
ТОКИО, 2023 оны арванхоёрдугаар сарын 7 /NHK/. Ангараг гаргийн дагуул руу судалгааны аппарат хөөргөх хугацааг 2026 он хүртэл хойшлуулах төлөвлөгөөний төслийг Японы Засгийн газрын ажлын хэсэг боловсруулжээ.
Японы Сансар судлалын агентлагийн /JAXA/ удирдаж буй уг төслийн хүрээнд Ангарагийн сар Фобос дээр аппарат газардуулж, гадаргуугийн дээжийг дэлхий рүү авчирч, уг сарны гарал үүслийг судлахыг зорьж буй юм. Энэхүү даалгавар амжилттай хэрэгжвэл дэлхийд анхдагч болно. Уг аппаратыг анх 2024 оны санхүүгийн жилд хөөргөхөөр төлөвлөж байв.
Харин Засгийн газрын ажлын хэсэг мягмар гарагт хуралдаж, сансар огторгуйг судлах бодлогын хүрээнд шинэчилсэн төсөл, хуваарийг боловсруулжээ. Энэ оны гуравдугаар сард H3 шинэ пуужинг хөөргөх оролдлого амжилтгүй болсон нь даалгаврыг хойшлуулах нэг шалтгаан болсон бөгөөд энэ нь дараагийн Н3 пуужинг хөөргөх ажиллагааг хойшлоход хүргэсэн юм. Тэд Фобосын тойрог замыг мөн харгалзан үзсэн байна. Түүнчлэн манай гаргийн дагуул Саран дээр ус гэх зэрэг нөөц байгаа эсэхийг судлах "Lunar Polar Exploration" нэртэй төслийг /LUPEX/ нэг жилээр хойшлуулах магадлалтай байна. Шинэчилсэн төслийг оны эцэс гэхэд Үндэсний сансрын бодлогын стратегийн штабын хурлаар батлах төлөвтэй байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0