sonin.mn

“Цэнхэр үст Цэрэн” буюу иргэн Э.Цэрэндолгор УИХ-ын сонгуулийн XI тойрог, Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшиж буй “Элийрэгч” Ц.Уянгыг шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт хандлаа. 


Мөн тэрбээр АТГ, СЕХ-нд давхар хандахаа ч илэрхийлсэн юм. Учир нь нэр дэвшигч Ц.Уянга хувь хүний хувьд ёс зүйн доголдолтой, өнгөрсөн 2-3 жилийн турш монголчуудыг хагаралдуулж, өдөөн хатгаж, доромжлоод зогсохгүй гаднын байгууллагуудад барьж өгнө гэх мэтээр айлган сүрдүүлж, матаж ирсэн “Элийрэгч” Ц.Уянгыг УИХ-д нэр дэвших эрхгүй гэж үзэж буйгаа илэрхийлээд түүнийг гадаадын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан байж болзошгүй шалтгаануудыг дурдсан 16 хуудас бүхий баримтыг хавсарган шалгуулахаар өглөө.


Түүнчлэн төрийн сонгуульд нэр дэвшиж байгаа атлаа Өвөрхангайд болсон золгүй явдлыг улстөржүүлэн, намын дарга Л.Гөнтөмөрийг шантаажлан турхирч, өнгөт хувьсгалд уриалан дуудан турхирч байсан хүнд СЕХ нэр дэвших эрх олгосонд харамсаж буйгаа илэрхийллээ. 


Монгол Улсыг хагалан бутаргах зорилготой, үндэсний уламжлалыг гээгдүүлэх, олон нийтийг үймээн самуунд турхирах үйлдлийг удаа дараа хийж ирсэн Ц.Уянгыг бүх шатны хууль хяналтын байгууллагынхан шалгах ёстой гэж иргэн Э.Цэрэндолгор үзэж байна. Энэ талаар иргэн Э.Цэрэндолгор “Гаднын санхүүжилтээр жагсаал цуглаан зохион байгуулж, Монгол Улсыг хагалан бутаргах зорилготой, үндэсний уламжлалыг гээгдүүлэх, олон нийтийг үймээн самуунд турхирсан үйлдлийг удаа дараа хийж байгаа этгээдүүд бол Ц.Уянга, Ц.Монголхүү, Э.Одбаяр нарын хүмүүс. 


Өнгөрсөн хугацаанд талбай дээр болсон олон янзын жагсаал цуглаанаар дандаа л иргэд олон нийтийг турхирч байсан. No Naadam гэдэг жагсаал цуглаан зохион байгуулаад үндэсний баяр болсон наадмыг үгүйсгэж байсан л хүмүүс шүү дээ. Үндэсний уламжлал бүрийг үгүйсгэж, монгол хүний бахархал болсон баяр бүрийг гутаан доромжлох үйлдлийг хийсээр ирснийг монголчууд бүгд мэднэ” хэмээн тодотголоо. Тиймээс “Цэнхэр үст” Цэрэнгийн зүгээс холбогдох бүх шатны газарт хандахаа илэрхийллээ.