sonin.mn

ВАШИНГТОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 7 /ВВС/. Америкийн Osprey цэргийн онгоц өнгөрсөн долоо хоногт Японы эрэгт осолдож, багийн найман гишүүн амь насаа алдсаны дараа АНУ-ын Зэвсэгт хүчин уг онгоцыг ашиглахыг түр зогсоолоо.



Агаарын болон Тэнгисийн цэргийн хүчний албаныхан "шалгалтын ажиллагаа дуустал эрсдэл гаргахгүйн тулд" ийм арга хэмжээ авлаа гэж лхагва гарагт мэдэгдсэн байна. Ослоор амиа алдсан цэргийн алба хаагчдын цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.



Уг ослын дараа Японы цэргийнхэн мөн Osprey онгоцыг ашиглахыг зогсоожээ. Тус улс нь нисдэг тэрэг болон нисэх онгоцны үүргийг хослуулсан цэргийн уг онгоцыг ашигладаг цорын ганц орон юм. АНУ-ын нисэх хүчний шалгалт дуусахаас нааш онгоцнуудыг хөөргөхгүй гэж Агаарын цэргийн хүчин мэдэгдээд шалгалтын ажиллагаа хэр удаан үргэлжлэх талаар дурдсангүй. 



Өнгөрсөн долоо хоногт Osprey нь Японы Ямагүчи муж дахь АНУ-ын тэнгисийн цэргийн баазаас Окинава дахь Кадена агаарын баазыг чиглэн сургуулилалтын нислэг хийж явахдаа Якүшима арлын ойролцоо осолджээ.



Уг онгоц 2007 онд анх ашиглалтад орсноос хойш хэд хэдэн удаа осолдож байжээ. Тухайлбал, энэ оны наймдугаар сард Австралид цэргийн сургуулилалтын үеэр “Osprey” онгоц осолдсоны улмаас АНУ-ын гурван тэнгисийн явган цэрэг амиа алдаж, 20 хүн шархадсан ажээ. Мөн өнгөрсөн онд Калифорнийн элсэн цөлд болсон ослын үеэр таван тэнгисийн явган цэрэг амиа алдсан байна. 



Д.Одон

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг