sonin.mn

Энэ удаад монголчууд урьдныхаас шал өөрөөр “сонгуульдаж” УИХ-ыг сонгов. Сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөж, гишүүдийн тоо нэмэгдсэн. Энэ нь олон ч нам, эвслүүдийг “урих” шиг боллоо. Мөн сонгогчдын ирц өмнөх сонгуулиудаас илтэд илүү байсныг энд дурдах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, өнгөрсөн жилүүдэд ээлж дараалан илэрсэн том хулгайтай холбоотойгоор улс төрийн намуудад итгэл үзүүлэх байдал эрс багассан.


Энэ нь сонгуулийн өмнө, сонгуулийн сурталчилгааны үеэр илтэд анзаарагдаж байв. Эндээс, дараа дараагийн сонгуульд том хулгайтай эвлэрсэн улс төрийн нам, ийм хулгайд нэр холбогдсон улстөрчдөд УИХ, ер нь Монголын төр хаалттай байх үүд нээгдсэнийг ойлгуулав. Өөрөөр хэлбэл, олон нийт авлигыг үл тэвчих сэтгэл зүйтэй болсон нь энэ сонгуулиар тодорхой харагдлаа.


Дээр хэлсэнчлэн сонгуулийн уур амьсгалд бодитойгоор нөлөөлсөн хүчин зүйл нь УИХ-ын 2023 онд “…УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох тухай” тогтоолын төслийг УИХ-аас хэлэлцэж баталсан явдал юм. Тэр өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар “…УИХ-ын тогтоол батлагдсанаар сонгуулийн тойрог, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоосноор Монгол Улсын улс төрийн шинэчлэл төдийгүй, бүсчилсэн хөгжил, эдийн засгийн хөгжлийн шинэ эрин үе ирж байна” гэж байв. Протоколд ингэж үлджээ. Ингээд Монголчууд УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэх аргаар сонгохоор болсон.


Энэ дагуу орон нутагт бүсчилсэн долоо, Улаанбаатар хотын зургаа, нийт 13 тойргоос 78 гишүүн сонгогдлоо. Нам, эвслүүдийн авсан саналын хуваарилалтаар 48 гишүүн тодорлоо.


МАН тойргоос 50, жагсаалтаар 18, нийт 68, АН тойргоос 26, жагсаалтаас 16, нийт 42, ХҮН нам тойргоос хоёр, жагсаалтаас зургаа, нийт найман гишүүнтэй болж байна. Мөн ИЗНН, Үндэсний эвсэл хоёр авсан саналынхаа хувиар жагсаалтаар тус бүр дөрвөн гишүүнтэй болов. Өөрөөр хэлбэл, дөрвөн нам, нэг эвсэл УИХ-ыг бүрдүүлж байна. Тэгвэл энэ сонгуулийн үр дүн Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулиар оруулж, тогтолцоог, “тоо”-г өөрчлөхдөө “жишиг загвар” болгож ярьцгааж байсан Шинэ Зеландын 2020 оны нэгдсэн сонгуулийн дүнтэй яг дүйж гарчээ. Шинэ Зеланд нь Үндсэн хуульт засаглалтай, нэг танхим бүхий парламенттай дэлхийн 14 улсын нэг юм. Улс төрийн эрх мэдлийг парламент нь Ерөнхий сайдын удирдлага дор барьдаг. Түүнчлэн тус улсын нээлттэй эдийн засаг дэлхийн хамгийн чөлөөт зах зээлийн капиталист эдийн засгийн нэг гэгддэг. Тэгвэл тус улс 2020 оны сонгуулийг холимог пропорциональ системээр явуулсан байдаг. Тодруулбал, тэднийх 120 суудалтай төлөөлөгчдийн танхимтай. 72 нь томсгосон тойргоос сонгогддог. Харин 48 нь нам доторх гишүүдийн нууц жагсаалт, оноолтын дагуу тодруулсан.


Тухайн үед Шинэ Зеландын зүүн төвийн үзэл баримтлал бүхий Хөдөлмөрийн нам нь 65 суудал, Үндэсний нам нь 33 суудал, Ногоон нам, Маори зэрэг нь 22 суудал авсан байдаг. Гол нь энэхүү бүсчилсэн том тойрог бүхий холимог тогтолцоо бүхий системээр сонгууль явуулсны үр дүн нь “…УИХ-ын үйл ажиллагааг сонгодог мэтгэлцээний зарчмаар явуулдаг. Засгийн газрын танхимд тавих хяналтыг сайжирдаг. Иргэний нийгмийн төлөөллийг парламентад нэмэгдүүлдэг” гэдэг.


Ямартаа ч манай саяын сонгуулиар иргэний нийгмийн, нийгмийн сегментүүдийн төлөөлөл хангалттай л орох шиг боллоо. Мөн нийт гишүүдийн бараг тал нь эмэгтэйчүүд орж байжээ. Манайх ч энэ удаад 32 эмэгтэй гишүүн гэдэг өнгөрсөн жилийн хуулийн өөрчлөлтийн үр дүн гэж болно. Үүнээс гадна, эрх баригчдын анх энэ тогтолцоо, “тоо” хоёрыг өөрчилснөөр гарах үр дүнг “тооцоолж” байсан нь бодитой хэрэгжих үү гэдэг асуулт гарч ирнэ. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аль 2019 онд “…Улс орон яавал хөгжих вэ гэдэг чухал. Хувь гишүүдийн тоглолт байхгүй болно. Жижиг тойрог дээр мөнгөөр сонгогддог, хуралдаандаа ирдэггүй гишүүд сонгогдох боломжгүй болно. Сонгуулийг томсгосон тойргоор явуулснаар улсын хэмжээний томоохон хөтөлбөр хэрэгжинэ. Өнгөрсөн хугацаан гацаж байсан томоохон бодлого хэрэгжиж, бодлогын гажуудал засагдана. Хувь гишүүний хувьд энэ бодлогыг дэмжиж байгаа” гэж байв. Түүнчлэн УИХ-аар 2023 оны тавдугаар сарын 31-нд Үндсэн хуулийн тэрхүү нэмэлт өөрчлөлтийг баталсны дараа “…УИХ-ын эрхэм гишүүд та бүхэнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг санаачлагчийн хувьд талархал илэрхийлье. Үндсэн хуульд орж байгаа сонгуулийн тогтолцооны асуудал нэг өгүүлбэр боловч суурь реформ хийгдэж байна. Энэ бол шинэ 30 жилийг эхлүүлэх тоглоомын дүрэм гэж ойлгож болно. Улс төрийн намууд, эрх баригчид сонгууль дөхөхөөр өөрсдөдөө зориулан тоглоомын дүрэм зохиодог алдаа энд хүрээд цэг тавигдлаа. Цаашид энэ “тоглоомын дүрэм”-ээр дараа дараагийн сонгуульд оролцоно. Нэг гишүүнд оногдсон эрх мэдлийн төвлөрөл өнөөдрийн санал хураалтаар цэг тавигдаж байна. Хууль тогтооход нэг гишүүн хоёр гурван Байнгын хороонд давхар ордог, хууль хяналтгүй батлагддаг асуудал түүх болж байна. Цаашид нэг гишүүн нэг л Байнгын хороонд ордог байх реформ хийгдлээ. УИХ-ын гишүүн байх нь өөртөө давуу байдал олгох асуудал эцэс боллоо.


УИХ, Засгийн газар өнгөрсөн 30 жилийнхээ алдааг дүгнэж, шинэ 30 жилийг эхлүүлэхийн төлөө явж байна. Олон алдаа завхрал, ололт амжилт бий. Сайныг сайнаар, мууг муугаар ил тод болгоод явж байна. УИХ-ын гишүүдээс эр зориг, алсын хараа шаардсан хүнд хэцүү өдрүүд байлаа.


Энэ асуудал олон удаа яригдсан ч шийдэгдэж чадаагүй 20-иод жил болсон. Цар тахалтай, дайн тулаантай нөхцөл байдлын дундуур энэ парламентын хийсэн түүхэн реформ түүхэнд үлдэнэ гэдэгт гишүүд та бүхэн итгэлтэй байж болно. Засгийн газраас өргөн барьсан төслөөр гишүүдийн тоог 152 болгож төлөөлөх эрхийг хоёр дахин нэмэгдүүлэх байсан. АН-даа хүндэтгэлтэй хандаж, ҮБХ-ны шийдвэрийн дагуу 126 гишүүнтэй болох зөвшилцөл хийгдсэн. АН энэ асуудлуудыг санаачилж дэвшүүлсээр ирсэнд талархал илэрхийлье. Энэ бол та бүхний манлайлал, дэвшилттэй үзэл баримтлал парламент дээр хэлбэржиж байна. ХҮН-д талархал илэрхийлье. Бидний хувьд нийгмийнхээ захиалга, ирээдүйг мэдэрч, аливаа асуудалд хүлээцтэй, цөөнхтэй хүндэтгэлтэй хандах зөвшилцлийн хүрээнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж байна. Монгол Улс жинхэнэ утгаараа олон намын тогтолцоо руу орж байна. Нийгмийн сегментүүд рүү хандсан өөрчлөлт гарна. Хилийн чанадад байгаа монголчуудын төлөөлөл парламентад орж ирэх, саналаа өгөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд парламентад орж ирэх үүд хаалга нээгдэж байна. Энэ бол гагцхүү намуудын бодлогоос хамаарна. Намууд үзэл санаагаараа мэтгэлцдэг байх үүд хаалга нээгдэж байна. МАН социал-демократ үзэл баримтлалтайгийн хувьд багш, эмч нар болон шинжлэх ухаан, соёлын салбарыг илүү чухалчилна. АН либерал үзэл баримтлалтай намын хувьд хувийн хэвшил, хүний суурь эрхтэй холбоотой олон төлөөллийг оруулж ирэх үүд хаалга нээгдэж байна. ХҮН сэхээтний давхаргыг төлөөлж байгаа шинэ улс төрийн хүчний хувьд маш том хэмжээний үүд хаалга нээгдэж байна. Парламентад суудалгүй байгаа намуудад бодитой шударга өрсөлдөөний үүд хаалгыг нээж өгч байгаагаараа онцлоготой юм. Парламентад малчдын, гэр хороололд амьдарч байгаа иргэдийн төлөөлөл орж ирэх нөхцөл бүрдэж байна” гэсэн.


Тэрээр энэ удаад олонхийг бүрдүүлж буй улс төрийн намын даргын хувьд Засгийн газрыг тэргүүлнэ. Тэр утгаараа, түүний энэ үгийг энд сануулах нь зүйн хэрэг юм. Учир нь, бас л манайхархуу геополитикийн онцлогтой Шинэ Зеландын хувьд хамтарсан Засгийн газрыг байгуулж ажилладаг байна. Манайх ч энэ сонгуулийн дараа ийм шийдэл рүү оржээ. Тэгэхээр, хамтарсан Засгийн газар байгуулагдах нь бараг л тодорхой болжээ.



Өчигдрийн байдлаар, УИХ-д суудалтай намууд “хэлэлцээр”-т ороод эхэлсэн гэх мэдээлэл байна. Эх сурвалжуудын мэдээллээр, энэ удаагийн хамтарсан Засгийн газарт олонх болсон МАН, тэгээд АН, ХҮН, ИЗНН-ууд багтах бололтой. Тэд эхлээд Засгийн газрын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр дээрээ нэгдэх юм байна. Намууд өөрсдийн мөрийн хөтөлбөрийг дэлгээд тойрч суухаар болж байна. Ялангуяа, яавал эдийн засгийн үр ашигтай хөтөлбөр “зохиож”, бүтэц зохион байгуулалтын реформ хийх вэ гэдэг дээр эхлээд санал нэгдэх аж. Дараа нь, Засгийн газрын бүтэц тодорхойлогдоно. Түүний дараа ямар намын хэн гэдэг улстөрч аль яамыг толгойлох вэ гэдэг нь тодорхой болно. Одоогоор эдгээр намын “гал тогоо” хавиар иймэрхүү мэдээлэл яригдаж байна.



Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин