sonin.mn

7-р сарын 17-ны үдээс хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпин Шанхайн Шижяо зочид буудалд 2026 оны Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал болон Хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын өндөр түвшний уулзалтад оролцож буй НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриштэй уулзав.


Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, Эрхэмсэг ноён Антонио Гутерриш та НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан сүүлийн 10 жилийн хугацаанд НҮБ-ыг удирдан олон талт үзлийг тууштай дэмжиж, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхийн сорилтуудыг идэвхтэй шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргаж, мөн хиймэл оюун ухаан зэрэг шинээр хөгжиж буй салбаруудад дэлхийн засаглалыг боловсронгуй болгох, НҮБ-ын шинэчлэлийн үйл явцыг ахиулах чиглэлээр гаргасан амжилтыг Хятад улс өндрөөр үнэлж байна. Энэ жил БНХАУ НҮБ-д хууль ёсны суудлаа сэргээсний 55 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 55 жилийн хугацаанд Хятад улс дэлхийн энх тайвныг бүтээгч, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулагч, олон улсын дэг журмыг хамгаалагч байхын төлөө тууштай ажиллаж, НҮБ-ын үйл ажиллагааг тууштай дэмжиж ирсэн.Би хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдэл байгуулах үзэл баримтлал болон дэлхийн дөрвөн том санаачилгыг дэвшүүлэхдээ НҮБ-ын байр суурь, нэр хүндийг хамгаалахыг чухал зорилтын нэг болгон авч үзсэн юм.


Хятад улс урьдын адил НҮБ-тай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, дэлхийн энх тайван, хөгжлийн үйл хэргийг ахиулан, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг байгуулахад хүчин чармайлт гаргахад бэлэн байна гэжээ.


Ши Жиньпин онцлохдоо, одоогийн байдлаар олон улсын нөхцөл байдлын өөрчлөлт, эмх замбараагүй байдал улам бүр тодорч байна. Ийм нөхцөлд жинхэнэ олон талт үзлийг цаашид хэрэгжүүлж, НҮБ-ын байр суурь, үүрэг ролийг сэргээх шаардлагатай байна.Нэгдүгээрт, шударга ёсыг баримтлах ёстой. Улс бүр олон улсын хамтын нийгэмлэгийн эрх тэгш гишүүн бөгөөд улс орнуудын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хууль ёсны эрх ашгийг хүндэтгэх ёстой. Дэлхийг “ширэнгийн хууль” ноёрхож байсан эрин үе рүү буцааж болохгүй. Хоёрдугаарт, зөв чиглэлээ хадгалж, шинэчлэлийг дэмжих ёстой. НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг дагаж мөрдөн, Дэлхийн хоёрдугаар дайны дараа бүрэлдэн тогтсон олон улсын тогтолцоо, дүрэм журмыг хамгаалах ёстой. Шинэчлэл гэдэг нь НҮБ-ыг цаг үеийн өөрчлөлтөд нийцүүлэн хөгжүүлж, өөрийгөө шинэчлэх зориг гарган, үр ашиг, үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэхийг хэлнэ. Гуравдугаарт, хариуцлага хүлээж, идэвхтэй ажиллах ёстой. Дэлхийн 190 гаруй улс нэг хувь заяаны их хөлөг онгоцонд хамт зорчиж байгаа тул бэрхшээлийг хамтдаа даван туулж, дэлхий нийтийн сорилтуудыг хамтран шийдвэрлэх ёстой.


Томоохон улс орнууд илүү их хариуцлага үүрэх ёстой. Хятад улс бодит үйл ажиллагаагаараа шинэ эрин үед томоохон улс орнуудын харилцан зөв харилцах арга замыг эрэлхийлж, дэлхий дахинд илүү их тогтвортой, тодорхой байдлыг бий болгоход бэлэн байна гэсэн байна.




А.Гутерриш хэлэхдээ, Ши Жиньпин даргын хүчтэй удирдлагын дор олон улсын нөхцөл байдал хэчнээн хүнд, төвөгтэй байсан ч Хятад улс олон талт үзлийг тууштай дэмжиж, НҮБ-ын үйл хэрэгт дэмжлэг үзүүлэн, олон улсын хамтын ажиллагааг ахиулж ирсэн нь дэлхий дахинд үлгэр жишээ болж байна. Хятад улс хөгжлийн тэнцвэргүй байдлыг арилгах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хиймэл оюун ухааныг ашиглан чиглүүлэх, хөгжлийн зөрүүг багасгах, шударга ёсыг хамгаалах чиглэлээр үргэлж тууштай ажиллаж, олон чухал үзэл санаа, санаачилгыг өндрөөр үнэлэгдэхүйц юм. НҮБ цаашид Хятад улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, ганц талт үзэл, худалдааг ивээх үзэл, дээрэлхүү хандлагыг эсэргүүцэн, НҮБ-ын дүрэм болон олон улсын эрх зүйг хамгаалж, дэлхийн олон туйлт хөгжлийн үйл явцыг ахиулан, олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ашиг сонирхлыг хамгаалахад бэлэн байна гэжээ.


Г.Бямба