sonin.mn

“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяраар ахлуулсан баг Өмнөговь аймагт гурав дахь өдрөө ажиллаж байна.


Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр, Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Л.Энхболд, Баян-Овоо сумын Монгол Ардын намын хорооны дарга О.Мандахбаяр нар намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийж, тэдний саналыг сонслоо.


“Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал дээр Монгол Ардын намын дарга Н.Учрал “Ардын нам ард түмэндээ эргэж ирнэ” гэдгээ илэрхийлсэн. Тиймээс ч аливаа шийдвэрийг дээрээ хэдэн удирдлагууд хэлэлцээд гаргадаг биш анхан, дунд шатныхаа гишүүдийнхээ саналыг сонсож, шийдвэртээ тусгадаг байхыг Монгол Ардын намын дарга Н.Учрал зарчмаа болгон ажиллаж байна” гэсэн мэдээллийг Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр намын гишүүд, дэмжигчидтэй хийсэн уулзалтын эхэнд өглөө.


2016 онд Монгол Улс асар их хэмжээний өр, зээлтэй, эдийн засагт дефольт зарлах хэмжээний эрсдэлд хүрч, ФАТФ-ын “Саарал жагсаалт-д орж, зээлжих зэрэглэлийн түвшин буурсан байлаа.  Харин өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монгол Ардын нам улс орноо өр, зээлээс чөлөөлж, “Саарал жагсаалт”-аас гаргаж, зээлжих зэрэглэлийг B2 буюу тогтвортой эдийн засагтай болгож, олон улсын итгэлийг сэргээгээд байна гэдгийг Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр статистик мэдээлэлд үндэслэн танилцуулав.


Эдийн засгийн энэ өсөлтийн үр дүнд өнөөдөр Засгийн газар Ган, зэс боловсруулах цогцолбор, Нүүрс пиролизийн үйлдвэр, Хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк зэрэг бүтээн байгуулалт өрнүүлж байгаа юм. Эдгээр бүтээн байгуулалт ашиглалтад орсноор 15 мянган шууд, 63 мянган шууд бус ажлын байр бий болох аж.


Цаашлаад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн Засгийн газрын санаачилсан “Чөлөөлье” бодлогын хэрэгжилт, үр дүн, тэтгэврийн шинэчлэлийн талаар ч нээлттэй мэдээлэл өгсөн юм. Дараагаар нь Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Л.Энхболд аймгийн намын гишүүн өрх бүрээр орж, бодлого, үйл ажиллагаагаа танилцуулах аян өрнүүлж байгаагаа дуулгалаа. Тус аймгийн намын хороо “Тэрбумтан Өмнөговьчууд” төсөл боловсруулжээ. Энэ төсөл хэрэгжсэнээр иргэддээ хувьцаа хэлбэрээр аж ахуйн нэгжүүдийн тодорхой хувийг хувьчилж, Өмнөговьчуудыг санхүүгийн эрх чөлөөнд хүргэхээр тусгасан байна. 


Уулзалтаар намын гишүүд “Ард түмнээ сонсож байгаа Монгол Ардын намын удирдлагууддаа баярлалаа. Сум, орон нутгийн хөгжлийн төлөө үгээ хэлэх боломж олгосонд талархаж байна” хэмээн саналаа чөлөөтэй илэрхийлж байлаа.


Энэ өдөр Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр Баян-Овоо сумын Монгол Ардын намын хорооны Тэргүүлэгчидтэй уулзлаа. Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр “ 2024 оны УИХ-ын сонгуулиар намайг нэр дэвшин өрсөлдөхөд чин сэтгэлээсээ дэмжин, идэвхтэй ажилласан та бүхэндээ талархаж явдаг” гэдгээ уулзалтын эхэнд илэрхийлээд намын бодлого үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Баян-Овоо сумын Монгол Ардын намын хорооны Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнээ шинэчилж, шинэ багаар үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Тэргүүлэгчид “Баян-Овоо сумын ЗДТГ-т нэг намын ноёрхол тогтсон. Худаг гаргах, малжуулах ажилд Багийн дарга нараас судалгаа гаргадаггүй. Үйл ажиллагаагаа явуулахад санхүүжилт хамгийн чухал тулгамдсан асуудал нь болж байна” гэлээ. 


Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяраар ахлуулсан баг энэ өдөр Баян-Овоо сумын ахмад настан Д.Дэнсмаа, Ж.Цэдэн нарт хүндэтгэл үзүүллээ.


Монгол Ардын намын ахмад гишүүн Д.Дэнсмаа 1990 онд Монгол Ардын намд гишүүнээр элссэн. Намдаа тууштай зүтгэж ирсэн нэгэн. Тэрбээр “Төр тогтвортой ажиллах ёстой. Манай сумын Засаг дарга О.Мандахбаяр өнгөрсөн хугацаанд маш сайн ажиллаж, их зүйл хийсэн хүн. Харин өнгөрсөн орон нутгийн сонгуулиар манай суманд Ардчилсан нам ялсан. Ардчилсан намынхны орон нутагт хийж байгаа ажил нь тодорхойгүй байна. Би Монгол Ардын нам Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр таныг дэмжиж ажилладаг. Манай намд ийм эрч хүчтэй, боловсрол, туршлагатай сайхан залуус олон байгаасай гэж хүсэж байна” гэсэн юм.


Монгол Ардын намын ахмад гишүүн Ж.Цэдэн гуай намдаа үнэнчээр зүтгэж, сумын Монгол Ардын намын Ахмадын хорооны даргын үүрэгт албыг хашиж явжээ. Тэрбээр өнөөдөр төр, засгийн бодлого, шийдвэрийг телевизийн мэдээгээр алгасахгүй сонсож, Ерөнхий сайд Н.Учралын тэтгэврийн шинэчлэлийг дэмжиж, хууль батлагдахыг хүлээж сууна. “Ажил хийсэн хүнийг үзэхээ байжээ. Хүний хийж байгаа ажлын үр дүнг үзмээр байна. Монгол Ардын нам олон жил төр барихдаа юу хийсэн юм бэ? гэцгээж байна. Олон жил төр барьж байхдаа ард түмний амьдралыг дор оруулаагүй. Боломжийг авч явсан гэж би боддог юм. Өнөөдөр би үр хүүхдүүд, хэдэн мал, засаг, төрийнхөө буянаар сайхан л амьдарч байна” хэмээн намын ахмад гишүүн Ж.Цэдэн ярьж байна. МАН-ын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяраар ахлуулсан баг маргааш Цогтцэций суманд ажиллана.