Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн намаржин 21 аймгаар тойрсон. Түүний хувьд Ерөнхий сайд нараас анх удаа аймгуудаар нэг бүрчлэн явсан. Тэрээр ингэхдээ “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлого дахь “онол”-оо хэрхэн практикт буулгах судалгаа, басхүү бүсчилсэн хөгжлийг ойлгуулах сурталчилгаа хийсэн бололтой. Тэгж явж ирээд 2024 оны Төсвийн хуулийг УИХ-д өгөхдөө “Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн 30 жилийн нийгэм, эдийн засгийн явцад бүхэлд нь үнэлэлт дүгнэлт өгч, шинэ 30 жилийн эхлэлийг зөв тавих суурь реформын асуудалд үндсэн анхаарлаа хандуулсаар ирлээ. Мэдээж 30 жилийн бугширсан асуудал гурван жилд бүтэн засагдахгүй ч иргэдийн мэдэх эрх хангагдаж, нийгмийн дүгнэлт зөв чигт тогтож эхэлж байгаа нь 21 аймгаар иргэдтэйгээ илэн далангүй санал шүүмжлэл өрнүүлж, 8-10 цаг үргэлжилсэн уулзалтуудын үеэр биечлэн мэдэрлээ. УИХ-ын гишүүд ч хамт байсны хувьд надтай дүгнэлт ижил байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Бид 2024 оны улсын төсөв бол хот ба хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг дэмжих суурь агуулгатайгаар боловсруулж та бүхэнд танилцуулж байна. Тойрогт хандсан хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, олон улсын байгууллагуудын зөвлөмжид үндэслэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хөдөөгийн сэргэлтийн “Таван цагариг зам” төслийг эхлүүлж байгаа нь 2024 оны төсвийн жилийн гол онцлог” гэсэн.
Гэхдээ аймгуудаар явсан нь ганц төсөвтэй холбоогүй байв. Ирээд аймгуудыг бүсчилсэн. Зөвхөн эдийн засгийн хувьд л гэхэд ямар "зураг” гаргаснаа тэрбээр олон нийтэд танилцуулсан. “Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн бүс эрчимжсэн ХАА, газар тариаланг шинэ түвшинд гаргаж, хүнс экспортлогч бүс болж эдийн засгийг төрөлжүүлж чадах уу. Энэ бүс нутагт татварын ямар орчин хэрэгтэй вэ? Энэ бүсэд гурван аймгийн 320 мянган хүн амьдарч, ДНБ нь хоёр их наяд 900 тэрбум төгрөг байна. Мөн улсын хэмжээнд үр тарианы 70.2, хүнсний ногооны 66, төмсний 79.4 хувийг хангаж байна. Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дундговь аймгийг аж үйлдвэр, уул уурхайн томоохон төслүүд, хэрхэн хоорондоо интергацид орох вэ.
Хэрхэн аж үйлдвэржсэн улс болох вэ. Говийн бүсийн тэнцвэрт хөгжил, улсжуулалт, шар шороон шуурганы асуудлыг яаж шийдэх вэ. Энэ бүсийн хүн ам 207 мянга, ДНБ нь дөрвөн их наяд төгрөг. Экспортын дөрвөн шинэ төмөр замтай. Оюу толгой, Тавантолгой, Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг мега төслүүд хэрэгжиж байна.
Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймгийг Баруун бүс нутаг. Сэргээгдэх эрчим хүчний экспортыг олон улсад гаргаж ирэх боломж юу. Хүн ам 473 мянга, ДНБ нь гурван их наяд 424 тэрбум төгрөг. Баруун бүс нь Монгол орны газар нутгийн 26.5, хүн амын 16 орчим, мал сүргийн 30 гаруй хувийг эзэлдэг. Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгийг уламжлалт мал аж ахуйдаа түшиглсэн хөнгөн аж үйлдвэрлэл, түүхэн дурсгалт хот байгуулалтын асуудал. Хүн ам 295 мянга, ДНБ нь хоёр их наяд 208 тэрбум төгрөг. Энэ бүс нутаг 13.7 сая малтай. Орхон, Булган, Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс. Хүн ам 535 мянга, ДНБ дөрвөн их наяд 849 тэрбум төгрөг. Улсын хэмжээнд аж үйлдвэрийн салбарын 25 хувийг бүрдүүлж байна. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийг түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс болж эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлж, тэнцвэрт хөгжлийг хангах тухай ярилцмаар байна. Хүн ам 229 мянга, ДНБ хоёр их наяд 444 тэрбум төгрөг. Зүүн бүсэд нийт адууны 23, үхрийн 18 хувь бий. Нийт үр тарианы 8.9 хувийг бүрдүүлдэг. Энэ бүс нь газарзүйн байршлын давуу талаа ашиглан олон улсын түвшинд Зүүн хойд Азийн эдийн засгийн интеграцид нэгдэхэд “Монгол-Орос-Хятад”-ын эдийн засгийн коридор байгуулахад гол нутаг болох боломжтой. Нийслэл хотыг төр, эдийн засаг, соёлын бүс болгохоор тусгасан. Улаанбаатарт нэг сая 539 мянган иргэн амьдарч, ДНБ нь 33 их наяд 851 тэрбум төгрөг байна. Энэ бол нийт хүн амын 49, ДНБ-ий 65 хувийг бүрдүүлдэг” хэмээсэн. Улмаар он солигдохын өмнөхөн УИХ-аас 2024 оны сонгуулийг бүсчилсэн том тойрогт явуулахаар болсон.
Л.Оюун-Эрдэнэ өөрөө ч УИХ дахь намынхаа бүлгийн хуралдаан дээр “Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуулийн тойргийг бүсчилсэн байдлаар тогтооход харшлах хууль эрх зүйн зөрчил, хуульд нэмэлт өөрчлөх оруулах шаардлага гарахгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Түүнчлэн 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлт нь эрх мэдлийн хэт төвлөрлийг задалж, нийгмийн сегмент бүрийн төлөөлөл, олон нам парламентад сонгогдох боломжийг бүрдүүлж, эрх баригчид сонгууль дөхөхөөр сонгуулийн хуулийг өөрчилдөг асуудлыг эцэс болгож, сонгодог парламентын засаглал төгөлдөржиж, шинэ 30 жилийг цоо шинээр эхлүүлэх шинэ дүрмийг тогтоож чадсан. 2024 оны улсын төсвийн реформын гол концепц нь тойрог шүтсэн төсвийн тогтолцоог халж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлж, улсын төсвийг төлөвлөж, санхүүжүүлдэг тогтолцоонд шилжиж, үндэсний хэмжээнд нийгэм эдийн засгийн үр өгөөж, ТЭЗҮ-д тулгуурлаж, шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн өмнө нь эхлүүлсэн төслүүдийг үр ашигтай дуусгах зорилт байсан.
2024 оны улсын төсөв бол УИХ-ын тойрогт хандсан хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-д нийцүүлж, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг дэмжих үндсэн зорилготой. УИХ-ын сонгуулийн тойргийг бүсчилсэн хөгжлийн бодлогод нийцүүлж, өнөө маргаашийн эрх ашиг бус. хөгжлийн ирээдүйн бодит зорилгын ТӨЛӨӨ нэгдэхийг уриалж байна" гэж байв. Харин одоо хотоор “холхиод” хэд хонолоо. Хот, тэр дундаа хороодоор явж ажиллаж байгаа аж. Мөн л Ерөнхий сайдын хувьд анх удаа Л.Оюун-Эрдэнэ ингэж хороодод ажиллаж буй юм байна. Хамгийн гол нь энэ бас л бүсчилсэн хөгжилтэй холбоотой. Аймгуудыг бүсчилсэн, хот ч адилхан. Наад зах нь сонгуулийн тойрог хуваарилалтыг харахад аймгуудад долоо, хотод зургаа, нийлээд 13 тойрогтой болсон. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ ингэж явсныхаа үр дүнд хоттой холбоотой томоохон шийдлүүд гаргах бололтой.
Ө.БААСТ
Сэтгэгдэл10
Данхыг долоодог Бааст гээд нөхөр гарч ирсэн юмуу !
Зууны мэдээ
сүр сүр гарчиг нэр томьёонууд байнаа
том обьект цемент овоолго битгий барь гээд байхад. нефтьээ бүгдий нь зарчихсан. одоо барьж байгаа үйлдвэрээ яах вэ гэх юм.
бүсчилсэн төлөвлөгөө соцын үед хийгдчихсэн маш сайн төлөвлөгөө байгаа шдээ.
Ер нь бүсээр хөгжих нь зөв.
Намаржин явахдаа малчдын өвлийн бэлтгэлд анхаарах нь яасан юм. Залхуу малчдыг татвар төлөгчдийн мөнгөөр эрхлүүлэхээ боль.
Оюунэрдэнээс дандаа шинэ бодлого шинэ санаа гардаг тэр бол дандаа түрүүлж сэтгэдэг түрүүлж боддог жинхэнэ лидер
3 сарын дараах зудны алсын хараа байхгүй шүү дээ
Хөдөө ороэ эутгаа яаралтай эрчимт аж ахуйд шилжүүлэх хэрэгтэй. Хятадуудад орон зай бэлдэж өгч байгаа юм шиг л санагдах юм. Ирээдүй эрчимт хөдөө аж ахуй шүү дээ. Монгол нутаг эзэнтэй фермерүүдээр дүүрч бүтээгдэхүүнээ гадаад гаргаж, дотооддоо өрсөж хүнс хямдарна.