sonin.mn

Нэн эрт бүрэлдэж бүтсэн угсаатнуудын нэг нь Монголчууд



Дэлхий дээр маань өнөөдөр байгаа 200 гаруй улс орон нэн эртний түүхээ бараг бүгд л үлгэр, домгоос улбаалан ярих, бичих байх. Харин нэг хэсэгт нь тиймэрдүү үлгэр, домог ч байхгүй байж мэднэ. Египетчүүд гэхэд л эртний түүхээ одоогоос 6000 жилийн өмнөөс эхтэй гэгдэх элдэв домогт тулгуурлан өгүүлдэг. Тэр нь ч үнэний хувьтай. Учир нь тэдэнд одоогоос 4600 орчим жилийн өмнө баригдсан гэх асар том хэмжээтэй чулуун пирамид бий. Төр улс, хаан, ард иргэд, боолчууд байж байж л тийм том байгууламжийг бүтээх бололцоотой. Тэгэхлээр египетчүүд 6000 гаруй жилийн төрийн түүхтэй нь тодорхой юм. 

Хятадууд ч эртний түүхээ домгоос улбаалан ярьдаг, бичдэг. Домогт дурдагддаг хаад, улсаас нь Азийн хүн ам эх үүсвэр авсан мэтээр өгүүлдэг. Энэ үзэл санаа ужгирч, давтагдсаар “Хятад төв”-ийн онол гарч ирж, бэхэжсэн байна. Домгуудын хамрах жилүүд нь одоогоос 8000 орчим жилийн өмнө байсан Шар хаан Хуанди-гийн үеэс эхэлдэг. Эртнээс уламжлагдсан домгууд нь археологийн олдворуудаар нотлогдсоор байгаа болохоор домгийн гэгдэж байсан Ся улсын түүх ч бичигдэж эхэлжээ.


Археологийн олдворуудын шинжилгээг орчин үед олон талаас нь, нарийн багаж, оновчтой аргачлалаар, олон лабораторид хийж буй болохоор үнэний хувь нь бараг л 100% болтлоо дээшилсэн ажээ. Тэгэхлээр Хятадын эртний улсуудын түүх үнэн мөнөөрөө сэргээгдэж, дагалдаад хойд хөрш нь байсан нүүдэлчдийн түүх ч тодорсоор байна. 


Шар хаан Хуанди ч тэр үеийн нүүдэлчдийн эсрэг цэрэглэн хөдөлж тэднийг хойш нь түрэн холдуулж байжээ. Мал аж ахуй, ан гөрөө эрхэлж аж төрдөг нүүдэлчид ч мөн тэр үед төртэй, цэрэг, зэвсэгтэй байсан бололтой. Домог болон дурдагдах хэмжээний дайн байлдаан ижлэвтэр зиндааны цэрэг, улстөрийн хүчнүүдийн хооронд л гарсан байх нь тодорхой билээ. 

Египетийн пирамид 4600 жилийн настай байхад манай буган чулуун хөшөөнүүдийн эртнийх нь мөн л 4000 орчим жилийн настай байна. Дөрвөлжин булшнууд, хиргисүүрүүд ч бас 4000-3000 жилийн настай гэгддэг билээ. 

Одоогоос 4-5 мянган жилийн өмнө хамгийн бөх бат, нар, салхины нөлөөнд бараг автагддаггүй, хүнд жинтэй материал болох чулуугаар хөшөө дурсгал босгох хүн хүч, зарлиг тушаал, багаж зэвсэг зөвхөн, ганцхүү төр засагтай ард түмэнд л байсан байх учиртай. Овор ихтэй, хүнд чулуугаар буган чулуун хөшөө урлах, том хиргисүүр, том булш бүтээх ажлыг жижиг овог, аймаг ч хийсэн байх боломжгүй. Тэдгээр нь төрийн шийдвэр, хүчээр л хийгдсэн байх нь үнэнд нийцнэ.


Хятадын улсуудаас (Ся, Шан, Жоу, Цин) нүүдэлчидтэй хийж байсан дайн тулалдааны хэмжээ, далайц, үргэлжилсэн цаг хугацаа ч гэсэн нүүдэлчид төртэй, цэрэг, зэвсэгтэй, сайн зохион байгуулалттай байсныг гэрчилдэг. Жишээ нь Шан улсын Үдин ван нүүдэлчидтэй гурван жил байлдаж байж тэднийг ялж холтгов гэсэн нь буй.

Энэ дайн одоогоос 3100 орчим жилийн өмнө болжээ. Хүч чадал ойролцоо хоёр төр улс л гурван жилийн туршид тасралтгүй байлдах боломжтой. 

Жоу улсын ван Кан нүүдэлчдийг довтолж 10 гаруй мянган хүн, олон тооны агт морьд, мал олзлон авсан гэх мэдээ мөн буй. Энэ үйл явдал одоогоос 2979 жилийн өмнө болжээ. 


Хятадын улсууд олон хүн амтай, хүчирхэг байсан хэдий ч нүүдэлчид тэдэнтэй эн чацууран тулалдаж, ялж, ялагдаж байжээ.


Мөнхүү нүүдэлчдийн төр улсуудын цэрэг, зэвсгийн хүч, хэмжээ одоогоос 2400 жилийн өмнө гэхэд л Хятадынхаас давуу байсны улмаас Жоу улсын ван Үлин цэргүүддээ Хүннүгийн морин цэргийн байлдах урлагаас суралцахыг тушаасан зарлиг гаргаж байв. 

Монголчууд одоогоос 10 орчим мянган жилийн өмнө аргаль, янгирыг, 6-7 мянган жилийн өмнө тахь, хавтгайг гэршүүлж, гаршуулаад, мөн л тэр амьтдын унаган нутаг газарт нь аж төрсөөр байсан болохоор Хятадын улсуудтай тэмцэлдэн тулалдсаар ирсэн нүүдэлчид бол бидний өвөг дээдэс болох нь тодорхой юм. Тэгээд ч монголчуудын түүхэн газар нутагт байж Хятадын улсуудтай тулалдаж байснаа түүх болгон бичих, дурдах нүүдэлчид одоо хэр гарч ирээгүй л байгаа билээ. Бидний өвөг дээдэс хойшоо, урагшаа, баруунчаа, зүүнчээ хөдөлж, шилжиж байсан боловч эргээд л энэ унаган нутагтаа эзэн болон үлдсээр, хүчирхэгжиж, бас задарсаар, зарим хэсэг нь баруун тийшээ, мөн урагшаа тасран одсон нь үнэн болно. 


Хятадууд олон жижиг улс болон задарсан үед нь нүүдэлчид бүр ч их түрэмгий ааш авир гаргаж хойд хэсгээр нь цөмрөн орж нутаглаж байсан тохиолдол ч цөөн бус. Олон улсыг нэгтгэн захирсан Ши Хуанди хаан 300.000 цэрэг гарган Хүннүг дайлж, их говийн ард гарган холтгоод аюулгүй байдлыг эрхэмлэн Түмэн газрын Их цагаан хэрмийг барьж байнгын цэрэг суулгажээ. Энэ бол түүхэнд урд өмнө байгаагүй хүнд, нүсэр их ажил, онцгой арга хэмжээ байв. Энэ үйлдэл одоогоос 2230 орчим жилийн өмнө хийгджээ. Гэтэл бид энэ дурдагдан буй урт их хугацааны турш дахь түүхээ, төр улсын түүхээ өдий болтол бичиж амжаагүй яваа билээ. Эх түүхээ 30 ботиор бичихдээ энэхүү хоосон зай, харанхуй үеийг эрх биш бодолцож байгаа биз гэж найдах юм даа... 

Одоогоос 4000 гаруй жилийн өмнө гэхэд өвөг дээдэс маань өөрийн гэсэн (бүр биеэ даасан, өөрийгөө бүрэн тэтгэдэг) аж ахуйтай, өөрийн хэлтэй, бүтээсэн соёлтой, унаган гэхээр газар нутагтай байжээ. Тэгэхлээр тэд угсаатны хувьд бүрэн төлөвшчихсөн, өвөрмөц төртэй, өөрийгөө хамгаалж чадах зэр зэвсэгтэй, олон мянган эрчүүдийг дайчлан цэрэглэн тулалдах чадавхтай, Хятадын улсуудтай өрсөлдөн, чацууран дайтдаг ч байжээ. Бусад угсаатны нүүдэлчдийг оройлон, хүчлэн нэгтгэж Хүннү гүрнийг ч байгуулжээ.


Хүннү гүрэн задрахын цагт монголчууд олонхи болсон хэсэг нь ч унаган нутагтаа үлдэж, өсөж, өндийсөөр байжээ. 


Хүн төрөлхтний хөгжлийн түвшин Африкт (Египет), Америкт (Маая нар), Азид (Хятад, Энэтхэг, Нүүдэлчид), Европод (Грекүүд) түүхэн цаг цагтаа ойролцоодуу байжээ. Археологийн олдворуудаар энэ нь нотлогддог. Тэгэхээр 5-6 мянган жилийн өмнөх Египетийн хэмжээ, түвшинд дүйцэх хөгжил Азид ч, нүүдэлчдийн нь хувьд ч мөн буй болчихсон байх учиртай билээ. Тийм байжээ гэдгийг бид их л хожуу таньж, мэддэг, бичдэг болов. Монгол угсаатан бүрэлдэж бүтсэн цаг хугацааг (нүүдэлчдийг доорд үздэг алдаатай байр, сууринаас шалтгаалан) ихэд хойшлуулж тооцож ирсэн нь олон олон төөрөгдлийг үүдэж, ойлгомжгүй, логикгүй байдлын шалтгаан болсоор байсан нь үнэн юм.  


Суурьшиж, хот улсуудаар дамжин төв төртэй болж, боолуудын хүчийг ашиглан услах систем, томоохон барилга байгууламж, хэрэм цайз мэтийг бүтээж асан улсуудын нөлөө, хаялга нүүдэлчид, анчид, загасчдын хувьд цаг цагтаа их хүчтэй байсан нь ч тодорхой билээ. Төртэй, цэрэг зэвсэг сайтай болсон нүүдэлчид ч суурин иргэдэд халдаж, тэдний нэг хэвийн амьдрал, зогсонги төлөв, боолчуудын хөдөлмөрт тулгуурласан том эзэнт гүрнийг ч задалж, мөхөөж ирсэн нь бас үнэн болно. Персүүд, түрэгүүд, монголчууд энд жишээ болон дурдагдах учиртай. 


Угсаатан бүрэлдэх, төлөвших процесс бол үйлдвэрлэх хүчний хөгжил, хөдөлмөрийн багаж, зэвсгээс хатуу хамаарах шүтэлцээгүй үзэгдэл юм. Нийгмийн нийтлэгүүдийн үүсэл, хөгжил бол хүмүүсийг нэгтгэж, ижилсүүлж, төрөлсүүлж байдаг тэр хүчин зүйлүүдээс л эн тэргүүнээ хамаардаг жамтай. Энэ зүй тогтол суурин иргэдийн хувьд ч, мөн нүүдэлчдийн хувьд ч ав адилхан байсан нь түүхээр нотлогдсон болно. 


Хатуу болон зөөлөн бодлогыг хослуулсаар Хүннү гүрнийг бүтээсэн цөм угсаатан нь монголчууд байсан, тэд Хятадын улсуудтай эн чацууран харилцаж, дайтаж, ялж, ялагдаж ч байсан. Цаашдаа Их Монгол улс, Монголын эзэнт гүрэнг цогцлоон байгуулж, дэлхий дахиныг нэгэн том хөлөг онгоцны зорчигчид болгож холбосон хүчний цөм нь мөн монголчууд байсан нь үнэн. Эрт бүрэлдсэн, бүтсэн угсаатан болохынхоо хувьд тэд хүчтэй, идэвхтэй, шашин суртлын хувьд олон ургальч, хууль дээдлэх өндөр соёлтой байсан нь ч үнэн болно. 

“Монголчуудын түүх Чингис хааны үеэс л эхэлдэг” хэмээн ярьж, бичиж байсан цаг үе, түүхчид, судлаачдын алдаа, төөрөгдлийг залруулах хэрэгтэй. 


Судлаач, профессор Д.Чулуунжав