sonin.mn

Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн шийдвэрлэлтийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой. Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргээс 2026 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 28-ны өдрүүдэд анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн зарим хэргийн шийдвэрлэлтийг тоймлон хүргэж байна.


Авилгын хэргийн шийдвэрлэлт:


- Б.Б нь нийтийн албан тушаалтан буюу Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газрын Хяналт шалгалтын албанд хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа гаалийн бүрдүүлэлт хийдэг итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаалийн мэдүүлгийг түргэн шуурхай хянаж, зөвшөөрөл авах ашиг сонирхолд нийцүүлэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч, Н.Б, Д.Т, С.Ц-с нараас 2026 оны 2-5 дугаар саруудад 9 удаагийн үйлдлээр нийт 58.9 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар,


Гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч, Н.Б, Д.Т, С.Ц нар нь гаалийн бүрдүүлэлт хийхдээ бараагаа гаалийн хяналтын талбайд мэдүүлсэн хэмжээгээр татвар төлж, ямар нэгэн зөрчилгүйгээр бараа, материалыг гаалийн байгууллагаар түргэн шуурхай нэвтрүүлэн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор гаалийн улсын ахлах байцаагч Б.Б-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх)- т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.


Шүүхээс Б.Б-г нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдэж олсон 58.9 сая төгрөг улсын орлого болсныг дурдаж, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял,

Д.Ч, Н.Б, Д.Т, С.Ц нарыг хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2-3 жилийн хугацаагаар хасаж, 2.7-8 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн.


Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргийн шийдвэрлэлт: 


- Т.Ж, Н.Ү нар нь бүлэглэн 2025 оны 4 дүгээр сард Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт худалдааны төвд хууль бусаар нэвтэрч, үнэт эдлэлийн дэлгүүрээс 112 нэр төрлийн нийт 221.4 сая төгрөгийн үнэт эдлэл,

Т.Ж, Н.М нар нь бүлэглэн 2026 оны 1 дүгээр сард Дорноговь аймгийн Сайншанд нутаг дэвсгэрт худалдааны төвийн байранд хууль бусаар нэвтэрч, үнэт эдлэлийн дэлгүүрээс 194 нэр төрлийн нийт 273.4 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлж, бусдад нийт 494.9 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалт (орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлж, их хэмжээний хохирол учруулсан);

Н.Ү нь 2024 оны 6, 7 дугаар сарын үед хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын (дельта-9 тетрагидроканнабинол) агууламжтай “өвс” гэх хэрэглээний нэршилтэй, цэвэр жин нь 110.6 грамм хэмжээтэй ургамлыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн биедээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт (хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан) зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Т.Ж, Н.М нарыг бусдын орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож 3-4 жилийн хорих ял, 


Н.Ү-г мөнгө угаах, хориглосон сэтгэцэд нөлөөт болисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийт 2 жил, 6 сарын хорих ял тус тус оногдуулсан байна.        


Хүн худалдаалах гэмт хэргийн шийдвэрлэлт:


- Б.А, Ц.Л нар нь бүлэглэн 2025 оны 9-11 дүгээр саруудад нэр бүхий хохирогчийг эмзэг байдлыг нь далимдуулан биеийг нь үнэлүүлэх зорилгоор олон нийтийн сүлжээнд “санхүү авна” гэх зар байршуулж, Баянгол дүүргийн … байранд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, орогнуулан, Нийслэлийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслээр тээвэрлэн бусдад биеийг нь үнэлүүлж худалдаалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүн худалдаалсан);


Мөн 2025 оны 7 -11 дүгээр саруудад олон нийтийн сүлжээнд “санхүү авна” гэх зар нийтэлж, үйлчлүүлэгч олох замаар нэр бүхий иргэнийг биеэ үнэлэхэд нь зуучилж, биеэ үнэлэлтийг зохион байгуулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт (биеэ үнэлэлтийг зохион байгуулсан) зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.  Шүүхээс Б.А, Ц.Л нарыг бусдыг биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүн худалдаалсан, мөн бие үнэлэлтийг зохион байгуулсан 2 гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.А-д нийт 5 жил, Ц.Л-д 4 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ, гэмт хэрэг үйлдэж олсон орлого нийт 22.4 сая төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.