sonin.mn

Хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх чиг үүргийг бүх төрийн байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комисс нь төр энэ үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаад хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавьдаг хараат бус, хөндлөнгийн байгууллага юм. ХЭҮК нь хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалахад онцгойлон анхаарч ажилладаг бөгөөд үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг юм. Хэдхэн хоногийн дараа Үндэсний их баяр наадам, аймаг, сумдын баяр наадам болох гэж байна. Иймд унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр холбогдох албанийхан болон хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчийн зүгээс авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар болон амралт, зугаалгын улирал эхэлж байгаатай холбоотойгоор хүүхдийн эрхийг хэрхэн хангах, болзошгүй эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаар ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар дараах мэдээллийг өглөө. Мэдээллийн эхэнд унаач хүүхдийн эрхийн хамгаалах чиглэлээр Комиссоос авч хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл өглөө. Тэрээр "Хурдан морины уралдаан зохион байгуулж буй нөхцөл байдал, байгаль цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан унаач хүүхдэд эрсдэл учирч буй тохиолдол тасралтгүй гарч байна. Хурдан морины уралдаан нь хэдийгээр үндэсний өв соёл боловч бид хүүхдийн амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалах шаардлагатай.


2024 оны эхний хагас жилийн байдлаар 4 хүүхэд хурдан мориноос унаж нас барсан бол 3 хүүхэд гэмтэж бэртсэн.


Үндэсний их баяр наадамд уралдах хурдан морь, унаач хүүхдийн бүртгэл 2024 оны 07 дугаар сарын 08, 09-ний өдөр болох бөгөөд унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хувцас хэрэглэлийн стандартын шаардлага хангаж буй эсэх, даатгалд хамруулсан байдал, эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл бий эсэхэд Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд хариуцан ажиллана" гэдгийг мэдээллээ.


Улмаар Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий шат шатны Засаг дарга нар унаач хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд хангалтгүй ажиллаж байгааг онцлон мэдээллээ.


Энэ талаар тэрээр "ХЭҮК нь хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиг үүрэг хүлээсэн бүх шатны Засаг дарга, холбогдох төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийн хүрээнд 21 аймгийн Засаг даргад Комиссын гишүүний 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 02/28, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт 02/29 дугаар зөвлөмжийг хүргүүлсэн. Энэхүү зөвлөмжид хурдан морины уралдаанд оролцож буй хүүхдэд тавигдах шаардлагыг чанд мөрдөж, зөрчил гаргасан даруйд арилгах, уралдааны замын аюулгүй байдлыг хангуулах зэрэг 11 заалт бүхий зөвлөмжийг хүргүүлсэн. Мөн Комисс нь 2024 оны 07 дугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд Хүй долоон худаг болон Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан, аймгуудад зохион байгуулагдах баяр наадам, бүсийн хэмжээнд зохион байгуулагдах хурдан морины уралдааны үеэр хүүхдийн эрхийг хангах үүднээс хяналт тавьж ажиллана. ХЭҮК нь унаач хүүхдийн эрхийг хангах тэдний дээд эрх ашгийг хамгаалах чиглэлд цаг ямагт онцгой анхаарал хандуулан ажиллаж ирсэн. Тухайлбал, жил бүрийн 11 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 01-ний хооронд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг Засгийн газрын тогтоолоор хориглосон. Гэвч 2024 он гарсаар хориглосон хугацаанд буюу 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Төв аймгийн Сэргэлэн, Баян, Сүхбаатар аймгийн Онгон, Дорноговь аймгийн Хатанбулаг, Дорнод аймгийн Баянтүмэн сумдад хурдан морины уралдаан, үсэргээ зохион байгуулагдсан. Хэдийгээр унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохироогүй ч хүүхдийн эрх ашгийг хамгаалах, холбогдох хууль тогтоомжийг нэг мөр мөрдүүлэх зорилгоор Комиссын гишүүний шаардлагын дээрх аймгуудын Засаг дарга нарт хүргүүлж, хэрэгжилтийг хангахыг даалгасан. Төв, Сүхбаатар, Дорноговь аймгийн Засаг дарга нарын Комиссын шаардлагын дагуу холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцож, хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд шат дараатай арга хэмжээ авч ажилласнаа албан тоотоор Комисст мэдэгдсэн.


Харин Ховд, Дорнод аймгийн Засаг дарга нар нь хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах, Монгол Улсын нэгдсэн орсон гэрээ конвенцоор хүлээсэн үүргийг биелүүлэх зорилго бүхий Комиссын гишүүний шаардлагын дагуу шаардлагатай арга хэмжээ авч ажиллаагүй.


Иймд Комисс дараагийн холбогдох арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөн ажиллаж байна" гэлээ. Үргэлжлүүлэн үе ус, зам тээврийн ослын улмаас хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа талаар мэдээллээ. Тухайлбал, Монгол орны онцлог, байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан зуны улиралд амралт, зугаалах иргэдийн тоо олширч, дагаад хөдөө орон нутгийн авто замын ачаалал эрс нэмэгдэж, зам тээврийн осол гарах тохиолдол нэмэгддэг. Иймд эцэг эх асран хамгаалагчдын зүгээс хүүхдийг болзошгүй эрсдэлээс сэргийлэх, байнгын анхаарал, хараа хяналт тавих, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгаж тээвэрлэж хэвших шаардлагатай байна. 


Холбогдох төрийн байгууллагуудаас авсан мэдээллээр 2024 оны эхний хагас жилийн байдлаар гол усанд живж амиа алдсан хүүхэд 11, зам тээврийн ослын улмаас амиа алдсан 26, бэртэж гэмтсэн 605 хүүхэд байна.


Зам тээврийн ослын олонх нь зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо автотээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, зам тээврийн дүрэм мөрдөөгүй, хүүхэд хамгаалалтын бүс зүүлгээгүй, жолоо барьж байгаа хүний сонор сэрэмж алдагдсанаас үүдэлтэй байна. Тиймээс хөдөө орон нутагт аялал зугаалгаар явах гэж байгаа болон зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангах, хурдаа тохируулах, холын гэрэлтүүлгийн стандарт шаардлагыг хангах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахыг нийт жолооч нар болон эцэг, эхчүүдэд хандаж уриалж байна. Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдээ хараа хяналтгүй үлдээснээс үүдэн хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирох эрсдэл гарч байсан гашуун сургамж олон бий. Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх, цахилгааны ил монтаж, халуун тогоо зэрэг ахуйн хүрээний гэмтэл бэртэл авч болох зүйлээс бага насны хүүхдийг хамгаалахыг мөн эцэг, эх, асран хамгаалагч нарт зөвлөж байна гэв. Сүүлийн жилүүдэд иргэд, хүүхэд, залуучуудын зүгээс цахилгаан скүүтэр ашиглан замын хөдөлгөөнд оролцох байдал эрс нэмэгдсэн. Ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг хэд хэдэн аж ахуй нэгж үйлчилгээ явуулж байна. Гэвч цахилгаан скүүтэр нь замын хөдөлгөөнд хэрхэн оролцох, Авто тээврийн тухай хуульд заасан тээврийн хэрэгсэл мөн эсэх талаар нэгдсэн ойлголт зохицуулалт байхгүй талаар мэдээлэл өглөө.


Энэ талаар тэрээр дараах мэдээллийг өгсөн юм.


Үүнд: Цахилгаан скүүтэр жолоодох, унах эрхийн зөвшөөрөл, насны доод хязгаарыг тогтоосон зүйл байхгүй байна. Тус техникийн хурдыг авч үзэхэд “мопед”-ийн төрөлд орж байна. Ийм хурдтай тээврийн хэрэгслийг 16 наснаас дээш хүн унаж хөдөлгөөнд орох ёстой. Гэвч ямар нэгэн хяналтгүйгээр хүүхэд ашиглаж байна.


Гэмтэл Согог судлалын үндэсний төвөөс авсан мэдээллээр скүүтэрээс үүдэлтэй бэртэж гэмтэж эмнэлгийн тусламж үйлчилгээг 2023 онд 261 хүн авсан. Үүнээс хүүхэд 65 байсан бол 2024 он гарсаар 104 хүн бэртэж, гэмтсэний 45 нь хүүхэд байна. 


Мөн Цагдаагийн байгууллагаас авсан мэдээллээр хүүхэд цахилгаан скүүтэр унаж явахдаа осол гаргаж унаж бэртэж гэмтсэн 8 тохиолдол гарсан. Иймд скүүтэрийг автозамын хөдөлгөөнд хэрэн оролцуулах асуудлыг тодорхой болгох, стандарт баталж мөрдүүлэх асуудлыг шийдвэрлэж дээрх болзошгүй эрсдэлээс олон нийтийг, хүүхдийг хамгаалах шаардлагатай байна гэдэг мэдээлэл өглөө.