Түүхэн дурсамж буюу Халх голын тулалдаанд ялалт байгуулсны ойд зориулав
Энэ сард Халх голын дайнд ялалт байгуулсан ээлжит ой тохиож буй. Монголд ч, Оросод ч, Японд ч тэр үеийн тулалдаанд оролцож явсан хүн бараг үлдээгүй хэдий ч судлаачдын дунд уг үйл явдлын шалтгаан, өрнөл, үйл явц болон үр дүнгийн талаарх маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилсээр...
Монгол Улс өөрөө Квантуны армиас газар нутгаа хамгаалж чадах байсан, бүх юм Зөвлөлтөөс болсон хэмээн зарим нь буруутгадаг болжээ. Үүнтэй хамт Халх голын дайныг өдөөсөн гол эзэн нь ЗХУ гэсэн гүтгэлэг гуравдагч орны хэвлэл мэдээллээр гардаг төдийгүй тэдний эрдэмтэн судлаачдын ийм байр бүхий нийтлэлүүд хэвлэгдсээр буй юм.
Түүгээр ч зогсохгүй Бүгд Найрамдах Монгол Ард Улсад тоталитар дэглэм тогтоох гэсэн Зөвлөлтийн арга хэмээн бичдэг. Гэвч өнөөдөр бид түүхэн баримтаа мушгин гуйвуулсан гүтгэлгээс салах цаг нь болжээ. Үнэн хэрэгтээ Хятадыг бүрэн эзлэх гэсэн Японы төлөвлөгөөнд Монголыг мэдэлдээ авах санаархал орсон байсан тухай манай нэртэй эрдэмтдийн түүхэн баримтат тулгуурласан нийтлэлүүд хэвлэгдсэн нь бий. Тухайлбал, нэрт судлаач, дипломатч Р.Болдын 2015 онд уншигчдын хүртээл болгосон “Зарлаагүй дайн: Халхын голын байлдааны цэрэг, дипломатын түүх” номыг нэрлэж болно. Уг бүтээл нь 2019 онд орос хэлээр хэвлэгдсэн юм. Номын нэг бүлэгт япончууд XX зууны эхэн болон Бүгд Найрамдах Монгол Ард Улс байгуулагдах үеэс Монголын газар нутагт хэрхэн тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан талаар өгүүлсэн байдаг. Японы тагнуулын алба Монгол төдийгүй Зүүн өмнөд Азийн бүхий л оронд тагнах үйл ажиллагаа явуулж байлаа. Энэ нь бүр XIX зуунд төлөвлөгдсөн акц бөгөөд 1930-аад оноос Японы “Мэдзиг сэргээх ажиллагаа”-ны хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Халх голд болсон тулаан энэ төлөвлөгөөний нэг хэсэг нь буюу эзлэн авах ажиллагаа байсан хэрэг. Тиймээс Халх голд болсон үйл явдлын үр дүнгээр нь авч үзэх нь зүйтэй болов уу.
Өнөөдөр манай улс Японтой найрсаг харилцаатай, харилцан ашигтай хамтын ажиллагаатай. Мэдээжийн хэрэг хоёр улсын аль аль нь хоёр талын харилцааг, тэр дундаа улс төрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэлтэй.
Монголын хувьд Япон бүс нутаг дахь гол түнш төдийгүй хөрөнгө оруулалт болон санхүүгийн дэмжлэг үзүүлдэг “гуравдагч” хөршүүдийн нэг болжээ. Түүнээс гадна соёл иргэншлийн хувь бидэнтэй ойр бөгөөд зах зээлийн эдийн засаг, ардчиллыг хөгжүүлэхэд ер бусын амжилтад хүрсэн Азийн улс орнуудаас бидэнд үлгэр жишээ болдог. Харин Япон Монголыг байгалийн нөөцийн эх үүсвэр, мөн бараа бүтээгдэхүүнээ борлуулах жижиг боловч чухал зах зээл хэмээн хардаг. Манай улс төвийг сахих байр суурь баримталдгаас гадна бүс нутгийн улс орнууд болон барууны орнуудтай найрсаг харилцаатай. Тиймээс Монгол Улс нь тус бүс нутгийн төдийгүй Японы санааг ихэд зовоодог олон улсын тулгамдсан асуудлыг зохицуулахад нөлөө үзүүлэх боломжтой улс юм. Жишээ нь, Солонгосын хойгийн асуудлыг дурдаж болно. Сүүлийн хэдэн арван жилд манай улс төрийн дээдчүүд болон энгийн иргэдийн дунд Японы талаарх ойлголт нэлээд өөрчлөгдсөн. Олон жилийн туршид манай бүрэн эрхт байдалд заналхийлэгч хэмээн үздэг байсан бол сүүлийн жилүүдэд манайд санхүүгийн дэмжлэг үзүүлж, соёлын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн. Ингэснээр монголчуудын дунд өөрийн улс орны талаарх дүр төрхийг бүрэн өөрчилж чадсан бөгөөд хамтын ажиллагааны хэлбэр нь Монгол-Японы стратегийн түншлэлийн гэрээгээр баталгаажсан билээ. Гэвч түүхэн санамж гэж бий.
Бид энэ санамжаа зах зээлийн эдийн засгийн үед “худалдсан” юм биш биз? Нэгдүгээрт, Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй. Ялангуяа манай ахмад үеийнхэн ингэхийг хүлээсээр байгаа. Хоёрдугаарт, Халх голд болсон үйл явдлын гол буруутан нь Зөвлөлт төдийгүй Монгол болж хувирах вий.
Гуравдугаарт, дэлхийн II дайн дууссаны дараа буюу 1945 онд Монголд хоригдож байсан япон цэргүүдийн өмнө бид буруутан болохдоо хүрсэн. Энэ бол яахын аргагүй түүхийг илт гуйвуулж буй хэрэг. Үүнээс гадна олон асуудал бий. Тиймээс Японтой найрсаг харилцаатай хэдий ч бид түншүүддээ илэн далангүй үнэнийг хэлэх нь зүйтэй. Ер нь үнэнийг сонсоход тийм ч таатай байдаггүй. Гэвч Азийн орнуудын ард иргэдийн эсрэг геноцид үйлдэж, химийн зэвсэг хэрэглэсэн явдал, олзны цэргүүд болон жирийн хүмүүс дээр туршилт хийж байсан зэрэг баримтуудыг үгүйсгэх аргагүй. Энэ бүхнийг бид баримттайгаар хөндөх нь зүйтэй. Эс тэгвээс эргээд хэзээ нэгэн өдөр бид өөрсдөө буруутан болж “түрэмгийлэгч” гэгдэхэд хүрч болзошгүй юм. Халх голын дайн Монгол Улсын, монголчуудын эх орноо хамгаалах эрх чөлөөний төлөөх тэмцэл, баатарлаг түүхийн нэгэн хуудас болж бидний ой санамжид мөнхөрч үлджээ. Өдгөө ч 1939 оны түүхэн дурсамжийг бидний зүрх сэтгэлээс бүдгэрүүлэхгүй хэмээн манай залуус орос залуустай хамтран тулалдаан болсон газруудад эрэл хайгуулын ажил хийсээр яваа. Монголчууд дайнд амь үрэгдсэн бүх хүнийг хүндэтгэн, амь үрэгдсэн япон цэргүүдийн шарилыг Японы талд хүлээлгэн өгсөн. Энэ талаар харин япончууд нийтлэг хэмжээнд мэддэг болов уу?
Дэлхийн II дайны он жилүүдэд Зөвлөлтөд тусламж үзүүлэх үйл хэрэгт монголчуудын оруулсан гавьяаг ч үнэлж барагдашгүй. Өнөөдөр бид өнгөрсөн үеэ эргэн нэг харцгаах ёстой болжээ. Халх голын дайны талаар гуйвуулсан мэдээлэл түгээдэг талуудын байр суурь гэв гэнэт гайхамшиг тохиож өөрчлөгдөнө гэж найдахад бэрх юм.
Дэлхий дахиныг бүхэлд нь хамарч буй өнөөгийн нөхцөл байдалд ч энд томоохон нөлөө үзүүлж байгааг нуух хэрэггүй. Олон улсын байдал ээдрээтэй байгаа өнөө үед бид гуравдагч хөршийн байр суурийг хүндэтгэн үзэх ёстой ч үүний адил манай гуравдагч хөршүүд Монголын түүх болон манай мөнхийн хөрш, хүнд хэцүү цагт хамгийн сайн хань нөмөр болж явсан Оросын түүхэнд хүндэтгэлтэй хандах ёстой билээ. Түүхийг гуйвуулахгүйн тулд ч бид хичээх ёстой. Их түүхээ мартах, монголчуудын үндэсний ухамсрыг бүдгэрэн доройтуулахгүй байх, улс орныхоо ой санамжийг хадгалан хамгаалах чиглэлээр улстөрчид, эрдэмтэд, ахмад дайчид, багш нар болон залуучуудын байгууллага тууштай ажиллаж байж, ийм эрсдэлээс хамдаа сэргийлж чадах билээ.
Д.Цэрэнсамбуу
Баасан - 08 сарын 28,
2026
Сэтгэгдэл0