sonin.mn

УИХ-ын 2024 оны сонгуулийн дүн гарлаа. Монгол Ардын Нам дарааллан гурав дахь удаагаа олонхи болж, Ардчилсан Нам, ХҮН нам, "Үндэсний Эвсэл", Иргэний Зориг-Ногоон Нам парламентад суудалтай болоод байна. "Ойн баавгай, дэлдэн туулай, үнэг, чоно" бүгд багтсан 126 гишүүнтэй УИХ тун удахгүй тангаргаа өргөнө. Мэдээж баярын найр хөл хөөртэй хавтгайрч, ялалтын бялууг хэрхэн хуваах тухай яриа ид өрнөж байна. Найр, бялуу хуваалт наадамтай зэрэгцэн, намар хүртэл үргэлжлэх нь тодорхой.


Гэвч Монгол Улсын нөхцөл байдал ямар байна вэ?


Олон улсын геополитикийн нөхцөл байдал нэн эгзэгтэй болж, маргааш чухам юу болохыг тааварлахад бэрх шилжилтүүд өрнөж байна. Цар тахлын дараачаас инфляци урьд хожид байгаагүйгээр гэнэт өсч, уг өсөлт нь өнөөдрийг хүртэл тогтмол үргэлжилж, үндэсний мөнгөн тэмдэг болох төгрөгийн ханш улам бүр суларч байна. Мөн манай улсын эдийн засаг огт тэлж хөдлөлгүй нэг л хэмжээндээ гацаад бараг арван жил боллоо. Сарын цалин хоол хүнсэндээ ч хүрэхээ байсныг Долоон буудлын Должин эмээ хэлээд өгнө. Энэ байдлаараа удвал нийгмийн бухимдал тэсрэхгүй гэхийн аргагүй.Иймээс шинэ байгуулагдах Засгийн Газарт ганцхан л зорилт тулгамдаж байна. Энэ нь эдийн засгаа нэн яаралтай тэлэх.


Монгол Улсын эдийн засгийг багадаа 2-3 дахин тэлж байж л үндэсний бүтээмж сайжирч, хуримтлал нэмэгдэн, төгрөгийн ханш чангарна. Товчхондоо бол бидэнд мөнгө, мөнгө, мөнгө бас дахин мөнгө л хэрэгтэй байна.


Үүний тулд гадаадын хөрөнгө оруулалтыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх, ОХУ, БНХАУ-тай дэд бүтэц, уул уурхай, хөдөө аж ахуйн томоохон төслүүдийг түншлэл хэлбэрээр зоригтой эхлүүлэх, "Гуравдагч хөрш" болох улс орнуудтай уул уурхай, эрчим хүчний төслүүд хэрэгжүүлэх, удтал ярьсан, гацсан төслүүдээ урагшлуулах шаардлагатай.


Гэвч энэ бүхэнд хамгийн их саад болдог зүйл нь улс төржилт. МАН хэдий олонхи болсон боловч УИХ-ын суудлын бараг тэн хагас нь өөр нам, эвслийнх.


МАН дотроос цөөн тооны гомдогсод гарахад л Засгийн Газар нь дэнжигнэж, ямар ч төсөл ажил болж чадахгүй нурна. Гэтэл УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдах Засгийн Газар чухам энэ саад тотгорыг үл ажрах, Бүтээмжийн Засгийн Газар болж л ажиллах шаардлагатай. Иймээс Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, ХҮН нам, "Үндэсний Эвсэл", Иргэний Зориг-Ногоон Нам буюу УИХ-д суудалтай бүх нам, эвслүүд хамтарч, Засгийн Газар байгуулахаас өөр зөв зам харагдахгүй байна. Ингэхдээ намуудын парламентад авсан суудлын тоог харгалзан, сайдын суудлыг хувиарлах нь зөв зарчим болно. Үндсэн хууль зөрчинө, стандарт бус Засгийн Газар байгуулж болохгүй, үзэл, бодлын ялгаа бий гэх мэт эсэргүүцсэн байр суурь гарч магадгүй.


Үнэн чанартаа Үндсэн хуульд УИХ-д олонхи болсон нам хамтарсан Засгийн Газар байгуулахыг хориглосон заалт огт байхгүй.


Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 2-т "Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.", мөн зүйлийн

4-т "Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө." гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдыг л олонхи болсон нам нэр дэвшүүлэхээс бус сайд нарыг хэрхэн томилох нь тухайн Ерөнхий Сайдын өөрийнх нь бүрэн эрх юм.


"Үзэл, бодлын ялгаа бий" гэдэг тухайд гэвэл ер нь баруун, зүүний үзэл гэдэг бол нийгмийн хамгааллын салбар дахь бодлогын зөрүү, татвар санхүүгийн аргачлалтай холбоотой бага зэрэг ялгаатай байр суурийг эс тооцвол хоорондоо төстэй зүйл ч байдаг ойлголтууд. Аль ч тохиолдолд баруун, зүүний үзэл гэгч нь антигонист буюу үл эвлэрэх байр суурь биш. Түүнчлэн дэлхийн улс төрд хатуу радикал, догматик үзэл санаа гэхээс илүү эрх ашиг л чухал гэдэг прагматик хандлага түлхүү зонхилох болсон.


Ер нь ч тэгээд Монголын эдийн засгийг тэлж, Монголчуудыг чинээлэг амьдруулахын төлөө нэгдэж болдоггүй үзэл бодлын зөрүү гэж ямар үхсэн балдууш нь байдаг юм!!!


Иймээс ч цаг үеийн энэ дуудлагыг УИХ-д олонхийн суудал авсан Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнэ сайтар мэдэрч, улс төрийн эр зориг гарган, УИХ-д суудал аваад буй Ардчилсан Нам, ХҮН нам, "Үндэсний Эвсэл", Иргэний Зориг-Ногоон Намуудтай хамтран Засгийн Газар байгуулах санаачилга гаргахыг уриалж байна. Мөн Ардчилсан Нам, ХҮН нам, "Үндэсний Эвсэл", Иргэний Зориг-Ногоон Намын удирдлагууд ч дөрвөн жил сөрөг хүчин хийнэ, эдийн засаг муудаад л байвал бидний 2028 онд ялах магадлал нэмэгдэнэ гэсэн явцуу байр сууриа хойш нь тавьж, Монголын эдийн засгийг нэн хурдацтай тэлж, хөгжүүлэх зорилго бүхий Бүтээмжийн Засгийн Газрыг байгуулах үйл хэрэгт мэддэг, чаддаг бүхнээ дайчлан, эвлэж ажиллахыг хичээнгүйлэн хүсэж байна.


Монголд хэрүүл талцал биш хөгжил дэвшил ус, агаар шиг хэрэгтэй байна.

Улс төрийн аналитикч М.Гал-Арив