Европын улсуудын сөрөг учир, аацаа...
Хүн төрөлхтөн, хүмүүс бид дахиад л түгшүүрт автлаа, ирээдүй маань тодорхойгүй, тайван биш болчихлоо. Хоёр систем, хүйтэн дайны үед ч байгаагүй тийм ээдрээтэй нөхцөл, байдал үүслээ. Нөгөө л Америк, Англи хоёр зөрчлийг дэвэргэж, дайны гал дээр тос хийж эхэллээ. Барууныхан болон Оросын хоорондох зөрчил ёс юм шиг, хууль юм шиг л бүүр ч их хүчийг олон сэргэлээ. Урд өмнөх олон дайны хонзогнол ч Европын олон оронд хий үзэгдэл болон сэргээд цөөхөн жилийн дотор хүчээ аван амиллаа, бүр томоохон материаллаг хүч болж биежлээ. Үзэл санаа, зан үйл, ёсолгоо, мэндчилгээ, "баатрууд" нь хүртэл сэргэлээ, амиллаа. Сүүлчийн украин цэрэг алагдаж дуустал дайн үргэлжилнэ гэвэл, тэр хүртэл НАТО, Европын холбоо Украиныг бүх талаар дэмжнэ, зэвсэг нийлүүлнэ, мөнгө өгнө, тагнуулын мэдээгээр хангана, алсын тусгалтай хүчирхэг пуужингуудыг нь алсаас чиглүүлж өгнө гэвэл дайн дахиад ч 5 жил үргэлжлэх байх, олон ч сая хүн амь үрэгдэх, олон ч хот тосгон сүйрэх байх.
Дайн дэлхийн дайн болон өргөжиж ч мэднэ, цөмийн дайн болж хувирч ч мэднэ. Тэгэх аваас хүн төрөлхтөн нийтээрээ л хохирно, хордоно, бүр сөнөж, мөхөж мэднэ. Дэлхийгээр нэг тарчихаад байгаа монгол ахан дүүс маань ч амь хохирно.
НАТО-гийн гишүүн бүх улсад л монголчууд ажиллаж, амьдарч байгаа билээ. Байлдаж эхэлбэл хэн хэнийгээ устгаж, ялагч үл гарах хоёр том гүрэн л (Орос, АНУ) цөмийн дайныг хазаарлаж ч чадна, бас эв эвдрэн дайтаж дэлхийг маань сүйрэл рүү хөтөлж ч мэднэ. Энэ хоёр орны удирдлага л мэдлэг, туршлагатай, ухаалаг хүмүүс байгаасай билээ. Дэлхийн түүхээс үзэхүл европчууд ашиг харж, амьдрал эрж алт, мөнгө, ашигт малтмал, ан гөрөө элбэгтэй Америк тиврүү живж үхэхээс үл айн Атлантын далайг туулан явж очжээ. Тэд тун ч хялбархан их газартай, алт, мөнгөтэй, боол зарцтай болцгоожээ. Одоо харин яг л тэр цаг үетэйгээ адилхан Оросын том газар нутаг, их баялагруу шунаад байгаа бололтой. НАТО Оросыг баруун урд, баруун, баруун хойд талаас нь бүсэлчихлээ. "Орос, Украины дайнаар энэ хоёр орон хоёулаа сульдах нь гарцаагүй. Тэр цагт хоёулаа бидний идэш болно" гэж тооцож ч байж болох юм. Ямар ч болов тэд зэр зэвсэг үйлдвэрлэж дайнд бэлдэж эхэллээ. Энэнийгээ ч ил ярьдаг болов. Өнөөдөр тэдний ярьж, төлөвлөж байгаагаар л үйл явдал цааш өрнөвөл яанаа! НАТО, Орос хоёр байлдлаа гэхэд цөмийн аюулаас айгаад аль аль нь цөмийн зэвсэг хэрэглэхгүй бол 50 гаруй орны нэгдсэн хүчинд Орос ялагдах нь гарцаагүй. Арай ингэж дуусах юм биш байгаа даа?
Европын улсуудын түүхэн онцлог бол тэд үргэлж л зөрчилдөж, дээрээ доороо оролцож, аль алиныгаа муучилж, гоочилж, бүр олон арван жилээр хоорондоо байлдаж ирсэн явдал юм. "Польшууд бусад угсаатан, үндэстнийгээ үзэн яддаг. Жинхэнэ польш хүн польшуудаа ч үзэн яддаг" гэх үгийг ч сонсож л явлаа.
Нэгнийгээ эрэмбэлэх, дугаарлах, зэрэг дэвээрээ ихэрхэх, гарал угсаагаараа гайхуулах, нүүрэн дээр нь нялганаад цааш эргэмэгц нь муулах, зүхэх нь европ хүний түгээмэл шинж мэт харагддаг. Тийм дээрээс л Европын аль ч улс нацизм, фашизмаар өвчлөх магадлал нэн өндөр. Ер нь милитаризм, нацизм, фашизмд тэдний өртөмхий, дархлаа султай байх сул тал түүхэн олон шалтгаантай... Хамгийн олон -изм Европод л төрж, элдвээр туршигдаж байв. Философийн цаг зуурын моодны урсгалууд, тэдгээрийн нео гэх хэлбэрүүд, эдийн засгийн элдэв онол, мөн гол шашны нь олон урсгалууд Европод л төрсөн билээ. Тэр бүхнийг дагалдаад улстөрийн олон нам, наманцар, жигүүрүүд үүсч ил, далд идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлж байсан түүхтэй. Ийм байдал нь өнөөдөр ч гэсэн хэвээрээ л үргэлжилж байгаа юм. Дүрсэлж хэлэх аваас улс бүр нь л шоо шиг олон талтай, тал бүрээрээ, ирмэг ба өнцөг бүрээрээ хоорондоо элдвээр харилцдаг, элдэв тооцоо, хонзогнолоор ямагт л дүүрэн байдаг байв. Энэ нь тогтворгүй, тайван бус харилцаа, элдэв хувьсгал, өөрчлөлт, шинэчлэлийг үүдэж, нэгдэх, салах, нутаг дэвсгэрээ булаацалдах, улс нэг бүр нь бусдыгаа үзэн ядах, яльгүй шалтгаанаар зэвсэгт мөргөлдөөнд орох зэрэг сөрөг үзэгдлүүдийг ямагт л төрүүлсээр ирсэн түүхтэй. "Их Британийхан (элитүүд нь) хэн нэг нь (Европын аль нэгэн улс) Оростой байлдаагүй үед ямар уйтгартай байна вэ?" гэцгээдэг хэмээсэн үг ч буй ажээ. Орос ба Европын аль нэгэн орон, мөн Европын зарим орны хооронд болж өнгөрсөн дайн бүхэнд зарим улсын иргэд нь фронтын хоёр талд тулалдаж байсан тохиолдол ч олон юм.
Шашны урсгал хооронд гарсан зөрчлөөс үүдэж 40 шахам жил хоорондоо байлдсан, Наполеоны үед ч, Гитлерийн үед ч хоорондоо байлдсан шүү дээ! Бид л тэргүүлэх үндэстэн, бурхдаас шилэгдсэн хүмүүс гэх сэхүүн зан, хийрхэл анх Европод л гарсан, тэнд л хааяа хааяа сэргэж манддаг нь ч үнэн.
Немцүүд еврейчүүдийг яалаа, одоо еврейчүүд палестинчуудыг яаж байна, иранчуудыг яаж байна? Иймэрдүү жишээ олныг дурдаж болно... Өндөр хөгжилтэй, эртний түүхтэй, үнэт зүйлүүдээрээ дэлхийд тэргүүлдэг гэгддэг өөрийн үнэлгээтэй улс, үндэстнүүд атлаа зөрчил, мөргөлдөөнөөс салж чаддаггүй нь хачирхалтай, элдвийн хардлага төрүүлсэн үзэгдэл, тохиолдол юм шүү. Бараг зөрчил, зөрөлдөөн нэг бүрээ хүчээр, цэрэг зэвсгээр шийдэх гэдэг зан нь өвчин болж ужгирч, хүндэрсээр иржээ. Хүний тоо нь ихэд өссөн, хэрэглээ нь ихэд нэмэгдсэн, материал, баялаг нь хомсодсон, цагаачдын хөлд дарагдсан гэх мэтийн олон бэрхшээл байгаа нь үнэн. Өнгөрсөн олон дайны үлдээсэн олон зүсмийн сөрөг үр дагавар ч байгаа. Нацист, фашист үзэл санааг тээгчид ч олон, хонзогногчид ч цөөн бус. Энэхүү сөрөг бүхнийг сэргээх, ашиглах гэсэн гадны хүч хажууханд нь ч буй, Атлантын далайн цаана ч буй. Тэдний гар хөл болсоор Украин улс мөхөх бололтой. Барууныхан болон Оросын хоорондох зөрчил улам л их илчлэгдэж, өөрөө хатиг мэт буглаж үлдэх төлөвтэй болчихлоо. Барууныхны санаархал Оросын хувьд тодорхой болов. Дэлхий дахинд ч илчлэгдлээ. Бусад улс орнууд хэнд нь, хэзээ, яаж хандахаа ч товлон тогтоов бололтой... Барууныхан, Орос хоёрын хоорондох дайн шатлан өргөсөөд л байх юм бол дэлхийг сөнөөх ч аюултай. XXI зуун дахь бүх зөрчлийн том нь, асар их хор хөнөөлтэй нь ч энэ зөрчил, энэ дайн мөн болно.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Даваа - 09 сарын 14,
2026
Сэтгэгдэл1
Русофобиа гэж Барууныхныг яллаж байгаа хулхи Европ Оросууд өөрсдөө Азийнхныг, тэрэн дундаа газар нутгийг нь өөрийнхөө гэдэг багуудаа доорд үзэж доромжилж устгаж ирсэн.Сионист Оррс их гүрэн биш, эдийн засаг нь дэлхийн 1,0 хувь.Аппле компаниас ч бага.