sonin.mn

МЕХИКО, 2025 оны наймдугаар сарын 14 /CNN/. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо /ХМТ/ лхагва гарагт Мексикийн талд асар үнэ цэнтэй нэгэн гар бичмэлийн хуудсыг буцаан өгчээ. Испанийн байлдан дагуулагч Эрнан Кортес гарын үсэг зурснаас хойш ойролцоогоор 500 жилийн дараа, Мексикийн үндэсний архиваас уг баримт бичгийг хулгайлснаас хойш хэдэн арван жилийн дараа энэхүү үйл явдал боллоо. 




ХМТ-ноос мэдэгдсэнээр, уг гар бичмэл олон жилийн турш олон хүний гар дамжсан тул хэнд ч хариуцлага тооцохгүй ажээ. “Энэ бол 1527 оны хоёрдугаар сарын 20-нд Эрнан Кортес гарын үсэг зурсан гар бичмэлийн хуудас мөн” гэж ХМТ-ны Урлагийн гэмт хэрэгтэй тэмцэх багийн гишүүн, тусгай төлөөлөгч Жессика Диттмер мэдэгдсэн байна. Тухайн үед Э.Кортес одоогийн Мексикт ирснээс хойш хоёр жилийн дараа буюу 1521 онд Ацтекийн эзэнт гүрнийг байлдан дагуулж байв.




Мексикийн Үндэстний ерөнхий архивын ажилтнууд 1993 онд Э.Кортесийн гарын үсэгтэй баримт бичгийн цуглуулгыг бичил хальсанд буулгаж байх үедээ гар бичмэлийн 15 хуудас алдагдсан байсныг илрүүлжээ. Эдгээр хуудсыг 1985-1993 оны хооронд хулгайлсан гэж үздэг байна.




Мексикийн тал өнгөрсөн онд эдгээр хуудсыг олоход ХМТ-ны Урлагийн гэмт хэрэгтэй тэмцэх багаас тусламж хүсжээ. Улмаар тус товчоо эрэн хайсны дүнд баримт бичгийг олсон боловч хэнд байсныг нь мэдэгдээгүй байна. Нью-Йорк хотын цагдаагийн газар, АНУ-ын Хууль зүйн яам, Мексикийн Засгийн газар уг ажиллагаанд оролцжээ.

Ийнхүү ХМТ-ноос Э.Кортестой хамаарал бүхий хоёр дахь баримт бичгийг Мексикийн Засгийн газарт буцааж өглөө. 2023 онд тус агентлаг Э.Кортесын 16 дугаар зууны үед бичсэн захидлыг буцаан өгчээ. “Ийм баримт бичгүүдийг соёлын үнэт зүйл гэж үздэг бөгөөд Мексикийн түүхэнд хамаарах чухал цаг үеийг харуулдаг тул мексикчүүд түүхээ илүү сайн ойлгож мэдэхийн тулд архивт хадгалдаг” гэж Ж.Диттмер ярилаа.



Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг