sonin.mn

Өнөөдөр Монголын ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан өдөр. Тэрбээр 1998 оны аравдугаар сарын 2-нд гэртээ алагдсан бөгөөд түүнээс хойш 28 жил өнгөрч байна.

Энэ өдөр С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт гурван шатны шүүхээс ял сонсож байсан Т.Чимгээд нийслэлийн зүгээс хоёр удаа орон сууц олгосон гэх баримтыг дэлгэж байна.


Улсын Дээд шүүх 2017 оны наймдугаар сарын 4-нд Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан тэдэнд тус бүр 20 жилийн хорих ял оногдуулсан байдаг.


Харин 2025 оны нэгдүгээр сарын 10-нд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар А/31 дугаартай захирамж гаргаж, Т.Чимгээд Сонгинохайрхан дүүргийн VIII хороо, Баянхошуунд байрлах 39.4 ам метр талбайтай, хоёр өрөө орон сууц олгохоор шийдвэрлэжээ.

Тус орон сууцны үнэ болох 128 сая 709 мянга 398 төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг НЗДТГ-ын дарга Т.Амгаланд даалгасан байна.

Гэтэл үүнээс дөрвөн жилийн өмнө буюу Д.Сумъяабазарыг Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх үед Т.Чимгээд мөн орон сууц шилжүүлсэн гэх өөр нэг баримт байна.


2021 оны тавдугаар сарын 2-нд ГЧ-2194 дугаартай “Иргэн, аж ахуйн нэгжийн газрыг орон сууцаар арилжих гэрээ” байгуулжээ. Уг гэрээгээр Баянзүрх дүүргийн XIX хороо, Цайзын 5а гудамжны 264 тоотод байрлах, өөр иргэний өмчлөлийн 590 ам метр газрыг Хан-Уул дүүргийн XXI хороо, “Буянт-Ухаа-2” хорооллын 1054 дүгээр байрны хоёр өрөө орон сууцаар арилжихаар тусгасан гэх мэдээлэл байна.


Эндээс хамгийн их анхаарал татаж байгаа асуудал нь тухайн хоёр өрөө орон сууцыг газрын өмчлөгчид бус Т.Чимгээд олгосон гэх нөхцөл байдал юм. Хэрэв гэрээ, өмчлөл шилжүүлсэн баримтууд үүнийг нотолж байгаа бол тухайн арилжаа ямар хууль зүйн үндэслэлээр хийгдсэн, Т.Чимгээ ямар үндэслэлээр орон сууц хүлээн авсныг нийслэлийн удирдлагууд тайлбарлах шаардлагатай.


Ингэснээр Д.Сумъяабазар хотын даргаар ажиллаж байсан 2021 онд нэг удаа, Х.Нямбаатар хотын даргаар ажиллаж байсан 2025 онд дахин нэг удаа Т.Чимгээ орон сууц авсан гэх асуудал сөхөгдөж байна.

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүхийн түүх ч ээдрээтэй. Тэдэнд 2017 онд гурван шатны шүүхээс ял оноосон боловч хожим өмнөх шийдвэрүүд хүчингүй болж, хэргийг дахин шалгах ажиллагаа явагдсан. Иймээс тэдний өнөөгийн эрх зүйн байдлыг 2017 оны ял шийтгэлээр нь дангаар тодорхойлох боломжгүй.

Гэхдээ үүнээс тусдаа нэг асуулт хариулт нэхэж байна.

Нийслэл ямар хууль, журам, шалгуурыг үндэслэн нэг иргэнд хоёр удаа орон сууц олгосон бэ?


Өнөөдөр олон мянган өрх орон сууцны зээл, ипотекийн санхүүжилт хүлээж байгаа нөхцөлд төсвийн болон нийслэлийн хөрөнгөөр орон сууц олгох шийдвэр бүр ил тод, хууль ёсны, нийтэд тайлбарлагдах үндэслэлтэй байх учиртай.


Ялангуяа Монголын улс төрийн түүхэн дэх хамгийн дуулиантай, өнөөдрийг хүртэл олон асуулт дагуулсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдон шүүхээр ял шийтгүүлж байсан хүнд нийслэлийн зүгээс хоёр удаа орон сууц олгосон гэх асуудлыг “тохиолдлын давхцал” хэмээн өнгөрөөх боломжгүй.

2021 оны орон сууцыг Т.Чимгээд яг ямар шийдвэр, шалгуураар шилжүүлсэн бэ? Газрын өмчлөгч өөр хүн байхад орон сууц яагаад Т.Чимгээд очсон бэ? 2025 онд өмнө нь орон сууц авсан эсэхийг шалгасан уу? 128.7 сая төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах ямар үндэслэл байсан бэ?


Эдгээр асуултад Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нар баримтаар хариулах ёстой.


С.Сэдэд