БУДАПЕШТ, 2026 оны долоодугаар сарын 20 /TASS/. Унгарын Ерөнхий сайд Петер Мадьяр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн Тамаш Шуйокийн оронд шатрын их мастер Юдит Полгарыг тус улсын Ерөнхийлөгчөөр сонгохыг дэмжинэ гэдгээ мэдэгджээ.
Засгийн газрын тэргүүний мэдээлснээр, Ю.Полгарын нэрийг Унгарын шинжлэх ухаан, соёл, спортын салбарын нэр хүндтэй зүтгэлтнүүдийн бүлэг дэвшүүлсэн байна.
"Манай улсад эв нэгдэл, энх тайван, унгар хүн бүрийн бахархаж чадахуйц Ерөнхийлөгч хэрэгтэй байна. Тийм хүн бол өнөөдөр Унгарын нэр хүндтэй нийгмийн зүтгэлтнүүд Ерөнхийлөгчийн албан тушаалд санал болгосон Юдит Полгар юм. Тиймээс би маргааш түүнтэй уулзаж, шинэ Үндсэн хууль батлагдах хүртэл шинэ үүргээр эх орондоо үйлчлэхэд бэлэн байгаа эсэхийг нь асууна" гэж П.Мадьяр фэйсбүүк хуудсандаа бичжээ.
2024 оноос хойш Унгарын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан П.Шуйок тус улсын парламентын баталсан Үндсэн хуулийн 17 дахь нэмэлт өөрчлөлтөд долоодугаар сарын 18-нд гарын үсэг зурснаар албан тушаалаасаа огцорчээ.
Тэрбээр энэхүү баримт бичгийг Үндсэн хууль болон ардчиллын зарчимд харш гэж үзэж байгаагаа илэрхийлсэн боловч дөрөвдүгээр сарын 12-нд болсон парламентын сонгуулийн дараа байгуулагдсан шинэ Засгийн газартай тэмцэх боломжгүй болсон тул П.Мадьярын шахалтад буулт хийсэн байна. Үндсэн хуулийн 17 дахь нэмэлт өөрчлөлтөд "уг баримт бичиг хүчин төгөлдөр болсон өдрөөс Унгарын одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, парламент 30 хоногийн дотор төрийн шинэ тэргүүнийг сонгоно" гэсэн заалт орсон байна. Т.Шуйок үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хууль дээдлэх зарчмын баталгаа болж чадаагүй тул ийм өөрчлөлт хийх шаардлагатай болсон хэмээн Унгарын Засгийн газар тайлбарлажээ. Тус улсын шинэ Үндсэн хуулийн төслийг жилийн хугацаанд боловсруулах бөгөөд хэрэв батлагдвал шинэ Үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгчийн сонгууль явагдана. Иймд одоогоор зөвхөн төрийн тэргүүний үүргийг түр гүйцэтгэх хүнийг сонгох тухай яригдаж байна. Унгар бол парламентын засаглалтай улс бөгөөд үндсэн эрх мэдэл Ерөнхий сайд болон Засгийн газрын гарт төвлөрдөг.
Ерөнхийлөгчийн бүрэн эрх нэлээд хязгаарлагдмал (хуульд гарын үсэг зурах, сонгуулийг товлох, шүүгчдийг томилох гэх мэт). Төрийн тэргүүн нь бүх унгарчуудыг нэгтгэж, хууль дээдлэх зарчмын баталгаа болох улс төрийн зүтгэлтэн гэж тооцогддог.
Унгарын Ерөнхийлөгчийг парламент олонхын саналаар сонгодог бөгөөд уг албан тушаалд нэр дэвшигчдийг намуудын бүлгүүд албан ёсоор дэвшүүлэх эрхтэй. Юдит Полгар өдгөө 49 настай. Тэрбээр 1991 оны Унгарын аварга бөгөөд шатрын түүхэнд 2700 онооны чансааг давсан цорын ганц эмэгтэй шатарчин юм. 1991-1994 онд дэлхийн хамгийн залуу их мастерт тооцогдож байсан Ю.Полгар 1990-ээд оны эхэн үеэс эрэгтэй шилдэг их мастеруудтай эн тэнцүү өрсөлдөж, олон улсын нэр хүндтэй тэмцээнүүдэд хэдэнтээ түрүүлж байсан бөгөөд дэлхийн аварга асан Анатолий Карпов, Вишванатан Ананд, мөн дэлхийн аварга Магнус Карлсен нарыг хожиж байжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 07 сарын 21,
2026

Сэтгэгдэл2
Унгарын шатрын эмэгтэй аваргыг одоо Билэгдэмбэрэлийн Номинэрдэнэ гээд нэг залуу хүүхэн эзэгнэж байгаа ш дэ ! Юдит ёрөнхийлөгч болчихвол ивээлдээ авах байх бас Монголд айлчилж магадгүй !
тэгвэл номин-эрдэнийг унгарын ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх үү?