sonin.mn

Сонгууль айсуй энэ өдрүүдэд сонгуульд горилогч, санаархагчдаас эхлээд мандатаа баттай халаасалсан нөхөд түмэнд харагдахыг ихэд хичээж байна. Дуулж бүжиглэж, уйлахаас эхлээд олон төрлийн авьяасаа дэлгээд эхэлжээ. Тэр тусмаа нийгмийн анхааралд орох гэсэн эмэгтэйчүүд өөрсдийгөө улаан цайм лидер хэмээн цоллуулах болов. Тэгэхээр лидер гэж хэнийг хэлдэг юм бэ гэх асуудал гарна. Улс төрийн намууд лидергүй боллоо гэх яриа бий. Тэр ч бүү хэл энэ Монгол Улс лидергүйн зовлонг эдлээд олон оныг үдэж байгаа ч гэх болов. Гэхдээ аливаа улс орон бүү хэл бүлэг фракц, айл гэр хүртэл өөрийн гэсэн тэргүүнтэй, манлайлагчтай байдаг учраас яг энэ цаг мөчид бид ямар эмэгтэйчүүдээ лидер хэмээн цоллож, шийдвэр гаргах түвшинд дэмжих вэ гэдэг нь бас л тулгамдсан асуудал болсон. Нөгөө талаар манай улс жендерийн эрх тэгш байдалд ихээхэн анхаарч, улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, нэмэгдүүлэх болсон учраас хөндөхгүй байхын аргагүй асуудал юм. Тиймээс энэ цагийн лидер гэж нэрлэж болохоор хэдэн эмэгтэйг дурдах гээд үзье. 


АН-ЫН НЭР ХҮНД УНАХАД ТОРОЙГООД ПАРЛАМЕНТАД ОРЖ ИРСЭН ДОГЬ ЭМЭГТЭЙ


Тэр уг нь буруу замаар явах учиргүй, бултаж мэлзэх аргагүй намтартай, коммунизм, социализмыг босгосон аавын охин. Тиймдээ ч эцгийн өвлүүлсэн социалист үзэл санаа хааяа түүнээс ханхлах гээд байдаг талтай. Мэдээж хэрэг тэр өнөөдөр Төрийн эрх барих дээд түвшинд эмэгтэйчүүдээ төлөөлж байгаа цөөхөн дүрийн нэг. АН-ын нэр хүнд шороонд булуулахдаа тулсан цагт хамт нэр дэвшсэн С.Эрдэнэ даргаа орхиод МАН-ын хоёртой парламентад ороод ирсэн догь эмэгтэй. Уг нь тухайн сонгуулиар АН-аас бурхан дэвшсэн ч хүнд байсан үе шүү дээ. Тэр намаа бүү хэл улс орноо зарахаас ч буцахгүй нөхдийн дунд “бойжсон” гэхэд чиг шугамаасаа холбиролгүй энэ хүрснийг нь үнэлүүштэй. Хуучин цагт ОХУ-ын Санкт Петербургийн их сургуулийг Олон улсын эдийн засагч мэргэжлээр төгсөж, улмаар Бизнес удирдлагын магистр, АНУ, Япон улсад макро эдийн засгийн чиглэлээр тус тус суралцсан гэхээр эрдэм боловсролын хувьд бусдын дор орохгүй нэгэн. Харин ажил мэргэжлийн хувьд Шинжлэх ухаан технологи мэдээллийн төвд мэргэжилтнээр ажиллаж байгаад зах зээлд шилжих үеэр бизнест хөл тавьсан байна. Ийнхүү “Биеэ засаад гэрээ засчихсан” гэж үзсэн бүсгүй 2010 онд Эрүүл мэндийн сайдын зөвлөхөөр их улс төрд хөл тавьж, УИХ-д хоёр удаа сонгогдоод байгаа энэ цагийн манлайлагч эмэгтэйчүүдийн нэг. АН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн, АН-ын бүлгийн дарга, УИХ-ын дэд дарга хүртэл дэвшин ажилласан гэхээр намдаа төдийгүй нийгэмд нөлөө бүхий эмэгтэй.


ХЭТЭРХИЙ ЗАРЧИМ НЬ ЯЛАГДАЛД ХҮРГЭСЭН ЗАВХАНЫ ТӨЛӨӨЛӨЛ


АН-д бүү хэл Монголын төр, нийгэмд хэрэгтэй эмэгтэйчүүдийн нэг бол УИХ-ын гишүүн З.Нарантуяа гэж үзэх нь бий. Тийм ч биз, үгүй ч биз. Төрийн албаны дадлага туршлага, мэргэжил боловсрол, зангараг гээд аль ч талаараа АН дотроо илүүрхэж харагдана. З.Нарантуяа бол аливаа асуудлыг чимээгүйхэн бодлогын түвшинд шийддэг ч нам дотооддоо хэтэрхий зарчим барьж ажиллах гэдэг. Гэвч энэ нь зүг чиггүй нөхдөдөө таалагддагүй талтай. Магадгүй 2020 онд Завханд ялагдсаны нэг шалтгаан ч энэ байх. Манай монголчууд хэтэрхий зарчимд угаасаа дургүй, задгай нүүдэлчин хүмүүс. Том том зарчим яриад явахаар хэн дэмжих вэ. Тэрбээр ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийн хуулийн факультетыг Эрх зүйч, Санхүү, эдийн засгийн дээд сургууль, эдийн засагч-санхүүч мэргэжлээр тус тус төгсөж, АНУ-ын Нью-Йорк, Колумбын их сургуулийн Олон улсын харилцааны сургуульд Төрийн удирдлагын магистр хамгаалсан хүн. Ажил албаны дадлага туршлага гэвэл овоо зузаан намтар түүнд бий. Төв банкинд мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр ажлынхаа гарааг эхлүүлж, хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэгч, газрын орлогч захирал хүртэл дэвшин ажиллаж, улмаар “Монгол шуудан” банкны Дэд захирал, “Хадгаламж” банкны Гүйцэтгэх захирлын орлогч, “Парита энд Партнерс” компанийг үүсгэн байгуулж, УИХ-ын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөх, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн, Завхан аймгийн Ардчилсан намын хорооны дарга, Санхүүгийн зохицуулах хорооны дарга гэх мэт алба хашиж байсан гэхээр нэгийг хэлж, хоёрыг бодогдуулах байх. Улс төрийн албан тушаал талаасаа ч тэр, төрийн албаны талаасаа ч тэр яах аргагүй илтэд илүүрхэнэ. Ямартай ч тэр Монголын банк, санхүүгийн салбарт тодорч гарсан цөөн эмэгтэйчүүдийн нэг гэхэд болно.


МАН-ААС ЯВСАН Ч МОНГОЛООС ЯВААГҮЙ ЭРДЭМТЭН


Улс төрийн карьер хөөж байгаа хүмүүс босгыг нь давах гэж урт дараалал үүсгэдэг МАН-ыг орхин явсан цөөн хүний нэг бол Эрүүл мэндийн дэд сайд асан, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ж.Цолмон. Ингэхдээ тэр жирийн нэг намын гишүүн байгаагүй. Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын дэд тэргүүн, УЗ-ийн гишүүн, намын Бага хурлын гишүүн зэрэг удирдах түвшинд ажиллаж байв. Тиймдээ ч түүнийг МАН-аас явахад олон хүн гайхсан байх. Гэвч тэр шийдвэр гаргах түвшинд сурсан эрдэм, ажилласан дадлага туршлагаа зориулах чин хүсэлтэй ч цүнх баригчдыг сонгоод байсанд дургүйцсэн байх магадлалтай. Ямартай ч тэр итгэл үнэмшлээ даган, ШИНЭ намыг сонгосон. ШИНЭ нам бол аливаа зүйлд шинжлэх ухааны үндэслэлтэй хандаж, дэргэдээ эрдэмтдийн баг ажиллуулдаг улс төрийн хүчин учраас эрдэмтэн хүний хувьд татагдсан байх талтай. Ер нь эрдэм номын мөр хөөж, өөрийн сурсан мэдсэнд дулдуйдсан итгэлтэй байх нь зөв хэдий ч манай өнөөгийн улс төрийн нөхцөлд халтай гэдгийг харуулсан нэг жишээ бол тэр. Гэхдээ тэр МАН-аас явсан ч Монголоосоо яваагүй эрдэмтэн-улстөрч. Сурсан мэдсэн эрдмээ их үйлийн төлөө зориулахаар зүтгэж яваа нэгэн. Дулдуйдаж, итгэхээс ч өөр аргагүй боловсролын намтартай юм билээ.


Товчхондоо, Монгол, Орос хоёр орны анагаахын их сургууль дүүргэж, хожим 1996 онд АУИС-ийн магистрантур, 2007 онд анагаах ухааны, 2022 онд шинжлэх ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан, профессор хүн. Нөгөө талаар гурван ч Засгийн газарт дэд сайдаар ажиллаж байсан. ЭМШУИС-ийн захирал гэх мэт төрийн албанд амжилттай зүтгэсэн туршлага ч байна.


Уг нь 2016 онд МАН үнэмлэхүй ялалт байгуулахад түүнийг Эрүүл мэндийн сайдаар томилно гэж олон хүн харж байсан ч нэг амралт, сувиллын газрын эзнийг томилчихсон нь олны дунд шуугиан болж байв. Магадгүй, өөрийнхөө эрдэм чадварт эрддэг итгэл үнэмшил нь түүнийг удирдлагын түвшинд гуйж гувшихад хүргээгүй байж болох юм. Ж.Цолмон бол яах аргагүй Монгол Улсын хэмжээнд салбараа төлөөлөх нэг манлайлагч эмэгтэй мөн гэдэгтэй олон хүн санал нийлж таарна.   


НАМЫНХАА АХ ЭГЧ НАРЫН ЗАМААР ЯВЧИХГҮЙ БОЛ Ч ...


Хэл ус, боловсрол гэхээр түүнтэй эгнэх хүн парламентад бүү хэл Монгол Улсад үгүй биз. Манай өнөөгийн нийгмийн өнгө төрх учраас “Эдээр биеэ чимэхээс эрдмээр биеэ чим” гэх үг ч чамгүй газар авав. Үүний жишгийг даган, улс төрд хөл тавьсан хүн бол Х.Булгантуяа. Түүний намтрыг сөхвөл англи, орос, хятад, япон хэлтэй гэснээс харахад бусдаасаа хол илүүрхэнэ. Дөрвийн дөрвөн орны хэл шүү дээ. Мөнхүү БНХАУ-ын “Хуазонг” Шинжлэх ухаан технологийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр, АНУ-ын Иелийн Их сургуульд эдийн засгийн хөгжлийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан гэхээр бас л товойж харагдана. Түүний хувьд яах аргагүй өнөөгийн МАН-д байгаа эмэгтэйчүүдийн залуу үеийн төлөөлөл мөн.


Уг нь Сангийн дэд сайдаар ажиллах хугацаандаа сүрхий олны анхааралд байсан бол өнөөдөр өнөөх л УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, М.Оюунчимэг, гишүүн асан Д.Оюунхорол нараасаа ялгарах юмгүй нэг “кнопчин” болчих талтай хэмээн шүүмжлэх нь бий. Хэрэв энэ чигээрээ ах эгч нарынхаа замаар явбал нэг кнопчин эмээ л болно.



Мэдээж хэрэг, нас залуу хүний хувьд ажил хэргийн намтар нимгэн байж таарна. Гэхдээ “Бүтээлч шийдлүүд” компанийн Хөрөнгө оруулалтын зөвлөхөөр ажлынхаа гарааг эхлүүлсэн байдаг. Дараа нь Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрийн зөвлөх, “Оюу толгой” компанийн Инженерийн албаны төслийн менежер, Бизнес, стратегийн газарт арилжааны үндсэн зөвлөхөөр тус тус ажилласан. Сурч мэдсэн ном нь таарч тохирч, намаас дэмжлэг авч байхад хашиж болох л ажил байх. МАН үнэмлэхүй ялалт байгуулах 2016 оноос Сангийн дэд сайдаар орж ирсэн үеэс л “Сайн эдийн засагч”, “Өндөр боловсролтой”, “Шинэ залуу улстөрч” гэх мэт чихэнд чимэгтэй гэхээсээ илүүтэй гоёчилсон лоозонтойгоор улс төрд хүч түрж байсан нь хэргээр ч юм шиг. Нэн шинэ үед энэ мэт чимэг лоозон газар авахгүй болсон гэдгийг ойлгох хэрэгтэй. Одоо гэхэд тэр МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг тэргүүлж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байгаа гэхээр нам дотроо нэгэнт тодорчихсон. Харин одоо Монгол Улсын хэмжээнд тодорхойлогдох ажил хэрэг түүнийг хүлээж байгааг дуулгах хэрэгтэй. Эс чадвал нэг кнопчин болох ирээдүй тосох биз.


ДЭЛХИЙД МОНГОЛЫГ ТӨЛӨӨЛЖ БУЙ ЛИДЕР


Төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн нэгээр гарцаагүй С.Оюуныг нэрлэнэ. Монголын боловсролын томоохон зүтгэлтнүүдийн нэг болох аавтай, анагаахын салбарын зүтгэлтнүүдийн нэг ээжтэй, улс төр, нийгмийн нэртэй зүтгэлтэн ахтай энэ бүсгүйг улс төрийн адармаатай зам тосож аваад ад шоо үзээгүй байх. Ах С.Зориг агсныг нас барсны дараа нөхөн сонгуулиар УИХ-д ороод ирсэн хүн. Үүнээс хойш УИХ-д гурвантаа сонгогдож, энэ хугацаанд УИХ-ын дэд дарга, УИХ дахь "Эх орон-Ардчилал" эвслийн бүлгийн дарга, Засгийн газрын гишүүн, сайдаар хоёр удаа томилогдон ажилласан гэхээр өдрөөс өдөрт давшиж ажилласан нь харагдана.


Ийн карьер нь тасралтгүй өссөн шалтгаан нь Иргэний зориг намыг байгуулсанд бий. Үүнийг Ерөнхий сайд асан С.Баяр АН-ын саналыг хуваах зорилго дор Х.Хулан, С.Оюун нарт байгуулж өгсөн гэдэг. Ингэхээр тэр МАН, АН-ын өрсөлдөөн дундаас тодорч, өндөр авсан улстөрч юм. Өөрөөр хэлбэл, өдгөө ч олны анхааралд буй ахынхаа нэр нүүр, нэрийг нь оруулсан нам байгуулж улс төр хийсэн хүн гэдэг. Энэ ч яахав, ямар ч улстөрчид байх л асуудал.


Эрдэм боловсролын хувьд ч, дадлага туршлагын хувьд ч тэр хэний ч дор орохгүй. С.Оюун БНСЧСУ-ын Карлын Их сургууль Геохимич мэргэжлээр, Англи улсын Кембрижийн их сургуулийн аспирантур тус тус төгссөн Байгалийн ухааны доктор цолтой хүн. Улс төрд хөл тавих хүртэл Монгол-Чехословакметал хамтарсан үйлдвэрт геологич, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрт төслийн мэргэжилтэн, "Рио Тинто" компанийг Монголд сураггүй байхад тус компанид геологичоор ажиллаж байсан гэхээр бас чиг нэгийг өгүүлэх байх. Одоо НҮБ-ын Байгаль Орчны Ассемблэйн Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа нь ч манай нэг лидер бүсгүйчүүдийн нэг гэдгийг илтгэнэ. Дэлхийн хүн ч гэж болох манай эмэгтэйчүүдийн нэг мөн гэдэгтэй маргахгүй байх. 


АН-ААС ӨРХ ТУСГААРЛАСАН Ч ҮЗЭЛ САНААНААС НЬ ГАРЧ ЧАДААГҮЙ УЛСТӨРЧ


Манай улс төр, нийгмийн бас нэг сонин содон дүр гэвэл УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэл. Энд нэртэй том зүтгэлтэн гэж хэлээгүй шүү. Гэхдээ л гарцаагүй манлайлагч байх оролдлоготой эмэгтэйчүүдийн нэг. АН анх удаа ялалт байгуулж асан 1996 онд УИХ-ын дэд даргын туслахаар их улс төрд хөл тавьж байсан хүн өнөөдрийг хүртэл 30 шахам жил улс төр хийж явна. Хожим АН-ын дотоод бужигнааны үеэр өөрөө нам байгуулан, өрх тусгаарласан улстөрч. Энэ нь АН дотор анх түшиж тулж байсан нөхдийнх нь карьер дууссантай холбон тайлбарласан нь бий. Тэр хэдийгээр өөрийнхөөрөө улс төр хийж байгаа ч АН-ын схемээр улстөрждөг нь үзэл санааны хувьд салаагүй байна гэсэн үг. Төр, нийгэмд бүтээн босгосон томоохон зүйл үгүй ч зөв зүгт уриалан дуудаж, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн ажил хэрэгч эмэгтэйчүүдийн нэг.


Ганц жишээ дурдахад, 21 дүгээр зуунд модон жорлонгоосоо салаагүй байгаа Монголын дүр төрхийг өөрчлөх гэж, эрүүл амьдрах нь жорлонгоо өөрчлөхөөс эхэлнэ гэсэн үзэл санааг хот, хөдөөгүй түгээн дэлгэрүүлж, үлгэрлэн хэрэгжүүлэхэд амьдралынхаа цөөнгүй жилийн зориулсан.


Ц.Оюунгэрэл Хөвсгөл аймагт дунд сургууль, ЗХУ-ын Свердловск хотын УАААДС-ийг Төлөвлөлт эдийн засагч мэргэжлээр, ОХУ-ын Москвагийн Олон улсын бизнесийн дээд сургуулийг Бизнесийн удирдлагын магистр, хожим АНУ-ын Стэнфордын Их сургуульд Олон улсын бодлого судлалын мастерын зэрэг тус тус хамгаалсан гэхээр яах аргагүй өндөр боловсролтой эмэгтэйн тоонд зүй ёсоор орно. Тэрбээр хилийн чанадад суралцаж ирээд 1988 онд Хөвсгөл аймгийн Материал техникийн хангамжийн удирдах газарт мэргэжилтэн, аймгийн АДХГЗ-нд Хөдөлмөр, нийгэм хангамжийн хэлтсийн даргаар ажлынхаа гарааг эхлүүлсэн. Ийнхүү 1993 онд Нийгмийн даатгалын ерөнхий газарт ахлах мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн төрийн албаны дадлага туршлагатай нэгэн. Гадаад нөхөртэй хэмээн адлах хүн цөөнгүй ч тэр эх орноо худалдаж, газар нутгаа зараагүй гэдгийг бултаараа мэдэх байх.


НИЙГЭМД ХҮРТЭЭМЖТЭЙ ХУУЛЬЧ


Ажил мэргэжлээрээ өөрийнхөө орон зайг нийгэмд тунхаглан гарч ирсэн эмэгтэйчүүдийн нэг нь Р.Булгамаа хуульч. Сенсаци бүхий олон хэрэг дээр ажиллаж, эрх нь зөрчигдсөн иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлж ирснээрээ олон нийтийн анхаарлын төвд орж чадсан. Товчхондоо, амин хувийн гэхээсээ илүүтэй өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулдаг, хүртээмжтэй хуульч.

 

Тэр хуульчийнхаа хувьд Иргэний хууль, Гэр бүлийн тухай, Хөдөлмөрийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Арбитрын тухай хуулийн хүрээнд лекц унших, хууль сурталчлан таниулах болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг хамгаалах чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх зэргээр олон мянган иргэнд хүрч ажилласан нь өнөөдрийн хэмжээнд авчирсан.

 

Хүчирхийлэлд өртсөн, эрх нь зөрчигдсөн 100 гаруй охид, эмэгтэйчүүдэд үнэ төлбөргүй өмгөөлөл үзүүлснээр хохирсон эмэгтэйчүүд хууль ёсны эрхээ хамгаалуулахаар ханддаг жим хэдийнэ үүссэн. Чухам үүнийг нь Монголын хуульчдын холбоо үнэлж, “Шилдэг пробоно өмгөөлөгч”-өөр өргөмжилж байсан бол 2019 онд Монголын Өмгөөлөгчдийн холбоооноос “Улсын тэргүүний өмгөөлөгч”-өөр тодруулж байжээ.

 

Өмгөөлөгчийнхөө тухайд яван чангарахад нь Монгол Улсын гавьяат хуульч, аав Ё.Ринзааных нь туршлага дэм болсон байж мэдэх ч түүнээс илүүтэй өөрийнхөө хүч хөдөлмөрөөр танигдсан гэвэл үнэнээс хол хазайхгүй байх. Тэр хуульч, өмгөөлөгч төдийгүй нийгэмд тулгамдаж буй асуудлууд дээр байр сууриа дорвитойхон илэрхийлж, тооцоо, судалгаатай дүгнэлт гаргаж байдаг нийгмийн зүтгэлтэн гэж хэлж болно. Харин улс төрд хөтлөн оруулсан хүн нь УИХ-ын гишүүн, сайд асан С.Оюун гэдэг. Р.Булгамаа 2016 онд АН-ын ҮЗХ-ны гишүүн болж, УИХ-д өрсөлдсөн. Түүний хуваарилагдсан 51 дүгээр тойрогт нэг мандат дээр 16 нэр дэвшигч өрсөлдөхөд цөөхөн санал дутаж, хоёрт жагссан. Анх удаа нэр дэвшиж буй залуу улс төрчийн хувьд энэ бол чамгүй амжилт. Ямартай ч Р.Булгамаа хууль зүйн салбараас цахилж буй нэгэн тод дүр мөнөөсөө мөн.

 

СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАРААС УЛС ТӨРД “УРВАСАН” ТЭМЦЭГЧ


Сэтгүүл зүйн салбараас төрөн гарсан улс төр, нийгмийн зүтгэлтэн бол УИХ-ын гишүүн асан Г.Уянга. Сэтгүүлчийн индэр дээрээс ард түмний сэтгэл санааг эргүүлж, өөрийнхөө улс төрийн карьерт ашиглаж чадсан эх оронч бүсгүй. Овжин ч гэж болно. Мэдээж хэрэг, сэтгүүлчийн хувиар асуудлыг өргөн цар хүрээнд харж чаддаг ч боловсролын намтар нь бусдаас нимгэн. Тэр Дорно дахины дээд сургууль Сэтгүүлч мэргэжлээр, Хүмүүнлэгийн ухааны их сургууль Орчуулагч мэргэжлээр тус тус төгссөн гэхээр улс төрд байгаа бусад эмэгтэйчүүдийн боловсролын намтартай харьцуулах аргагүй. Гэхдээ боловсролыг сурсан сургууль, хэдэн хатуу хавтастай цаас төлөөлдөггүй гэдгийг харуулж, тэдэнтэй мөр зэрэгцэн давшиж яваа бүсгүй.


Ажлынхаа гарааг 1998 оноос “Ийгл” телевизэд нэвтрүүлэгч, сурвалжлагчаар эхлүүлж байсан тэрбээр "Монгол таймс" сонины эрхлэгч, “Улс төрийн сонин”-ы эрхлэгчээр салбартаа чамгүй нэр хүндтэй ажиллаж байгаад 2010 онд МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар улс төрд гэнэт тодорсон бүсгүй. Эндээс тэр “Амлалт нэхэх ард түмний холбоо”-г байгуулан, гудамж талбай, ер нь хаа сайгүй улс төр хийсэн. Ингэхдээ МАН, АН-д адлагдаад байсан Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нарын удирдлага, санхүү дор улс төрийн үйл ажиллагаа явуулсан болов уу. Ийнхүү эрхэм хоёр асны “Шударга ёс” эвсэл 2012 онд УИХ-д бүлгийн хэмжээний суудал авахад УИХ-ын гишүүн болчихсон түүхтэй. Үүний дараа олон талд улс төр хийж, сонгуульд өрсөлдсөн ч унасан. Одоо айсуй сонгуульд өрсөлдөхөөр ханцуй шамлан зогсоо эмэгтэй улстөрч. Түүний хувьд нийгэмд бүтээн босгосон бодит том гавьяа байхгүй гэх байх. Гэхдээ тэр нийгмийг соён гэгээрүүлэх ажлыг хийсээр байгаа сэтгүүлч. Үнэнийг хэлэхэд төрийн өндөр дээд албан тушаалтнуудын харьд нуусан хөрөнгөөс эхлээд олон зүйлийг илчилж буй эрэн сурвалжлах сэтгүүл зүйн нэг тод төлөөлөл мөн.


ОРОЛЦОХГҮЙ АСУУДАЛ НЭГЭЭХЭН Ч ҮГҮЙ НИЙГМИЙН ТӨЛӨӨЛӨЛ


Жанжин Д.Сүхбаатарын гурав дахь үеийн гуч гэх Д.Сүхжаргалмаа улс төр, нийгмийн чиглэлд олон чухал асуудал хөндөж, түүнийхээ төлөө тэмцэж явдгаар нь таних байх. Үндсэн хууль, хүний эрх, жендерийн асуудал томоохон асуудал хөндөж явсан энэ эмэгтэйн санаа бодол эрх биш хууль эрх зүйн хүрээнд үр өгөөжөө өгсөн нь байгааг салбарынхан ярьдаг. Тиймдээ ч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа өөрийнхөө Жендерийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр дэргэдээ авч ажиллуулсан байх. Улс төрийн талаасаа ч аль нэг нам эвсэл дагаж бус өөрийн итгэл үнэмшил, үзэл баримтлалын дагуу дуу хоолой болж явдаг хашир туршлагатай хүн учраас өнөөгийн улс төрд байх ёстой дүрийн нэг болов уу. Тэрбээр МАН-ын дарга, Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байхдаа “Өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг авч үзвэл сүүлийн 20 жил тувт нам хоорондын тэмцэл явсан. Улсын түүхэнд намын түүх багтдаг болохоос биш намын түүхэнд улсын түүх багтдаггүй. Гарцаагүй нэг намын засаглалтай, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байсан үе бидэнд бий. Гэхдээ түүхийг хэн ч үгүйсгэж болохгүй. Тийм эрх ч үгүй” хэмээж байсныг санаж байна. Тэгэхээр өнөө цагт эмэгтэйчүүдийн манлайлалд шударга үнэний дуу хоолой болж чадах хүний нэг байх. Аливаа хүнд дутагдал бий. Харин Д.Сүхжаргалмаад нэг дутагдал байгаа нь оролцохгүй асуудал нэгээхэн ч үгүй дүрүүдийн төлөөлөл гэж болно.


ХҮН-Д БАЙГАА БОЛОХООС ГАРЦААГҮЙ МАНЛАЙЛАГЧ


Улс төрийн гуравдагч хүчин, парламентад суудалтай гуравдагч этгээд, ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхсоёл гэгч бүсгүй сүүлийн үед ихээхэн тодорч байгааг зүй ёсоор дурдах учиртай. Дурдахын шалтгаан байна. Тэрбээр ШУТИС дүүргэж, улмаар АНУ, Тайланд, Франц зэрэг орнуудад бизнесийн удирдлага, эдийн засгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан төдийгүй Индонез, Болгар, Унгар, Филипин, Швейцарь, ОХУ, Казакстан, Украйн зэрэг улсад мэргэшил дээшлүүлсэн “бузар лут, дээшээ дэвшиж мэдэх нөхөр” аж.


Ажил албаны туршлага гэвэл хожим 2014 оноос Үндэсний Стратегийн Хүрээлэнгийн захирлаар гараагаа эхэлж, “Монгол HD” телевизийн Эдийн засгийн тоймч, “Алкател” компанид санхүүгийн ажилтан, ШУТИС-ийн КТМС-ийн багш зэрэг алба залгуулж, мөн олон улсын төсөл хөтөлбөрт эксперт, менежерээр ажиллаж байсан туршлагатай аж. Энэхүү товчхон намтраас харахад яах аргагүй манай манлайлагч эмэгтэйчүүдийн нэг мөн.


Зөвхөн төгссөн сургуулийн намтар нэршлийг харж мандуулаад байгаа хэрэг биш. Түүний улс төр, нийгэмд хүргэж буй байр суурь, онолын түвшний бар суурь нь өөрийн эрхгүй ийн дурдахад хүргэсэн хэрэг. Тиймдээ ч ХҮН нь 2016 онд эрдэм боловсролтой сэхээтэнлэг залуусыг нэгтгэн, “Зөв хүн электорат” нэгдэл байгууллаа хэмээх дуулиан улс даяар өрнөж байхад тэр давалгаанд түрэгдэж орж ирсэн болов уу. Эсвэл манлайлж орж ирсэн ч байж болох юм. Даанч олны итгэл хүлээлгэсэн ХҮН нь парламентад суудалтай болсон цагаасаа хойш эрх баригчдын шийдвэр тогтоолыг үг дуугүй дагадаг болж, үзэл баримтлалаа гээсэн гэхэд болно. Айсуй сонгуульд МАН-ыг дэмжиж оролцох нь ч тодорхой. Ингэхээр юуных нь эрдэмтэй залуусын төлөөлөл байх вэ. Намын дарга Я.Доржханд бол МАН-ын хүслийг үг дуугүй биелүүлэгч мэт ажиллаж байгааг хаа хаанаа шүүмжлэх болсон нь манлайлагч Ерөнхий нарийн бичгийн даргынхаа нэр нөлөөнд баахан халтай санагдана. Гэвч тэр хувь хүн учраас үүнийг хойш тавьж, гуравдагчдын зүгээс манлайлж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл гэдгийг нь дурдах хэрэгтэй.




У.САНЗАЙБАЯР