sonin.mn

“Эрүүл мэндийн төв” гэх ажил амьдралын нэгэн бүлдээ идээшин дасаж, үүрэг хариуцлага гэдэг сэтгэл зүтгэлийнхээ уур амьсгалд ижилсэн жигдрээд байсан хамт олон нэг л өдөр гэнэтхэн “үүрээ эвдүүлсэн шоргоолж” шиг болсон нь манай өнөөгийн улс төрийн тогтолцооны “салхи” шалихгүй хөдөлсөн төдий хэрэг л дээ! Өөрөөр хэлбэл манай улс төрчдөд нийгмийн амьдрал “эвдрэнэ үү, бутрана уу” хамаагүй! Ингэж хэлэхийн учир нь манай эрх баригч нам бүлэглэлүүдийн “томилсон” төрийн албан хашигчдын хувьд өөрсдийнх нь албан тушаал чухал болохоос бус төрийн байгууллагуудын ажил ямар байх нь огт падгүй. Үүний нэгэн жишээ болох баримтыг одоо үгүүлье. Байгууллагынхаа ажилд санаа зовсон хэдэн хүн Монгол улсын Төрийн албаны зөвлөл болоод, ЭМЯ-ны Төрийн албаны салбар зөвлөлд дараахи өргөдлийг өгчээ.


Тус өргөдөлд:


“Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргаар 2024 оны 04 дүгээр сарын 01-нд гэнэт шинээр томилогдон ирсэн А.Сувдаагийн хууль бус үйл ажиллагааны улмаас тус ЭМ-ийн төвийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, цаашид хүн амын эрүүл мэндийг хамгаалах ажил үйлчилгээнд ноцтой хор, хохирол учруулах нөхцөл байдал бий болоод байна.

 

Тухайлбал:


1.А.Сувдаа нь томилогдон ирснээс хойшхи 2 сар хүрэхгүй хугацаанд тогтвор суурьшилтай ажиллаж ирсэн, ажил мэргэжилдээ туршлагажсан тус төвийн 10-аад эмч, сувилагч, ажилтныг шалтгаангүйгээр ажлаас халж, бусад ажилтнуудыг ч сайн дураараа өргөдлөө өгч ажлаас халагдахыг шахаж шаардах болсон нь гар нийлсэн хамт олны ажил албандаа анхаарч, амар тайван ажиллах санаа сэтгэлийг нь хямраан алдагдуулж байна.

 

2.Тус төвийн аж ахуйн даргаар ажиллаж байсан хүнийг ямар ч шалтгаангүйгээр ажлаа өг гэж шахаж шаардан, ажлаа өгөөгүй байхад нь Шүд, эрүү нүүрний төвд ажилладаг Б.Цэрэндаваа гэх хүнийг авчиран аж ахуйн даргаар 2024 оны 05 сарын 01-нээс тушаал гарган давхар ажиллуулж, мөн хуучин няравыг ажлаа өг гэж шаардан, ажлаас чөлөөлөөгүй байж, 05 сарын 06-ны өдрөөс тушаал гарган мэргэжлийн бус /санхүү няравын мэргэжилтэй эсэх нь тодорхойгүй/ Соёлмаа гэх эмэгтэйг авчиран давхар ажиллуулах зэргээр санхүү, нягтлан бодох бүртгэлийн хууль дүрэм зөрчсөн, цалин хөлсний маргаантай асуудал үүсгэсэн олон зөрчил гаргах болсон. Энэ бүхнийг Хүний нөөцийн ажилтан /Хүний нөөцийн дарга гэх албан тушаалыг нь ажилтан болгож/ Ч.Энхбаясгаланг ашиглан хийлгэж байгаа нь түүнийг эрхшээлдээ оруулан “хүний гараар могой бариулж” буй үйлдэл болж байна.

 

3.Зарим нэгнийг бүр “Өөрөө өргөдлөө өгч халагдахгүй бол хэрэг тохож гэмт хэрэгтэн болгон шийтгүүлж чадна шүү!” гэж заналхийлсэн тухай, ажлаа хийж буй хүнийг Хүний нөөцийн ажилтан Ч.Энхбаясгалантай хамтран өрөөнд оруулж түгжиж байгаад “ажлаас гарах өргөдлөө бич!” гэж шаардсан, тэр ч байтугай ажлаа танилцуулахаар өрөөнд нь орсон ажилтныг “Чи уулзах цаг авч байж орж ир!” гэж хөөж гаргасан тухай ч яригдаж байгаа.

 

4.Халагдсан ажилтнуудын оронд ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр, өөрөө дур мэдэн танил тал, ах дүүсийн хүмүүсээ авч, тушаал дэвшүүлж байна. Баримт нь, утсаар мэдээлэл авах үйлчилгээнд ажиллаж байсан өөрийн эгчийн охин Үүрийнтуяаг өрхийн мененжерээр тушаал дэвшүүлсэн.

 

5.Өмнөх даргын үед хамтран ажиллах ажил хэргийн зайлшгүй хэрэгцээ шаардлагаар байгуулсан гэрээнүүдийг хүчингүй болгож, бүх зөвлөх, гэрээт ажилчдын гэрээг цуцлаж, өөр хүмүүсээр сольж байгаа нь хүн амд эрүүл мэндийн үйлчилгээ хүргэх ЭМ-ийн төвийн үүрэг зорилгыг хөсөр хаяж, хувийн ашиг сонирхол бүхий бүлэг үүсгэж байна гэж хардахаар байна.

 

6.Мөн А.Сувдаа нь эмнэлгийн өрөө тасалгааны ашиглалтыг дураар өөрчилж, 4 дүгээр давхарт удирдлагын багийг шилжүүлэн, өөрөө 3 өрөөг эзэмшин, Хүний нөөцийн ажилтан, Мэдээлэл технологийн албаны дарга, Өрхийн менежер зэрэг “дарга” нарыг ганц ганцаар нь тусдаа өрөөнд суулгадаг болсон. Үүний улмаас хэвтэн эмчлүүлэгчдийг хүлээн авах орны тоо 100 байсан нь 60 болж хорогдон, эмнэлгийн үйлчилгээний хүчин чадал буурсан төдийгүй, нэг өрөөнд 6-7 өвчтөн хэвтэх болсон нь хэвтэн эмчлүүлэгчдийн нөхцлийг хүндрүүлсэн.

 

7. Дүүргээс 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн засвар шинэчлэлтээр 3, 4-р давхрыг хэвтэн эмчлүүлэх өрөөнүүд болгож, өвчтнүүдэд зориулсан хүчил төрөгчийн ханын системийг байрлуулсан нь өрөө тасалгааны ашиглалт, зориулалтыг өөрчилсөн А.Сувдаа даргын энэхүү тансаглалын улмаас ашиглалтгүй болсон.

 

8.Түүгээр ч зогсохгүй 3 дугаар давхарт уламжлалт эмчилгээний тасгийг оруулсан нь төөнүүр гэх зэрэг /ил гал гаргах/ эмчилгээ хийх тохиолдолд ханын хүчил төрөгчийн систем нь дэлбэрэх эрсдэл гарч болохыг ч аюулгүй байдлын үүднээс анхаарах ёстой байх аа.

 

9.ЭМ-ийн төвийн ажилд анхаарахаас илүүтэйгээр хувийн ашиг сонирхлоо тэргүүнд тавьж ЭМ-ийн даатгалаас орж ирсэн мөнгийг шаардлагатай эмчилгээний хэрэгсэлд зарцуулалгүй саатуулж, ажилчдын нийгмийн асуудал шийдэх нэрээр хувцас хэрэглэл авахаар, хувийн байгууллагад мөнгө шилжүүлдэг болсон. Үүнээс болж гемодиализ эмчилгээ удаа дараа тасалдаж байсан.

 

10. Өмнөх даргын хэрэглэж байсан компьютер болон бусад хэрэгсэл байсаар байхад компьютер болон бусад эд зүйлсийг дахин шинээр авсан зэрэг үр ашиггүй зардал ч их гаргах болсныг ч ЭМ–ийн төвийн ажилтнууд нийтээрээ мэдэж байгаа.

 

11. Түүнчлэн эмнэлгийн үйлчилгээний машиныг даргын унаа болгож ашигладаг болсноор үндсэн ажил үйлчилгээгээ хийж амжихгүй болсон ээлжийн жолооч нар ч бухимдал, дарамттай болоод байгаагаа ярьцгааж байна.

 

“Би том ар талтай шүү! Миний ард Алдаржавхлан бий” гэх үгийг нэг биш удаа унагаж байсан Хан-Уул дүүргийн ЭМ-ийн төвийн дарга А.Сувдаагийн энэ мэт зохисгүй үйл ажиллагаа, зан суртахуун, дураар авирлал нь тус байгууллагын хэдэн хүний ажил алба, эрх ашгийг хөндөж буй асуудал төдий биш, салбарын үйл ажиллагааны ёс зүйд харшилсан, цаашлаад ард иргэдийн эрүүл мэнд, амь насанд хохирол учруулах, таслан зогсоох шаардлагатай зүй бус явдал гэж бид үзэж байгаа тул нэн даруй шалгаж, засаж өөрчлөх арга хэмжээ авахыг хүсэж энэхүү өргөдлийг бичлээ.” хэмээн дурьджээ.


Тун ноцтой мэдээлэл шүү!

 

Харин ЭМЯ-наас гомдол гаргагчдад 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2/159-Ө тоотоор өгсөн, хариу албан бичигтээ:

 

“Таниас Төрийн албаны зөвлөлийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлд хандан, Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргаар томилогдсон А.Сувдаагийн талаар гомдол гаргасан байна. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан журамд салбар зөвлөл нь харъяалах байгууллагын хүний нөөц сонгон шалгаруулалт болон маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой асуудлыг хариуцан шийдвэрлэхээр заасан байдаг. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.1 дэх заалтад Ёс зүйн дэд хороо өөрийн байгууллагын албан хаагчийн болон харъяалах байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтны ёс зүйн талаар ирүүлсэн гомдол, мэдээллийг шалган шийдвэрлэхээр заасны дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Ёс зүйн хяналтын дэд хороонд А.Сувдын ёс зүйн зөрчлийн талаар дүгнэлт гаргана. Иймд гомдлыг харъяаллын дагуу Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Нийслэл дэх салбар зөвлөл болон Нийслэлийн эрүүл мэндийн газарт хандаж шийдвэрлүүлнэ үү! Хувийг иргэн ......нарт Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат” гэжээ.

 

Монгол улсын Эрүүл мэндийн салбарыг хариуцдаг Яамны өгч байгаа хариу энэ. Албан бичгийн утга нь ердөө л “Та нар төвийн даргыг томилсон хүнтэй л ярь” гэсэн байгаа биз дээ! Нийслэлийн нэг дүүргийн иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээнд хохирол учраад байгаа ноцтой мэдээллийг зөвхөн ганц даргын ёс зүйн асуудал төдийхөн мэтээр хариу өгч суугаа, Монгол улсын ЭМЯамны хийдэг ажил, хариуцдаг үүрэг нь ийм л ядмагхан ажээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрынхаа ажлыг засаж залруулах үүрэггүй, манайд хамаагүй гэж суугаа, хийх ажилгүй, ийм Яам байх хэрэг байна уу?! Гэтэл тэрхүү Нийслэлийн ЭМ-ийн газарт “ёс зүй” нь хамаарах даргын хийсэн ажил ямар үр дагаварт хүргэснийг өөр нэгэн эмгэнэлт мэдээнээс харж болно.


Цахим мэдээллийн хэрэгслээр цацагдсан тэрхүү мэдээнд:

 

"Урьд шөнө буюу 2024 оны зургаадугаар сарын 13-ны шөнө 01:30 цагт ХУД-ийн Цагдаагийн нэг дүгээр хэлтэст Эрүүл мэндийн нэгдлийн хоёр дугаар давхрын цонхоор хүн унасан гэх дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу очиход тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 50 настай эмэгтэй Д унаж, амиа алдсан байжээ. Цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж байна. ХУД-ийн Нэгдсэн эмнэлгийн дарга нар өчигдөр Солонгос улс руу аяллаар явсан ажээ.” гэж мэдээлсэн. Хэвтэн эмчлүүлэгч өвчтөн амьсгаа нь давчдах, дотор нь муухайрах, зүүдэлж босох, бие нь гэнэт хямрах ... гээд юу ч тохиолдож болно. Тиймээс л эмч, сувилагч нар жижүүрлэж ажилладаг. Гэтэл ... Ажил үүргийн эзэнгүйдэл, цалгардал үүсгэсэн нөхцөл байдлын наад захын үр дагавар энэ. Гэвч энэ эзэнгүйдүүлсэн давралт нь биш, эмгэнэлт мэдээлэл нь л нам дарагдав.

 

Тус хэрэг гарснаас 10 гаруй хоногийн дараа өгч байгаа ЭМЯ-ны дээрхи хайхрамжгүй хариуг Төрийн ажлыг явуулж байна гэх үү, гацааж, тарамдуулж байна гэх үү?! Яагаад асуудлыг өөрсдөөсөө зайлуулж, шийдвэрлэхээс татгалзах болов?! Хэнээс айгаад байна вэ?


Хэн ч хариуцлага хүлээдэггүй, хүлээлгэдэггүй, дураар авирлалын ноёрхлыг хэн бий болгоод байна вэ? Үүнд ганц л хариулт бий. Тэр бол, эрх баригч “хүчин” гэх халхавчийн ард нуугдсан, өөрсдийн ашиг сонирхлоо хангахын тулд төрийн албадыг эрхшээлдээ байлгадаг, юунаас ч үл эмээх, хөрөнгө санхүү, эрх мэдлийн бүлэглэлүүд, тэдгээрийн оршин тогтнолыг хангаж, “зөвтгөж” байдаг “олон намын систем”-т гэх, ард иргэдийг өөр хооронд нь толхилцуулдаг манай өнөөгийн тогтолцоо юм.

 

О.Лхагвадорж