнд өсөж Бүгд найрамдах намын нэр дэвшигч Доналд Трамптай энэ тэнцэх болжээ. “New York Times”-ийн нийтэлсэн санал асуулгын дүнгээр Камила Харрис эхний долоо хоногтоо ноёр Трамптай энэ тэнцэхүйц сольж намын рейтингийг 6-7 нэгжээр ахиулжээ.


Ерөнхийлөгч Жо Байдэн өнгөрсөн сард өнгөт арьст сонгогчдын 59 хувийн дэмжлэгийг авч байсан бол Харрис нэр дэвших болсноо зарласны дагаар дээрх хувь 69 болж өсөөд байна. Түүнчлэн испани хэлтнүүдийн 45 хувийн дэмжлэгийг 57 хувь, 30 хүртэл насныхны 46 хувийн дэмжлэгийг 56 хувь болгон тус тус ахиуллаа.


Ардчилсан Намаас ерөнхийлөгчийн сонгуульд Жо Байдэнийг нэр дэвшиж буйд сэтгэл хангалуун байгаа эсэх талаарх нийт сонгогчдын санал асуулгад 37 орчим хувь нь сэтгэл хангалуун гэсэн үзүүлэлт Камила Харрисыг дэвшиж байгаад 81 хувь болж огцом өсөөд байна. Энэ талаар Бүгд найрамдах намын нэр дэвшигч Доналд Трампын сонгуулийн штаб энэ бол түр зуурын үзэгдэл хэмээн тодорхойлж байна. Трампын сонгуулийн штабын ажилтан Тони Фабрицио “Өнөөдрийн энэ болж буй өөрчлөлтүүд урьд өмнө гарч байгаагүй шинэ орчин үеийн үзэгдэл. Камила Харрисын үнэлгээ ерөнхийлөгчийн нэрээ татсанаас хойш өсөх нь ойлгомжтой. Гэхдээ ердөө ойрын хэдхэн өдөр үргэлжлээд буцаад буух болно” гэжээ.


Түүнчлэн дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж олны анхаарлыг татаж буй Камила Харрис, ерөнхийлөгч Жо Байдэны хамтаар Израилын ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай уулзлаа. Газын зурвасын мөргөлдөөний үед Жо Байдэн Израилын талыг идэхтэй дэмжсээр ирсэн.


Энэ нь ч америкийн сонгогчдод таагүй болохыг хэд хэдэн санал асуулгын дүн нотолж байсан юм. Харин сүүлийн өдрүүдэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар Израилд гал зогсоох хэлэлцээрийг хийхийг санал болгож Цагаан ордонд ерөнхий сайдыг хүлээн авч уулзлаа. Нетаньяхуг угтахдаа Камила Харрис “Та бидэнд хэлэлцэх асуудал олон байна” хэмээн Жо Байдены үгийг давтжээ. Уулзалтын үеэр Цагаан ордныг тойруулан нэмэлт хамгаалалт гаргаж эсэргүүцэгчдээс хамгаалж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан байна. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жон Кирби “Газын зурваст Израил-ХАМАС-ын хооронд гал зогсооход санал зөрөлдөөн бий. Гэвч нөхцөл байдал одоо хэлэлцээр байгуулахад урьд урьдынхаас илүү ойртох боломж гарч ирсэн” хэмээн хэвлэлд мэдээлсэн байна.


АНУ-ын хамгийн анхны өнгөт арьст ерөнхийлөгч Ардчилсан намаас дэвшсэн Барак Обама, Камила Харрисыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Ингэснээр хэрэв Камила Харрис Газын зурваст гал зогсоох асуудалд тодорхой шийдвэр гаргах боломж бүрдүүлж чадвал тэрээр ирэх сонгуульд ялалт байгуулж магадгүй асар том нөлөө үзүүлэх боломжтой хэмээн ажиглагчид үзэж байна.


Н.ЖАРГАЛ


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин