sonin.mn

Ерөнхий сайд Никол Пашинян тэргүүтэй Армени улсын засгийн газрын бүрэлдэхүүн өнөөдөр огцрох өргөдлөө Ерөнхийлөгч Ваагн Хачатурянд хүргүүлсний дараа төрийн тэргүүн огцруулах тухай зарлигт гарын үсэг зуржээ. Энэ тухай “Арменпресс” агентлаг мэдээллээ.


Пашиняны ярьснаар, огцрох шийдвэр нь 9 дэх удаагийн сонгуулиар шинээр байгуулагдаж буй Арменийн парламент болох Үндэсний хурлын анхдугаар чуулган эхэлж буйтай холбоотой бэлгэдлийн шинжтэй алхам ажээ.


Засгийн газар огцорсны дараа парламентад олонх болж буй нам эвслийн зүгээс шинэ ерөнхий сайдын нэрийг дэвшүүлэх бөгөөд түүнийг нь төрийн тэргүүн батлах ёстой. Энэ үйл явц өнөөдөр болж дуусах төлөвтэй байна. 6 дугаар сарын 7-нд болсон Арменийн парламентын сонгуульд Пашиняны тэргүүлсэн “Иргэний гэрээ” нам 49.81 хувиар ялалт байгуулсан билээ. Иймээс Пашинян шинэ засгийн газрыг тэргүүлэх нь тодорхой байгаа юм.


Тэрбээр 6 дугаар сард хэлэхдээ “Иргэний гэрээ” нам дангаараа засгийн газраа байгуулна" гэж байв. Харин сөрөг хүчнийхэн түүний энэ шийдвэрийг “төрийн эрх мэдлийг хууль бусаар булаан авсан үйлдэл” хэмээн буруушаажээ.


Өнгөрсөн 2025 онд Н.Пашинян Европын Холбоотой ойртон нягтрах чиг шугамыг хуулинд тусгасан нь Москватай сөргөлдөхөд хүргэсэн юм. Харин Арменийн удирдлага мэдэгдэхдээ, Оростой харилцаагаа таслах зорилго бидэнд байхгүй гэж байв. Сөрөг хүчнийхний хувьд ОХУ-тай нягт хамтын ажиллагаагаа хэвээр хадгалахын төлөө байгаа юм. 



Б.Адъяахүү