sonin.mn

БУДАПЕШТ, 2026 оны долоодугаар сарын 21 /Kazinform/. Түүхэн дэх хамгийн амжилттай эмэгтэй шатарчин Юдит Полгар Унгарын Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвших саналаас татгалзсан тухай "Euronews" суваг мэдээлжээ. Тэрбээр үндэстнийг нэгтгэх үүрэг хариуцлагыг үүрэхэд өөрийгөө хараахан бэлэн биш гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.


Унгарын Ерөнхий сайд Петер Мажар түүнийг төрийн тэргүүний албан тушаалд нэр дэвших санал тавьсны дараа Ю.Полгар энэ шийдвэрээ "Facebook" хуудсаараа дамжуулан мэдэгджээ. 


"Унгарын Ерөнхийлөгчийн албан тушаалд миний нэрийг дэвшүүлэх санаачилгыг амьдралдаа хүртсэн хамгийн том хүндэтгэл гэж үзэж байна. Үүнд би туйлын их талархаж байна" хэмээн тэрбээр бичсэн байна. Түүний мэдэгдлийн дараа Унгарын Засгийн газрын тэргүүн П.Мажар улс орныхоо хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлээд, цаашид ч эх орныхоо төлөө үргэлжлүүлэн зүтгэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. 


Ю.Полгарыг нэр дэвшүүлэх саналыг "Тиса" намын парламент дахь бүлэг дэмжсэн хэдий ч энэхүү санаачилгыг олон нийтийн өргөн хүрээний хэлэлцүүлэггүйгээр гаргасан хэмээн зарим иргэн шүүмжилсэн байна. 


Унгарын Ерөнхийлөгч Тамаш Шуйокийн бүрэн эрхийн хугацаа долоодугаар сарын 20-ны өдрөөс дуусгавар болсон юм. Шинэ Ерөнхийлөгч сонгогдох хүртэл парламентын дарга Агнеш Форстхоффер төрийн тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа ба тус улсын хуулийн дагуу парламент 30 хоногийн дотор Ерөнхийлөгчийг сонгох ёстой. Ташрамд дурдахад, "Тиса" намын төлөөлөгчид Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс шууд сонгодог тогтолцоог нэвтрүүлэхийг дэмжиж байгаагаа мэдэгджээ. Иймд Унгарын дараагийн төрийн тэргүүн шинэ Үндсэн хууль батлагдах хүртэлх шилжилтийн хугацаанд уг албан тушаалыг хашиж магадгүй байна. 




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг