Удаан хугацааны турш өрнөдийн орчин үеийн хөгжлийн замнал дэлхийн аж үйлдвэржилт, даяаршлын үйл явцыг ахиулж, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан бөгөөд орчин үеийн хөгжлийг хэрэгжүүлэх нэгэн чухал хэлбэр байсаар иржээ. Үүний нөлөөгөөр орчин үеийн хөгжилд хүрэх цорын ганц тогтсон зам нь өрнөдийн замнал гэсэн ойлголт олон хүнд хэвшмэл төсөөлөл болон тогтжээ.
Гэвч бодит байдал дээр орчин үеийн хөгжилд бүх улс оронд яг адилхан тохирох нэг л загвар гэж байдаггүй. ХКН Хятадын хэдэн мянган жилийн иргэншлийн өв уламжлалыг залгамжлан хөгжүүлж, нам байгуулагдсанаас хойших зуу гаруй жилийн төрийн удирдлагын туршлага, улсынхаа бодит нөхцөлтэй уялдуулан “Ард түмэн эрхэм дээд” хэмээх үндсэн үнэт зүйлийн үзэл баримтлалыг төлөвшүүлснээр “орчин үеийн хөгжил = өрнөжих” гэсэн хэвшмэл ойлголтыг эвдсэн юм.
Хятадын олон мянган жилийн засаглалын соёлд үндэслэсэн “Ард түмэн эрхэм дээд” хэмээх орчин үеийн энэхүү үнэт зүйл нь нэг тэрбум дөрвөн зуун сая гаруй хүний амьдралын өөрчлөлтөөр бодитоор илэрч байна. Хятад улс хөгжингүй орнууд хэдэн зуун жилийн хугацаанд туулсан ард иргэдийн амьжиргааг сайжруулах замыг хэдхэн арван жилийн дотор туулж, хамгийн алслагдсан уулын бүсийн иргэдийг хүртэл цахилгаан эрчим хүч, интернэт сүлжээнд холбож, эрүүл мэндийн үндсэн баталгаат үйлчилгээнд хамруулжээ.
Энэхүү үзэл баримтлалын соёлын үндэс нь хэдэн мянган жилийн турш уламжлагдан ирсэн сургаал үгсэд шингэсэн байдаг бол хэрэгжилтийн мөр нь ядуурлаас гарсан бараг 100 сая хүний туулсан уулын замд үлджээ. Харин түүний дэлхий дахины үнэ цэнэ, ач холбогдлыг өнөөдөр улам олон улс орон анзаарч, үнэлэх болж байна.
△ Алслагдсан уулын бүсээс эхлээд орчин үеийн томоохон хотууд хүртэл “Ард түмэн эрхэм дээд” үзэл баримтлал Хятадын нэг тэрбум дөрвөн зуун сая гаруй иргэний амьдралын өөрчлөлтөд бодитоор тусгалаа олжээ. Зүүн дээд зурагт: 2016 онд Сычуань мужийн Атүлээр тосгоны хүүхдүүд хад асганы ургамлан шат дамжин сургуульдаа явж байсан үе. Баруун дээд зурагт: 2025 онд орон нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэн суурьшуулсан шинэ хорооллын цэцэрлэгт хүүхдүүд баяр хөөртэй тоглож буй нь. Зүүн доод зурагт: Шанхай хотын төвийн хуучин орон сууцны хороололд шинэчлэл хийхээс өмнө 300 гаруй өрх гал тогоо, ариун цэврийн өрөөгөө хамтран ашиглаж, давчуу орчинд амьдарч байсан байдал. Баруун доод зурагт: Шинэчлэлийн дараа өрх бүр тусдаа гал тогоо, ариун цэврийн өрөө, тагттай болж, оршин суугчдын амьдрах орчин бүхэлдээ шинэчлэгдсэн байна.
“Ард түмэн эрхэм дээд” үзэл баримтлалын үүсэл хөгжил
“Ард түмэн эрхэм дээд” нь Ши Жиньпиний үзэл санааны тогтолцоог бүхэлд нь нэвт шингээсэн гол үзэл баримтлал бөгөөд марксизмын ард түмнийг түүхийн эзэн хэмээн үздэг онолыг орчин цагт өвлөн хөгжүүлж, бүтээлчээр баяжуулсан илэрхийлэл юм. ХКН байгуулагдсан цагаасаа эхлэн “ард түмэнд чин сэтгэлээсээ үйлчлэх” зорилгыг намынхаа мөрийн хөтөлбөрт тусгаж, зуу гаруй жилийн бодит туршлагын үндсэн дээр энэхүү үзэл санааг улам боловсронгуй болгосоор эцэст нь “Ард түмэн эрхэм дээд” хэмээх үндсэн үнэт зүйл болгон төлөвшүүлжээ. Ингэснээр онолын байр суурийг төрийн удирдлагын хамгийн дээд үнэт зүйл болгон хөгжүүлсэн байна.
Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааны гол бүрэлдэхүүн хэсгийн хувьд “Ард түмэн эрхэм дээд” нь улс төрийн хийсвэр уриа бус, харин онолын эх сурвалж, соёлын уламжлал, хэрэгжилтийн логик болон дэлхий дахины нийтлэг үнэт зүйлийг уялдуулсан цогц үзэл санааны тогтолцоо бөгөөд шинэ эрин үеийн Хятадын төрийн удирдлагын логикийг ойлгох гол түлхүүр юм.
2012 онд ХКН-ын XVIII их хурлаас хойш нийгмийн гол зөрчил өөрчлөгдөж, ард түмний сайн сайхан амьдралын эрэлт хэрэгцээ улам өсөн нэмэгдсэн нөхцөлд Ши Жиньпинээр төв болгосон ХКН-ын удирдлага “ард түмэнд чин сэтгэлээсээ үйлчлэх” намын үндсэн зорилгыг шинэчлэл, хөгжлийн бодлого, иргэдийн амьжиргааны баталгаа, нийгмийн засаглалын бүхий л үйл явцад тууштай хэрэгжүүлж, “ард түмнийг төвд тавьсан хөгжлийн үзэл баримтлал”-ыг бүрдүүлжээ. Үүний үндсэн дээр “Ард түмэн эрхэм дээд” гэсэн үнэт зүйлийн чиг баримжааг улам бүр тодорхой болгон хөгжүүлж, түүнийг Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааны ертөнцийг үзэх үзэл, арга зүйн хамгийн үндсэн байр суурь болгон тогтоосноор практик туршлагыг системтэй онол болгон төлөвшүүлсэн юм.
“Ард түмэн эрхэм дээд” үзэл баримтлал нь хоосноос бий болсон зүйл биш юм. Түүний онолын эх сурвалж нь марксизмын түүхийн материалист үзэлд дэвшүүлсэн “ард түмэн бол түүхийг бүтээгч” гэсэн үндсэн байр сууринаас улбаатай. Энэхүү үзэл санаа анх үүссэн цагаасаа эхлэн цөөнхийн эрх ашгийг хамгаалдаг түүхэн бүх үзэл суртлын тогтолцооноос эрс ялгарч ирсэн юм.
“Ард түмэн эрхэм дээд” үзэл баримтлалын соёлын язгуур үндэс
“Ард түмэн эрхэм дээд” үзэл баримтлал нь мөн Хятадын уламжлалт засаглалын шилдэг үзэл санааг бүтээлчээр өвлөн хөгжүүлсний үр дүн юм.
Хэдэн мянган жилийн өмнө “Шаншү” сударт “Ард түмэн бол улсын үндэс, үндэс бат байвал улс орон амгалан” хэмээн өгүүлсэн байдаг. Харин Мэнз “Ард түмэн хамгийн эрхэм, төр улс дараагийнх, харин хаан хамгийн сүүлд тавигдана” хэмээн төр улсыг жолоодох үзлийг системтэйгээр тайлбарласан юм. Үүнээс улбаалан “Ус хөлгийг хөвөөж чадна, мөн хөмөрч ч чадна”, “Төрийн мандал ард түмний сэтгэлийг дагахаас шалтгаална” зэрэг засаглалын олон сургаал үе дамжин уламжлагджээ.
Гэвч уламжлалт ардыг дээдлэх үзэл нь мөн чанартаа эрх баригчид төрийн эрхээ бататгахын тулд ард түмннд түшиглэх засаглалын арга байв. Өөрөөр хэлбэл, ард түмэн нь үргэлж засаглалын объект байсан болохоос биш төрийг эзэмшигч субъект байгаагүй юм.
Харин ХКН-ын дэвшүүлсэн “Ард түмэн эрхэм дээд” үзэл баримтлал энэ түүхэн хязгаарлалтыг үндсээр нь халжээ. Энэхүү үзэл баримтлал нь уламжлалт ардыг эрхэмлэх үзлийн зохистой агуулгыг өвлөн авч, марксизмын “ард түмэн бол түүхийн эзэн” гэсэн байр суурьтай гүнзгий нэгтгэн, ард түмнийг засаглалын объект байхаас төр улсын жинхэнэ эзэн болгон өөрчилсөн юм. Ингэснээр хэдэн мянган жилийн турш уламжилж ирсэн тзасаглалын мэргэн ухаан шинэ эрин үеийн шинэ агуулга, шинэ амьдралтай болсон байна.
“Улс орон бол ард түмэн, ард түмэн бол улс орон.” Ши Жиньпиний дэвшүүлсэн энэхүү шинэ эриний улс төрийн үзэл баримтлал нь “Ард түмэн эрхэм дээд” гэсэн үнэт зүйлийн мөн чанарыг тод томруун илэрхийлдэг.
△ БХАТИХ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ажилчин, тариаланч, мэргэжлийн техник, инженерийн ажилтан зэрэг нийгмийн бүхий л салбарын төлөөлөл багтдаг бөгөөд үйлдвэрлэл, үйлчилгээний анхан шатанд ажилладаг төлөөлөгчдийн эзлэх хувь олон жилийн турш өндөр хэвээр байна. Тэд орон нутагтаа байнга ажиллаж, иргэдийн санал хүсэлт, тулгамдсан асуудлыг сайн мэддэг учир олон нийтийн дуу хоолойг шууд төрийн бодлогод тусгах боломжтой байдаг. Зүүн зурагт: Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч, төмөр замын тусгай зэрэглэлийн ахлах техникч Дүн Хунтао (дунд) мэргэжилтнүүдтэйгээ үйлдвэрлэлийн асуудлаар хэлэлцэж буй нь. Баруун зурагт: Дүн Хунтао 2026 оны БХАТИХ-ын чуулганд оролцож, үйлдвэрлэлийн ажилчдын боловсон хүчнийг бэхжүүлэх шинэчлэлийн талаар санал дэвшүүлж буй нь.
“Ард түмэн эрхэм дээд” үзэл баримтлалын бодит хэрэгжилт
Шинэ эрин үеийн Хятадын засаглалын тогтолцоонд “Ард түмэн эрхэм дээд” нь зөвхөн аль нэг салбарт хэрэгждэг шаардлага бус, харин бүх салбарыг нэвт шингээсэн үндсэн үнэт зүйл, бодлогын гол шалгуур болжээ.
Иргэдийн амьжиргааг баталгаажуулах салбарт энэ үзэл баримтлал нь хөдөө орон нутгийн бараг 100 сая ядуу иргэнийг ядуурлаас бүрэн гаргасан түүхэн амжилтаар илэрхийлэгдэж, Хятадыг хэдэн мянган жилийн турш дагалдсан туйлын ядуурлын асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжийг бүрдүүлсэн юм. Үүний зэрэгцээ 1.4 тэрбум хүн амыг хамарсан дэлхийн хамгийн том боловсролын тогтолцоо, эрүүл мэндийн үйлчилгээний тогтолцоо болон нийгмийн хамгааллын тогтолцоог байгуулжээ.
Онцгой байдал, гамшгийн үед авах арга хэмжээний хүрээнд “амь нас нэн тэргүүнд” гэсэн зарчмыг тууштай баримталдаг. Нийгмийн эрүүл мэндийн онцгой нөхцөл байдал, байгалийн гамшиг зэрэг ямар ч гэнэтийн нөхцөл үүссэн үед хүний амь нас, аюулгүй байдлыг бүх зорилгоос дээгүүр тавьж, зардал үл харгалзан, ялгаварлалгүйгээр иргэн бүрийн үндсэн эрх ашгийг хамгаалахыг эрхэмлэдэг.
Шинэчлэлийг ахиулах үйл явцад “шинэчлэл, нээлттэй бодлого бол олон сая ард түмний хамтын үйл хэрэг” гэдгийг тодорхой болгож, бүх шинэчлэлийн үр дүн нийт ард иргэдэд бодитоор хүртээж байгаа эсэхийг хамгийн чухал үнэлгээний шалгуур болгон тогтоожээ. Иргэдийн санаа зовниж буй асуудал, өдөр тутмын хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд төвлөрч, шинэчлэлийн үр өгөөжийг аль болох өргөн хүрээний хүмүүст хүртээхийг зорьдог.
Төрийн эрх мэдлийн хэрэгжилтийн хүрээнд “ард түмэнд аз жаргал авчрах”-ыг төрийн хамгийн том амжилт, “ард түмний сэтгэл ханамж”-ийг хамгийн дээд үнэлгээний шалгуур болгон үзэж, иргэдийг бүх үе шатанд оролцуулсан хяналтын тогтолцоог бүрдүүлжээ. Ингэснээр төрийн эрх мэдэл ард түмний сайн сайхны төлөө үйлчлэх үндсэн зорилгоо үргэлж хадгалан хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.
△ “Ард түмэн эрхэм дээд” үзэл баримтлалын онцгой байдлын үед хамгийн тод илэрдэг зарчим нь “амь нас нэн тэргүүнд” гэсэн үзэл юм. Нийгмийн эрүүл мэндийн онцгой нөхцөл байдал ч бай, байгалийн гамшиг ч бай, ард иргэдийн амь нас, аюулгүй байдал үргэлж хамгийн эрхэм зорилт хэвээр байдаг. 2026 оны үерийн улиралд аадар бороо зэрэг цаг агаарын эрс тэс үзэгдлийн улмаас Хятадын олон нутагт томоохон гамшиг тохиосон. ХКН-ын Төв Хорооны нэгдсэн зохион байгуулалтын дор бүх шатны засаг захиргаа аврах ажиллагааг бүх хүчээрээ явуулж, хүний амь насны хохирлыг аль болох бууруулахын төлөө ажилласан. Зурагт: 7 дугаар сарын 9-ний өдөр Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах орны Гүйган хотын нэгэн боловсролын цогцолборт аврагчид гамшгийн бүсэд байсан сурагчдыг эмх цэгцтэйгээр нүүлгэн шилжүүлж буй нь.
“Ард түмэн эрхэм дээд” үзэл баримтлалын дэлхий дахины ач холбогдол
“Ард түмэн эрхэм дээд” үзэл баримтлалын бодит үр нөлөө аль хэдийн Хятадын хил хязгаараас давж, дэлхийн засаглалд шинэ боломжийг нээж байна.
Удаан хугацааны турш өрнөдийн орнуудын тэргүүлсэн орчин үеийн хөгжлийн загвар нь капиталын ашиг сонирхлыг гол тулгуур болгон хөгжиж ирсэн бөгөөд үүний үр дүнд баялаг, орлогын ялгаа нэмэгдэж, нийгмийн хуваагдал улам гүнзгийрэх зэрэг асуудал зайлшгүй бий болсон. Дэлхий дахины хөгжлийн ялгаа улам тэлж, НҮБ-ын 2030 оны Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилт ч ноцтой саад бэрхшээлтэй тулгарсаар байна.
Харин “Ард түмэн эрхэм дээд” үзэл баримтлалыг хэрэгжүүлсэн Хятадын туршлага нь “орчин үеийн хөгжил заавал өрнөдийн замаар явах ёстой” гэсэн ойлголтыг эвдэж, аливаа улс орон капиталын ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьдаг хөгжлийн хэв маягаас ангид байж болохыг харууллаа. Өөрөөр хэлбэл, хамгийн өргөн олонхийн язгуур эрх ашгийг капиталын ашиг, цөөнхийн онцгой эрхээс дээгүүр тавьж, хөгжлийн үр ашиг болон нийгмийн шударга ёсыг зэрэг хангасан орчин үеийн хөгжлийн замыг сонгох боломжтойг нотлон харуулсан юм.
Энэхүү үзэл баримтлал нь хөгжиж буй олон оронд төрийн удирдлагын шинэ арга замыг санал болгож байгаа төдийгүй, дэлхийн хүний эрхийн засаглалыг цөөнхийн хийсвэр хэлэлцүүлгээс хөгжлөөр дамжуулан хүний эрхийг баталгаажуулах илүү бодитой чиглэлд шилжихэд түлхэц өгч байна. Мөн илүү шударга, илүү тэнцвэртэй дэлхийн дэг журмыг бүрдүүлэхэд Хятадын үзэл баримтлал, үнэт зүйлийн шинэ хувь нэмрийг оруулж байна.
Пүрэв - 07 сарын 23,
2026
Сэтгэгдэл0