sonin.mn

Прокурорын байгууллага 2026 оны 8 дугаар сарын байдлаар Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйл “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах”-д зааснаар яллагдагчаар татагдсан 227 хүнд холбогдох 156 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 21-ний өдрүүдэд 3 хүнд холбогдох 3 хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлснээс шүүх 2 хүнд хорих ял, 1 хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байна.


Шүүхээр шийдвэрлүүлсэн хэргүүдийг тоймлон хүргэвэл:


-С.З (44 настай, эмэгтэй) нь 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Чингис Хаан Олон улсын нисэх онгоцны буудалд Станбул-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор газардаж, Монгол Улсын хилээр нэвтрэхдээ өөрийн ачаа тээшинд метамфетамины агууламжтай 165.5 грамм цэвэр жинтэй “мөс” гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн, Мөн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ метамфетамины агууламжтай 33 грамм цэвэр жинтэй “мөс” гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 3 дахь хэсгийн 3.3 (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.


Шүүхээс С.З-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож 4 жилийн хугацаагаар хорих ял, мөн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 6 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, хорих ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 10 жилийн хугацаагаар тогтоож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.


-С.Б (44 настай, эрэгтэй) нь 2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс метамфетамин (methamphetamin), фентермин (phentermine) зэрэг бодисын агууламжтай, 42.8 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, улмаар 2026 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудлын өрөөнд хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.


Шүүхээс С.Б-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.


-Э.Т нь (48 настай, эрэгтэй) 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс метамфетамины (methamphetamine) агууламжтай, "мес" гэх хэрэглээний нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүрэг 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0.8 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.


Шүүхээс Э.Т-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жилийн хугацаагаар (оршин суух нутаг дэвсгэрээс гарахгүй байх) зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн байна.


Иргэн танд


Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг нь нийгмийн ухамсар, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд хор хохирол учруулдаг тул тухайн төрлийн гэмт хэргийн хохирол, хор уршиг, үр дагаврыг нийтийн эрх ашигт аюул учруулж болох нөхцөл байдлаар үнэлж дүгнэдэг. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нь хүний төв мэдрэлийн системд нөлөөлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болгож, "мансуурах" хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүд нь гэмт хэрэгтээ ойр дотны хүмүүсээ татан оролцуулж, бусдыг дахин хэрэглэх зуршлыг бий болгож, худалдаалж буй хүмүүст санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлж, хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд доройтуулдаг нийгмийн хор аюул, уршиг ихтэй учраас Эрүүгийн хуулиар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн үйлдлийг гэмт хэрэгт тооцдог.