sonin.mn

БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Сүнь Лэй зургаадугаар сарын 8-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Украины асуудлаарх хэлэлцүүлгийн үеэр хэлэхдээ, Украины хямрал нь олон талыг хамарсан төвөг ээдрээтэй зөрчилтэй холбоотой бөгөөд энхийн хэлэлцээр байгуулж, улс төрийн шийдэлд хүрэхэд олон бэрхшээл байсаар байгаа тул бүх тал тууштай хүчин чармайлт гаргах шаардлагатай гэжээ.


Сүнь Лэй онцлохдоо, Украины хямрал үргэлжилж, мөргөлдөөний эрчим нэмэгдэн, нөхцөл байдал улам хурцдаж байна. Хэдийгээр байлдааны талбар дахь нөхцөл байдал байнга өөрчлөгдөж байгаа ч нэг зүйл тодорхой хэвээр байгаа нь цэргийн арга хэрэгсэл тогтвортой энх тайвныг авчирч чадахгүй бөгөөд мөргөлдөөн үргэлжлэх тусам хүний амь насны хохирол болон дэд бүтцийн сүйрэл улам нэмэгдэх болно гэжээ.


Сүнь Лэй өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан дөрвөн санал дэвшүүлсэн байна.


Нэгдүгээрт, мөргөлдөөнд оролцогч талууд ард иргэдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, дээд зэргийн тэвчээртэй байж, мөргөлдөөнийг хурцатгах аливаа үйлдлээс зайлсхийх;


Хоёрдугаарт, холбогдох талууд энхийн хэлэлцээг аль болох хурдан сэргээж, аюулгүй байдлын зүй ёсны санаа зовнилыг шийдвэрлэн, иж бүрэн, тогтвортой бөгөөд хэрэгжүүлэх үүрэг хүлээлгэсэн энхийн хэлэлцээр байгуулахыг ахиулах;


Гуравдугаарт, бүс нутгийн орнууд болон олон улсын хамтын нийгэмлэг энхийн хэлэлцээг дэмжих, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, эвлэрүүлэн зуучлах хүчин чармайлтаа бэхжүүлэхээс бус сөргөлдөөнийг улам нэмэгдүүлэхгүй байх;


Дөрөвдүгээрт, бүх тал НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг баримталж, хямралын уг шалтгааныг шийдвэрлэхэд анхаарч, бүс нутгийн аюулгүй байдлын тэнцвэртэй, үр ашигтай, тогтвортой тогтолцоог байгуулах ёстой гэжээ.


Сүнь Лэй мөн Хятадын тал үргэлж бодитой, шударга байр суурийг баримталж ирсэн бөгөөд цаашид ч олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран Украины хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх үйл явцад бүтээлч үүрэг гүйцэтгэсээр байх болно гэжээ.