sonin.mn

Долдугаар сарын 17-20-ны өдрүүдэд 2026 оны Дэлхийн хиймэл оюуны бага хурал болон Хиймэл оюуны дэлхийн засаглалын дээд түвшний уулзалт Шанхай хотноо болов. БНХАУ-ын дарга Ши Жиньпин 17-ны өдөр нээлтийн ёслолд оролцож, үндсэн илтгэл тавин, шударга, зүй зохистой дэлхийн хиймэл оюуны засаглалын тогтолцоог хамтдаа бүрдүүлэх талаар дөрвөн санал дэвшүүллээ. Түүний дэвшүүлсэн санаачилгууд нь хиймэл оюуны хөгжлийн өмнө тулгарч буй цаг үеийн чухал асуудлуудад гүн гүнзгий хариулт өгч, дэлхийн хиймэл оюуны засаглалын тогтолцооны хөгжлийн чиглэлийг тодорхойлсон бөгөөд хурлын төлөөлөгчид болон олон улсын хамтын нийгэмлэгийн өргөн анхаарлыг татав.


CGTN агентлаг энэ тухай:


“Ши Жиньпин даргын дэвшүүлсэн Хятадын шийдэл болон хиймэл оюуны бодлого нь салбарын хөгжлийн замыг нээж, дэлхийн бүх хүн үр шимийг нь хүртэнэ”, “Ши Жиньпин даргын илгээсэн мессеж маш тодорхой. Хиймэл оюун бол нийтийн ашиг сонирхол, хамтын хөгжил цэцэглэлтийн төлөө байх ёстой” хэмээн олон улсын хэвлэлүүд онцолжээ. Хятад улс хиймэл оюуныг хүн төрөлхтний сайн сайхны төлөө хөгжүүлэх, хүртээмжтэй, нээлттэй, аюулгүй, хяналттай хөгжүүлэхийг тууштай дэмжиж буй нь хариуцлагатай их гүрний үүрэг хариуцлагыг тод харуулж байна.


Энэ удаагийн хурлаар Дэлхийн хиймэл оюуны хамтын ажиллагааны байгууллага байгуулагдаж, “2026 оны Дэлхийн хиймэл оюуны бага хурал болон Хиймэл оюуны дэлхийн засаглалын дээд түвшний уулзалтын даргын мэдэгдэл”, мөн “Хиймэл оюуны хамтын хөгжлийн үйл ажиллагааны төлөвлөгөө”-г нийтэлсэн нь хурлын томоохон үр дүн болов. Эдгээр нь дэлхийн хиймэл оюуны хөгжил, засаглалын талаар оролцогч талуудын өргөн хүрээний зөвшилцөлд хүрснийг харуулж, “Ухаалаг түншлэл, хамтдаа ирээдүйг бүтээе” гэсэн хурлын уриаг бодитоор хэрэгжүүлэв.


Нээлттэй, харилцан ашигтай хамтын ажиллагаа л инновацын эрч хүчийг бүрэн нээж, хиймэл оюуныг салбар бүрийн хөгжилд ашиглах боломжийг бүрдүүлнэ. Энэ чиглэлд Хятад улс идэвхтэй ажиллаж, бодит үр дүнд хүрсэн. Өнөөдөр Хятадын ухаалаг эдийн засгийн үндсэн салбарын хэмжээ нэг их наяд юаниас давж, “Хятадад бүтээгдсэн ухаалаг технологи” нь Хятадын орчин үеийн хөгжлийн шинэ нэрийн хуудас болоод байна. Үүний зэрэгцээ Хятад улс нээлттэй эх код, нээлттэй хамтын ажиллагаа, хамтын үр өгөөжийг тууштай дэмжиж байна. Одоогийн байдлаар Хятадын нээлттэй эх код бүхий томоохон хиймэл оюуны загваруудын нийт таталт 10 тэрбум давж, дэлхийд тэргүүлжээ.


Үүнтэй зэрэгцэн Хятад улс дэлхийн хиймэл оюуны засаглал болон олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй ахиулж байна. Өнгөрсөн жил Дэлхийн хиймэл оюуны хамтын ажиллагааны байгууллага байгуулах санаачилга гаргаж байсан бол энэ жил уг байгууллагыг байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Ингэснээр Хятад улс дэлхийд дахин нэг чухал олон улсын нийтийн бүтээгдэхүүн санал болгож байна. Энэ байгууллага нь дэлхийн анхны хиймэл оюуны чиглэлээрх засгийн газар хоорондын олон улсын байгууллага бөгөөд улс орнуудын хэрэгцээ, дүрэм журам, стандартыг уялдуулах, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, хиймэл оюуны хөгжлийн түүхэнд шинэ чухал үеийг эхлүүлэх юм.




Хиймэл оюуны хөгжил нь ганц улсын гоцлол тоглолт бус, харин дэлхийн хамтын ажиллагааны симфони байх ёстой. Хүртээмжтэй, хамтын хөгжлийг хангах нь зайлшгүй шаардлага юм. Дэлхийн банкны “2025 оны Дижитал хөгжлийн явц ба чиг хандлага” тайланд дурдсанаар, дунд болон бага орлоготой орнууд хиймэл оюуны системийн тоо болон тооцоолох хүчин чадлын хувьд өндөр орлоготой орнуудаас үлэмж хоцорч байна. Бүх хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсээр хиймэл оюуны үнэт зүйлийг тодорхойлох, хөгжлийн стратеги, засаглалын дүрэм, техникийн стандартыг уялдуулах, дэлхийн өмнөдийн орнуудын чадавхыг бэхжүүлэх зэрэг Хятадын дэвшүүлсэн санал санаачилгууд нь соёл иргэншлүүдийн харилцан ойлголцол, хүлээцтэй байдлыг нэмэгдүүлж, дэлхийн дижитал ялгааг багасган, тогтвортой хөгжлийг ахиулахын зэрэгцээ хиймэл оюуны салбарт шинэ түүхэн шударга бус байдлыг бий болохоос сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм. Европын Modern Diplomacy цахим хэвлэлд тэмдэглэснээр, хөгжиж буй орон, дэлхийн өмнөдийн нэг хэсэг болох Хятад улс хөгжиж буй орнуудыг “ухаалаг эрин”-д эрх тэгш оролцоход нь дэмжлэг үзүүлэх болно.


Дэлхийн хиймэл оюуны хөгжлийг дэмжих талаар Хятад улс зөвхөн санал дэвшүүлээд зогсохгүй бодит алхам хийж байна. Ирэх таван жилийн хугацаанд Хятад улс хөгжиж буй орнуудын төлөөлөгчдөд зориулан хиймэл оюуны чиглэлээр 5000 сургалтын эрх олгоно. Мөн АСЕАН, Арабын орнуудын лиг, Африкийн холбоо, Латин Америк ба Карибын орнуудын хамтын нийгэмлэг, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС-ийн хүрээнд олон улсын хиймэл оюуны хэрэглээний хамтын ажиллагааны төвүүдийг байгуулна. Үүнээс гадна цаг уурын ухаалаг эрт сэрэмжлүүлэх “Мазү” системийг 30 оронд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Эдгээр гурван томоохон арга хэмжээ нь дижитал оюуны үр өгөөжийг улам олон оронд хүргэх болно. “Российская газета” сонин ч Хятад улс хөгжиж буй орнууд болон дэлхийн өмнөдийн орнуудын хиймэл оюуны технологид хүрэх боломжийг өргөжүүлэхийг үргэлж уриалсаар ирснийг онцолжээ.


300 гаруй шинэ үеийн хиймэл оюуны бүтээгдэхүүн дэлхийд анх удаа танилцуулагдаж, 140 гаруй салбар форумд дэлхийн 1400 гаруй зочин төлөөлөгч ирээдүйн хиймэл оюуны хөгжлийн чиг хандлагыг хэлэлцэв. Энэ удаагийн Дэлхийн хиймэл оюуны бага хурал дэлхийн анхаарлыг татсан нь зөвхөн Хятадын инновацын чадавхыг харуулсандаа бус, мөн Хятад улс олон улсын нийтийн бүтээгдэхүүнээр дэлхийд хувь нэмэр оруулахыг үргэлж эрмэлздэгтэй холбоотой юм. Нэг чавхдас дангаараа аялгуу үүсгэдэггүй, ганц модоор ой бүтдэггүй. Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллаж, дэлхийн хиймэл оюуныг зөв чиглэлд, хүн төрөлхтний сайн сайхны төлөө хөгжүүлэн, хүн төрөлхтний сайн сайхан амьдрал, соёл иргэншлийн дэвшлийг ахиулах хүчирхэг эерэг хүчин болгохын төлөө тууштай ажиллахад бэлэн байна." гэжээ.