МОСКВА, 2024 оны долоодугаар сарын 22 /РИА Новости/. Саудын Арабын хөл бөмбөгийн "Аль-Иттихад" клубын удирдлага Бразилын шигшээгийн хаалгач Эдерсоныг багтаа элсүүлэн авахын тулд Английн “Манчестер Сити”-д 60 сая евро төлөхөд бэлэн байгаа ажээ. Энэ тухай Daily Mail сонинд бичсэн байна.
Өмнө нь спортын сэтгүүлч Фабрицио Романо мэдээлэхдээ, бразил хаалгач Саудын Арабын “Аль-Наср” багт шилжин очихыг зөвшөөрсөн гэж байсан юм. Гэтэл түүнийг авахын тулд тус баг 30 сая еврог санал болгосон нь “Манчестер Сити” клубынхны санаанд нийцээгүй бөгөөд үүнээс даруй хоёр дахин их мөнгөөр Эдерсоныг худалдана гэдгээ мэдэгджээ. Удалгүй Премьер Лигийн аварга багийн санал болгож буй үнийг “Аль-Иттихад” клуб зөвшөөрсөн бололтой.
Өдгөө 30 настай Эдерсон 2017 оноос хойш “Манчестер Сити”-д тоглож байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Английн аваргаар 6 удаа, Английн цомын аваргаар 2 удаа, Английн Супер цомын аваргаар 4 удаа шалгарснаас гадна Аваргуудын лиг, УЕФА-гийн Супер цом, Дэлхийн клубүүдийн АШТ-нд түрүүлсэн юм.
Тэрбээр мөн Бразилын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2019 оны Америкийн цомд аваргалсан байна. Харин нүдний ухархай нь гэмтсэн тул саяхан болж өнгөрсөн COPA AMERICA-д оролцоогүй юм.
Өнгөрсөн улиралд Эдерсон нийт 43 тоглолтод оролцсоноос 16 тоглолтонд гоол алдаагүй байна. Transfermarkt цахим хуудсанд бичсэнээр бол, хаалгачийн зах зээлийн үнэлгээ нь 35 сая еврод хүрсэн ажээ. “Сити”-тэй байгуулсан түүний гэрээ нь 2026 оны зун дуусгавар болох ёстой.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл0