sonin.mn

2026 оны 7 дугаар сарын 2-ны өдөр МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд болсон Хэл бичгийн ухааны доктор Я.Ганбаатарын ээлжит номын нээлт дээр хэлсэн үгийг нь энд бүрэн эхээр нь нийтэлж байна. Эртнээс янагш олон улс орны эрдэмтэн судлаачид дэлхийн утга зохиолын түүхэн дэх ховорхон “Хувилгаан судар” хэмээн нэгэн дуугаар үзэж ирсэн “Монголын нууц товчоон”-ы тухайт энэхүү судалгааны бүтээлээрээ тэрээр дараахь гурван зүйлийг онцлон авч үзсэнээ уншигч түмэнтэйгээ хуваалцаж байна.

  

1. МНТ мэндэлсээр яг найман зууныг насалж байна. Манай өмнөд хөрш Хятад улсад МНТ-ныг судалж ирсэн найман зууны урт түүх байна. Энэ бол бүхэл бүтэн эрин үе мөн. Зөвхөн судалсан биш, хадгалж, хамгаалж, хэвлэж, түгээн дэлгэрүүлсэн. Үүнд нь бид Хятадын эрдэмтэн судлаачид, үе үеийн бичгийн хүмүүст талархах ёстой. МНТ-г хадгалж, хамгаалж, судалж ирсэн энэ найман зууны урт цаг хугацаан дахь далай шиг их судалгаанаас нь дуслын төдийг энэ номонд орууллаа.  


 “Монголын нууц товчоон” судлалын ахмад үеийн гол төлөөлөгчдийн нэг проф. Л.Маналжав гуай 2017 онд хэвлүүлсэн “Монголын нууц товчооны хэлний судалгаа” бүтээлдээ ингэж бичжээ:


“Монголын нууц товчоон”-ы хятад үсгээр галиглан буулгасан хэдэн төрлийн эх нь эрдэмтэд, ном хадгалагчдын гараас гарт шилжин, нэг номын сангаас нөгөөд дамжин хадгалагдаж, янз бүрийн аргаар хэвлэгдэж, дэлхийн олон хэлнээ орчуулагдаж, хэд хэдэн үеийн эрдэмтдийн судалгааны гол хэрэглэгдэхүүн болж ирсэн түүхийг тусгай ном болгон бичиж болохсон билээ.” 

Одоогоос 36 жилийн тэртээ 1990 онд Улаанбаатар хотноо болсон “Монголын нууц товчоон”-ы 750 жилийн ойг тэмдэглэх Олон улсын бага хурал дээр Л.Маналжав багшийн тавьсан илтгэлийнх нь оршил болсон энэ үг миний энэ номын үндсэн зорилго, гол агуулгыг бүрэн илэрхийлж байна. Өнгөрсөн оны сүүлчээр би түүний “Монголын нууц товчооны хэлний судалгаа” бүтээлийг өөрөөс нь аваад үзэж байхдаа үүнийг олж харж, зөв замаар явж байгаагаа дахин ухаарч, сэтгэл тэнийн баярласан бөлгөө. 

     

МНТ-ныг өнөөдрийн байдлаар 40 шахам улсын хэлээр орчуулсан, тухайн улсуудад судалж ирсэн тоймыг хийх нь чухал ажил болно. Улс тус бүрт орчуулсан, судалсан нь өөрийн гэсэн онцлогтой, өөр өөрийн түүхтэй. 1866 онд П.Кафаров орос хэлээр орчуулсан нь хоёрдахь гадаад хэл болно. МНТ-г олж авч дэлхийд хүргэсэн мөнхийн гавьяа чухам П.Кафаровт ногддог. 


Энэ 2026 онд энэ гавьяат үйлсийн 160 жилийн ой тохиож байгаа. Манай нэртэй орчуулагч Ж.Нэргүй “Нууц товчооны Палладий Кафаров” гэдэг сайн ном бичиж 150 жилийн ойг нь угтан хэвлүүлсэн байдаг нь энэ хүнийг бид таньж мэдэхэд их хэрэг болсон байх аа. Одоо бидний өмнө П.Кафаровын хийсэн ажлыг гүнзгийрүүлэн судлах шаардлага тулгам тавигдаж байна. Бүдэг бадаг, буруу зөрүү ойлголтыг нэг тийш болгохуйц маш сонирхолтой зүйлүүд түүний бүтээлүүдэд харагддаг юм аа.  

1907 онд Японы эрдэмтэн Нака Мичиёо МНТ-ныг анх япон хэлээр орчуулж гаргаснаар Япон дахь МНТ судлал эхэлсэн түүхтэй. Энэ бол МНТ гуравдахь гадаад хэлээр мэндэлсэн нь юм. Ирэх жил энэ орчуулгын 120 жилийн ой тохионо. Өвөр Монголын эрдэмтэн Н.Уртнастын “Япон дахь МНТ судлалын тойм” номыг др.С.Мөнхсайхан тэргүүнтэй МНТ судлалын ОУА-иас кирил монголоор хөрвүүлэн өнгөрсөн онд хэвлүүлсэн. Японы эрдэмтдийн судалгаа маш өвөрмөц, мундаг байдгийг тэндээс харж болно. Масацугу, Озава, Курибаяаши гээд тэдгээрийн заримтай нь Японд болон Монголд хамтран ажиллаж, уулзаж явсан багш нар энд сууж байгааг хэлэхэд бахархалтай байна. 


МНТ-ны гадаад орчуулгын дөрөвдэх нь герман, тавдахь нь франц, зургаадахь нь англи хэлээр орчуулсан нь болно. Германы монголч эрдэмтэн Эрих Хэниш 1940 онд МНТ-ныг герман хэлээр орчуулан хэвлүүлжээ.


Энэ бол МНТ дөрөвдэх гадаад хэл рүүгээ орчуулагдсан хэрэг бөгөөд 1926-1929 онд Германд суралцаж байсан манай их зохиолч Д.Нацагдорж Лайпциг хотноо Эрих Хэнишийн дэргэд суралцаж, МНТ-ныг судалж орчуулж байсан ажилд нь тусалж байсан гэдэг. Энэ жил Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой тохиож байгаа. Үүнийг угтан энэ талаар гүнзгийрүүлэн судлаасай гэж бодож байна.


Унгар улсаас Монголд суугаа Элчин сайд, Монголч эрдэмтэн Борбала Обрушанска энд оролцож байна. Тэрээр МНТ-ныг унгар хэлээр орчуулж байгаа гэсэн. Өмнө нь унгар хэлээр орчуулагдсан, гэхдээ өөр хэлнээс дамжуулж орчуулсан учраас алдаа мадаг ихтэй гээд дахиж орчуулж байгаа юм байна лээ. Өөр хэлнээс дам орчуулах нь орчуулгын чанарт яах аргагүй нөлөөлдөг. 

Жишээ нь, Тэмүүжин, Жамуха хоёрын Онон мөрний мөсөн дээр шагай тоглож өссөн өгүүлэмжийг орчуулахад үгийн санд нь шагай гэдэг үг байхгүй бол зүгээр л “яс”, эсвэл “үений яс” гэж орчуулсан байдаг. Гэтэл унгар хэлэнд шагай гэдэг үг байдаг юм байна, байх байхдаа монгол хэлний шагай буюу “шака” гэдэг үг байдаг юм байна. Энэ бол бүр хүннү хэлнээс угшилтай үг байх гэж би боддог. Оросоор лодыжка гэдэг, бас “шикотолка” буюу “шагай тоглох” гэсэн монгол үг орос хэлэнд орсон байдаг. Энэ үгийг Алтан ордны улсын үед орос хэлэнд орсон гэж үзмээр байдаг. Алтан ордны ноёрхлын он жилүүд бол Монголын соёл Орост бүхий л сувгаар нэвчин орсон, өнөөгийнхөөр бол Зөөлөн хүчний бодлого хэрэгжсэн цаг үе мөн. 

Энэчлэн энэ номонд нэр гарах Хятадын Өвөр Монголын судлаач Баяр, Ихмянгадай Иринчин, Хишигтогтох, Төмөрбагана, Улаан, Бүрэнбат, Цогтнаран гээд олон эрдэмтэд та бидний сайн танил билээ. 


2. МНТ бол шүтээн судар мөн. Тийм ээ, МНТ бол Христийн шашны “Ариун Библи” судар шиг монгол үндэстний, Монголын төрийн эрхэм нандин, нууцлан дээдэлж, далдын далд хамгаалан хадгалж ирсэн шүтээн судар юм аа. Энэ тухай хэд хэдэн жишээ баримт байна. Гэхдээ энэ удаад би зөвхөн ганцыг нь л дурдья. 


Манж Чин улсын сүүлч үеийн Хятадын Сычуань мужийн Фу Зөнсян (傅增湘 1872-1949 он) гэгч нэртэй ном цуглуулагч хүн “Монголын нууц товчоон”-ыг хадгалж, шүтдэг байжээ. Түүний бичсэн тэмдэглэлээс энд сийрүүлье. Энд дурдагдах дайн нь 1899-1901 онд Өрнөдийн найман улсын довтолгооны эсрэг Хятад даяар өрнөсөн Ихэтуаний бослого бололтой: 

   

“Ноднин жил Чэнь Юань эрхэм Юань улсын түүхийн судалгаандаа “Монголын нууц товчоон”-ыг ашиглахыг хүссэн тул би “Ханфэн” асраас МНТ-ныг зээлж аваад илгээсэн юм. Гэтэл дайн дэгдэж “Ханфэн” асрын түм буман ном судар галд автан үнсэн товрог болж сүйдсэн болой. Харин энэ номыг би өөр газарт хүргэсэн байсан тул гамшгаас мултарсан нь их аз завшаан гэлтэй. 

Урьдын хүмүүс түүнийг гайхамшигт ховор судар тул шүтээн сахиус хамгаалж байдаг гэлцдэг. 20 жилийн өмнө миний гараар хайн олдож, 20 жилийн дараа мөн миний гараар бүрэн бүтэн үлдсэн нь эчнээ далдын хувь төөрөгтэй байсан мэт. Судрыг буцаан өгөхийг шаардсан тул хэдэн үг бичиж үлдээн, хожмын уншигчдад ийм нэгэн хувь төөрөг байсныг мэдүүлж, хичээнгүйлэн хамгаалахыг хүсэвэй” гэсэн байдаг. Ерөнхий найруулагч Х.Цогтнаран “Монголын нууц товчоон судлалын нэвтэрхий толь” тэргүүн дэвтэр, Көльн хот, 2022 он, 266-р тал. 


Энд дурдагдан буй “Урьдын хүмүүс түүнийг гайхамшигт ховор судар тул шүтээн сахиус хамгаалж байдаг гэлцдэг” гэсэн үгс анхаарал татаж байна. “Урьдын хүмүүс” гэж 1900-гаад оноос өмнөх хэдэн зууны аль ч цаг үед хамаарах утга бөгөөд ер нь л тэр бүх цаг үеийг хэлж байна гэж үзэх нь зөв юм. “Гайхамшигт ховор судар” гэдэг нь “Монголын нууц товчоон”-ыг хэрхэн үзэж ирсэн тодорхойлолт. “Шүтээн сахиус хамгаалж байдаг” гэсэн нь “Монголын нууц товчоон” өөрөө шүтээн мөн, тиймээс түүнийг сахиус хамгаалдаг гэсэн утгыг илтгэж байна. 


Тэгээд ч “Юань улсын судар” зэрэг XIII-XIV зууны үеийн Монголын түүхийн гол тулгуур бичгүүдэд МНТ-г “чулуун өргөөнөө, алтан авдарт хадгалагдаж байдаг” гэж тодорхой дурдсан байдаг. Ингээд үзэхээр МНТ гэдэг нэрийн “нууц” гэдэг тодотгол бол “Holy Bible” гэдэг шиг ариун гэгээн судар, шүтээн дээдийн ном, тийм учраас түүнийг “чулуун өргөөнд алтан авдарт” хадгалдаг, “сүлд сахиус хамгаалж байдаг” гэсэн эртний үзэл ойлголт байжээ. 8 дугаар сард болох ОУМЭ-ийн Их хуралд тавих илтгэлдээ би бусад жишээ баримтыг танилцуулах болно оо.


3. МНТ бичигдсэн жинхэнэ оныг ёсчлон тогтооё. 1989 онд ЮНЕСКО-гоос санаачлан МНТ бичигдсэний 750 жилийн ойг 1990 онд олон улсад, түүний дотор Монгол Улсад анх удаагаа тэмдэглэсэн. Тэр баяр ёслолд оролцсон олон хүн энд сууж байна. Хэрлэнгийн Хөдөө аралд МНТ-нд зориулсан гэрэлт хөшөө босгож, монголчууд ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж очин баярлаж байсныг та бид сайн санаж байгаа.  

Тэр цагаас хойш өнөөдөр 36 жил өнгөрчээ. Энэ хугацаанд МНТ-ны талаар олон зүйл тодорч, өмнөх цаг үеийн үзэл ойлголт өөрчлөгдсөн. Түүний нэг нь МНТ бичигдсэн оны тухай судалгаа мөн. Өнөөдөр дийлэнх судлаачид МНТ-ныг 1240 онд биш, 1228 онд анхдагч хэлбэрээр бичигдсэн гэж үзэх болсон. МНТ-ны төгсгөлийн 282 дугаар зүйлийн ганц өгүүлбэрт “хулгана жилийн хуран сард Их хуралдай хурж, Хэрлэнгийн Хөдөө арлын Дэлүүн болдог, Шилхинцэг хоёрын зуур их орд бууж ахуйд бичиж дуусгавай” гэж өгүүлдэг. 


Энэ удаа зөвхөн хоёр зүйлийг дурдья. Нэгдэх нь, 1240 онд Их хуралдай хураагүй. Тийм мэдээ түүх бичлэгт байхгүй. Хоёрдахь нь, 1240 оны зун их орд Хөдөө аралд буугаагүй. 1230-аад оноос хойш Хархорумд их нийслэл хот байгуулж ордлон суух болсон Өгөдэй хаан жил болгоны зун Хөдөө арал руу нүүдэллэн зусахаа больсон. 


Бүр өнгөрсөн зууны эхнээс энэ тухай судлаачдын санал таамаглал гарч эхэлжээ. 1919 онд Хятадын эрдэмтэн Дин Цянь “МНТ бичигдсэн хулгана жил бол 1228 он мөн” гэсэн байдаг. Тэгээд ч тэртээх XV-XVI зууны үеэс МНТ-г хадгалж, судалж ирсэн Хятадын үе үеийн ном цуглуулагчид, судлаачид “МНТ-ны үндсэн эх 10 дэвтэр, үргэлжлэл 2 дэвтэр” гэж бүртгэж, тэмдэглэсэн байдаг. 

1990 онд Москва хотноо болсон МНТ-ны 750 жилийн ойд зориулсан олон улсын Эрдэм шинжилгээний Их хурал дээр Германы Монгол судлаач др.М.Таубегийн хэлсэн үг сонирхолтой. Тэрээр Европод МНТ-ныг судалж ирсэн тоймыг өгүүлсэн илтгэлийнхээ төгсгөлд “Магадгүй бид энэ ойг 12 жилээр хоцорч хийж байгаа юм биш биз?” гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлвэл, МНТ бичигдсэний 750 жилийн ой 1990 онд биш, 1978 онд тохиосон юм биш үү, МНТ 1240 онд биш, 1228 онд бичигдсэн байж магадгүй гэж хэлсэн хэрэг. 

    Иймээс МНТ-нд дурдсан хулгана жил бол 1240 оны цагаан хулгана жил биш, 1228 оны шар хулгана жил юм аа. Хэдийгээр шууд нотлох мэдээ баримт байхгүй ч, дам утгаараа энэ тооллыг нотлох түүхэн үйл явдлууд хангалттай бий. ОУМСХ-ны дүрмийн 2 дугаар бүлгийн 4 дүгээр зүйлд: “Шаардлагатай тохиолдолд Монгол судлалын холбогдолтой аливаа асуудлыг хэлэлцэх ажлын хэсэг, судалгааны баг байгуулан ажиллуулна” гэж заасан байдаг. 


Удахгүй угтан ирэх 2028 онд “Монголын нууц товчоон” бичигдсэний түүхт их 800 жилийн ой тохионо. Энэ ой бол Монгол үндэстний агуу бахархалт ой, Монгол үндэстэн найман зуунаар тоологдох бүхэл бүтэн эрин үеийн хойно өдий зэрэгтэй оршин тогтнож, хөгжин урагшилж яваагийн илрэл, бахархал болох учиртай.



Энэ түүхт их ойг угтан Монгол Улсын төр засаг, эрдэмтэн судлаачид ихийг төлөвлөн хийж хэрэгжүүлэх байх, тэр бүхний түрүүнд бид энэ шүтээн судар мэндэлсэн жинхэнэ оныг албан ёсоор ёсчлон тогтох чухал шийдвэрийг гаргаж, тэр үндсэн дээр олон чухал ажлыг төлөвлөн хийж хэрэгжүүлээсэй хэмээн хүснэм. 

Дөтлөн ирж буй энэ түүхт оныг угтан харж шүтээн судрынхаа мэндэлсэн жинхэнэ он тооллыг монголчууд бид өөрсдөө ёсчлон тогтоож чадна аа. 2028 он хэзээ мөдгүй ойртон айсуй өнөөдөр энэ асуудлыг төр засагт хүргэн шийдвэрлүүлэх нь чухал байна. Бид хийхгүй бол өөр улсад хийх вий гэдгийг Монгол судлалын үе үеийн төлөөлөл цугласан энэ танхимд Та бүхний сонорт хүргэхийг хүслээ.


Хэлбичгийн ухааны доктор (Ph.D.) Я.Ганбаатар,    



 2026 оны 7 дугаар сарын 2-ны өдөр.