sonin.mn

“Бүсчилсэн тойрог”-оор явагдах энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгууль бүр илүү томсгосон холимог хэлбэрээр явагдаж байгаагаараа онцлогтой. УИХ-д нэр дэвших хүсэлтэй, нам горилсон гишүүдийн тоо нэмэгдэж, өрсөлдөгч ихтэй явагдах энэ удаагийн сонуульд нийт 13 тойрогт, 126 нэр дэвшигч өрсөлдөх аж.


Намын жагсаалтад орох болон тойрогт нэр дэвших гээд 126 нэр дэвшигчийг сонгох сонголтоо л хариуцлагатай хийх чухал байлаа. Гэтэл нөгөө л танигдсан МАН, АН хоёр намын, төр, түмний хөрөнгөөр мөнгөжсөн нэр бүхий гишүүд л сонгогджээ.


Нам эвслүүдэд шинэчлэл төдийлэн хийгдээгүй, залуу боловсон хүчнээ дэмжиж гаргаагүй байгаад иргэд дор бүр нь дургүйцлээ илэрхийлсээр байгаа хэдий ч тэдний үзэл бодол, сонгох эрхийг үл хүндэтгэн нөгөө л уламжлал болсон авилгалын тогтолцоогоор явагдах бололтой. Тэгэхээр энэ тогтолцоог өөрчлөх тэрхүү сонголт зөвхөн иргэн таны ухамсраас шалтгаална. Монгол Улсын баялгийг, ард иргэдийн элбэг хангуулан амьдрах тэр боломжийг хулгайлдаггүй, төр, түмний хөрөнгийг хувьдаа завшдаггүй, улсынхаа хөгжлийн түчээ болж чадах чин сэтгэл, өндөр мэдлэг, боловсролтой нэгнийг иргэдийн төлөөлөл болгон төрд гаргах сонголт иргэн таны гарт, ухаанд үлдээ. Сонгуулийн үр дүн Монгол Улсын гадаад бодлого, цаашдын чиг хандлага, дипломат харилцаанд олон талаар нөлөөлөх нь дамжиггүй. Дэлхийн улс орнуудын харилцаа, хамтын ажиллагаа идэвхижиж байгаа энэ үед шинэ засаглалаас гаргах стратегийн шийдвэрүүд Монгол Улсын гадаад харилцааны хөгжил, олон талт гэрээ хэлэлцээр, дэлхийн хэмжээнд ямар байр сууртай байх, хоёр хөрш хийгээд бусад улсын түншүүдтэйгээ хэрхэн тэнцвэртэй харилцаагаа өргөжүүлэх, “гурвдагч хөрш” олон тулгуурт бодлогоо хэрхэн зөв удирдан чиглүүлэх тогтолцоог бий бологох зэрэгт чухал нөлөө үзүүлэх юм.


Худалдаа, хөрөнгө оруулалтаас эхлээд уур амьсгалын өөрчлөлт, аюулгүй байдлын хамтын ажиллагаа зэрэг дэлхийн ээдрээтэй асуудлуудыг Монгол Улс хэрхэн зохицуулж, гадаад бодлогоо хэрхэн шинэчлэн хөгжүүлэх нь олон тулгуурт гадаад бодлогын цаашдын чиг хандлагыг тодорхойлоход УИХ-д сонгогдсон төлөөлөгчид, шинээр бүрэлдэх Засгийн газар чухал үүрэг гүйцэтгэх юм.


Сонгогдсон төлөөлөгчид, албан тушаалтнууд дэлхийн тавцанд Монгол Улсыг төлөөлөн зогсох хийгээд хоёр болон олон талт харилцаанд чухал шийдвэрүүдийг гаргадаг. Тиймээс шинэ парламентын бүрэлдэхүүн улс хоорондын худалдааны хэлэлцээр, байгаль орчны хамтын ажиллагаа, бус нутгийн аюулгүй байдал зэрэг дипломат харилцааны гол асуудлуудад хэрхэн хандах нь тэднээс хамааралтай учир иргэн таны сонголт чухал гэдгийг дахин сануулая!


Монгол Улс далайд гарцгүй, газар зүйн байрлалаасаа шалтгаалан зөвхөн ОХУ болон БНХАУ-тай хиллэдэг хэдий ч 1990 оноос хойш хоёр хөрштэйгөө тэнцвэртэй бодлого явуулахын зэрэгцээ гадаад бодлогодоо хамгийн чухал байр суурь эзэлдэг хөрш орнуудтайгаа харилцаа тогтоох “гуравдагч хөрш”-ийн бодлого баримталж, гадаад харилцаагаа тодорхой хэмжээгээр өргөжүүлсээр ирсэн.


"Гуравдагч хөрш"-ийн бодлогын хүрээнд Орос, Хятадтай хуучин харилцаанаасаа гадна АНУ, Япон, Солонгос, Тайланд, Сингапур, Турк, Дани, Нидерланд, Финланд, Австри, Швед, Швейцарь зэрэг улстай эдийн засгийн салбарт илүү өргөн харилцаа тогтоохын зэрэгцээ улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын асуудлаар ЕХ, НАТО зэрэг байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа ойртуулсаар байгаа билээ.


Монгол Улс “гуравдагч хөрш” хэмээн тодорхойлсон АНУ, Турк, Канад, Япон, БНСУ зэрэг улстай илүү ойр дотно харилцаа тогтоож, улс төр, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, гадаад худалдаа, хил гааль гээд олон салбарт бодлогын томоохон шийдвэрүүд гарган ажиллаж ирсэны үр дүнд гадаад худалаадааны хэмжээ 15 тэрбум ам.долларт хүрчээ.


2023 онд Монгол Улс дэлхийн 160 оронтой худалдаа хийснээс экспорт жилийн эцсийн байдлаар 15.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 21 хувиар өссөн нь экспортын түүхэн дээд хэмжээнд хүрч, гадаад худалдааны тэнцэл 5.9 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Тэгэхээр цаашид энэхүү хөгжлийн бодлогыг өргөжүүлэн хэрэгжүүлэх, стратегийн харилцаагаа бэхжүүлэх, худалдааны түншлэлийг төрөлжүүлэх, хөрш орнууд болон олон улсын хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрийн үр ашгийг нэмэгдүүлж, урт хугцааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж ажиллахад шинэ Засгийн газрын зөв шийдэл, эдийн засгийн эрх ашгийг баталгаажуулсан нарийн гадаад бодлого чухал гэдийг онцлоё!. 


Монгол Улсын гадаад бодлогод Орос болон Хятад улсын нөлөөг товчхон дурьдахад:


Монгол Улс хоёр хөршийнхөө стратегийн ашиг сонирхлын бүс, эдийн засгийн боломжийн орон байсаар ирсэн. Орос улс Евразийн аюулгүй байдлын стратегидаа Монголыг стратегийн холбоотон хэмээн үзэж, бусад гүрний нөлөөллөөс хамгаалах хамгаалалтын бүсийг бий болгосоор ирсэн. Хятад Улс бол уул уурхайн экспортоос эхлээд дэд бүтцийн бүтээн байгуулалтад оруулах хөрөнгө оруулалт хүртэл Монголын эдийн засагт ихээхэн нөлөөлдөг. Монголын худалдааны хамгийн том түнш юм. Сүүлийн жилүүдэд Орос, Хятадын ашиг сонирхол давхцаж байгаа энэ үед Монгол Улс гадаад бодлого геополитикийн дарамт, ээдрээтэй нөхцөл байдлыг даван туулахын тулд тэнцвэржүүлсэн гэрээ хэлэлцээр хэрэгтэй.


Аль ч хөршийн дийлэнх нөлөөнд автахгүйгээр өөрийн байр сууриа өөртөө ашигтайгаар ашиглаж, тэнцвэртэй гадаад бодлого явуулж, эдийн засагаа хөгжүүлэхийн тулд чадварлаг дипломат бодлого, стратегийн эдийн засгийн бодлого, ойрын бүс нутгаасаа гадна дэлхийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх шаардлагатай юм.


Дэлхийн геополитикийн орчин хувьсан өөрчлөгдөж байгаа нь Монгол Улсын стратегийн бодлого, тухайлбал Орос, Хятадаас бусад орнуудтай харилцаа холбоогоо бэхжүүлэх зорилготой “гуравдагч хөрш”-ийн бодлого нь Монгол Улсын гадаад харилцааны хөгжлийг тодорхойлоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх учир шинэ Засгийн газар Монгол Улсын эдийн засаг, стратегийн харилцааг дэлхийн хэмжээнд бэхжүүлэх шинэ хөгжлийн бодолого гаргаж, хэрэгжүүлснээр үндэсний эрх ашгаа хамгаалж, тогтвортой хөгжлийн үндэс суурь тавигдах юм. Тиймээс улс орны дотоод хийгээд гадаад бодлогын хөгжил иргэн таны УИХ-д иргэдийн төлөөлөл болгон сонгох сонголтоос бүрэн хамаарах тул сонголтоо хариуцлагатай хийхийг дахин сануулая.



Сэтгүүлч Б.Алтантуул