sonin.mn

Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Харин энэ удаа Украинд дайн өдөөчихөөд ялахгүй байгаа шалтгаан нь Оросын цэргийн энэ их хохирол, зэвсэг техникээ хайр гамгүй зарцуулж сөнөөлгөж байгаад оршино. Ялахгүй байгаа олон шалтгааны нэг чухал нь гэдэг санааг дор буулгав.


“У Кремля ЗАКАНЧИВАЮТСЯ ТАНКИ! Россиянам НЕЧЕМ ВОЕВАТЬ!” гэсэн сэрэмжлүүлэг оросын цэргийн шинжээч өөрөө хийж постолсон байна. Энэ бол Оросын хувьд эх орныхоо төлөө хийж байгаа эх орны дайн биш, энэ бол түүхэндээ анх удаа мөнгөөр байлдаж буй арилжааны дайн гэж ярьжээ. “коммерческая война”–гэж шууд нэрлэв. 


Гэхдээ тийм арилжааны дайн цаг наргүй биш ээ. Мөнгө хэрэгтэй бол ядуу, өртэй, завтай ямар ч хүн хийж болдог дайн. Орост тийм хүн, тийм гэр бүл олон байгаа тулдаа албадангийн татлага дайчилгаа явуулахгүй алагдсан хүнээ нөхөөд араас нь илгээж чадаад байна. Харин тэд гар нүцгэн фронт дээр очих болохгүй. Тэглээ л бол дуус аа.

Оросын арми дэндүү их хохирол амсан 100-хан метр газрыг хэдэн мянган хүний амиар давшин эзэлж байгаагаас 2025 он гэхэд оросын армийн запас барагдаж мэдэхийг барууны төдийгүй оросын өөрийнх нь шинжээчид анхааруулжээ. Цэрэг-аж үйлдвэрийн цогцорборын үйлдвэрлэл унаж эхэлсэн, Зөвлөлтийн зэвсэгт хүчнээс өвлөж авсан зэвсэг-техникийн сан дундарсан, одоо төгсгөл рүүгээ явж байна. Фронтын явцаас харвал Оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцорбор хангалт тэр бүр хийж чадахгүй, одоо БНАСАУ, Хятад, Иран, Беларусиас нэгэн зэрэг нөхөн хангалт хийлгэж байгаагаас үзвэл цаад 4 улс хамаг байдгаа дайчлаад ч тийм хангалтыг нь шувтан хийгээд байж чадах уу гэдэг цаг хугацааны асуудал болжээ.



Тэгвэл Украины зэвсгийн сан дундрахгүй. Өөрсдөө үйлдвэрлэж байна. Байгаагаа сайжруулж байна. Шинийг бүтээж байна. Дэлхий дээр ДРОНЫ АРМИ-тай хүчирхэг Украин буй болж байна. Дэвшилт, соёлт хүн төрөлхтөн Украины талд байна. Зүйл бүрээр туслаж байна. Батлан хамгаалахын тусламж тасралтгүй очиж байна.  


Энэ жил олон сонгууль давхцаж байна. Барууны орнуудаас Их Британи анхаарлын төвд байна. Хэрэв Трамп АНУ-д Ерөнхийлөгчийн сонгуульд ялаад Украиныг Оростой найрамдахыг шахаж зэр зэвсгийн тусламжаа зогсоовол зөрүүлээд Европ хэрхэх вэ, дэмжлэгээ Трампын аясаар зогсоох уу гэдэгт хариултаа аль хэдийнээ өгчээ. Британийн зүүн төвийн лейборист Засгийн газар шийдэмгий алхам руу шилжжээ. Өмнө консервативчуудын өгч дэмжиж байсныг давуулна гэжээ. Герман, Францтай цэргийн хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ, бэхжүүлнэ, “Хэрэв АНУ-д Трамп ялбал тэр ялалт нь Европын аюулгүй байдлын хувьд катастроф (сүйрэл) болчихгүйн тулд батлан хамгаалах пакт байгуулна” гэж мэдэгджээ.


Британийн шинэ Ерөнхий сайд Кейр Стармер “Европын холбоотнууд” гэдгийг өндөрт тавьж харилцахаа зарлаж, Германтай батлан хамгаалах хамтын ажиллагааны хэлэлцээр яаравчлан байгуулав. Улмаар Европ дахь туур гэдгээ хийж, Франц, Польш, Эстонд айлчлав. “Европын аюулгүй байдал манай Засгийн газрын тэргүүлэх чиглэл байх болно гэдгийг эдгээр айлчлалууд харуулна, тодорхой дохио сануулга болно” хэмээн Батлан хамгаалахын сайд нь мэдэгджээ. Дохио сануулга гэдэг нь Орост хандуулж хэлсэн үг болов уу. Бас Трампад ч хандуулж битүүхэн хэлсэн биз.
 

Стокгольмын энх тайван судлалын олон улсын хүрээлэнгийн мэдээгээр, Их Британи, Герман хоёр бол Украин руу чиглэсэн Европын тусламжийн хоёр том донор улс бөгөөд 2023 онд батлан хамгаалах зардалдаа Британи нь 74.9 тэрбум евро, Герман нь 66.8 тэрбум евро төсөвлөсөн ажээ. Энэ их мөнгөн дүн шинэ хэлэлцээрээр хамтран хорших болж байна. Умард Атлантын аюулгүй байдлыг бэхжүүлэх, хамтарсан операцын үр өгөөжийг дээшлүүлэх, тухайлбал кибер орчноо хамгаалах, Украиныг дэмжихэд чиглэх болно хэмээн Британийн Батлан хамгаалахын сайд хэлж байна.



Их Британи, Германы дэмжлэг гэхэд л Орост БНАСАУ, Хятад, Иран, Беларусиас өгдөг тусалдагаас олон дахин давж байна.

Энэ бол интернэт ертөнцөд явж байгаа ердийн ил мэдээ. Нууцлаад байх зүйлгүй. Оросын тархи угаалтад угаартаад мэдээллийн буруу ваакум дотор төөрч яваа монголчууд минь Орос террорист дайндаа ялахгүй байгаа, ялахгүй байх цаад шалтгааны зах зухаас орчуулж сонирхуулж байна. Оросын түрэмгийллийг зөвтгөдөг троллууд хэрэв орос хэлний зах зухыг гадарладаг бол хаанаас ч олоод үзчихэж болно шүү. Хүнлэг ёсны төлөө, эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө, газар нутгийнхаа төлөө ариун дайн хийж буй Украины ард түмнийг амны зоргоор муулж тэнэгтэхээ больцгоох уу? 

               

 Орчуулж тайлбарласан Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)