sonin.mn

Дэлхийн хэвлэл мэдээллийн инновацын V форум зургаадугаар сарын 10-нд Чүнчин хотод боллоо. ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Суртал ухуулах яамны сайд Ли Шүлэй нээлтийн ёслолд дүрс бичлэгээр мэндчилгээ дэвшүүлж, үг хэлсэн байна. Мөн ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Чүнчин хотын намын хорооны нарийн бичгийн дарга Юань Жяжюнь нээлтийн ёслолд оролцон үг хэлжээ.


Оролцогчид хэлэхдээ, Ши Жиньпин даргын Дэлхийн хэвлэл мэдээллийн инновацын анхдугаар форумд илгээсэн баярын захидлын үзэл санааны удирдамж дор тус форум нь олон талын оюун санаа, хүч чадлыг нэгтгэн, дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын солилцоо, харилцан суралцах чухал индэр болж хөгжсөн байна гэжээ.


Тэд хиймэл оюун ухаанаар төлөөлүүлсэн шинжлэх ухаан, технологийн шинэ хувьсгал болон аж үйлдвэрийн өөрчлөлт нь үйлдвэрлэл, амьдрал, боловсрол, хөдөлмөрийн шинэ хэлбэрүүдийг тасралтгүй бий болгож байгааг онцолсон байна. Хятадын хэрэгжүүлж буй “Хиймэл оюун ухаан+” санаачилга нь Хятад болон дэлхийн хамтын хөгжилд шинэ боломж, шинэ орон зай нээж өгч байна гэж үзжээ.


Оролцогчид мөн хиймэл оюун ухаан нь хэвлэл мэдээллийн бүтэц болон олон нийтийн мэдээллийн орчинд бүх талын гүн гүнзгий нөлөө үзүүлж байгааг тэмдэглэв. Иймээс хиймэл оюун ухааныг мэдээ мэдээлэл, соёлын түгээлт, нийтийн үйлчилгээ зэрэг салбарт өргөнөөр ашиглаж, инновацын хөгжлийн явцад хэвлэл мэдээллийн шинэчлэлийг эрчимжүүлэх шаардлагатай гэжээ.


Мөн хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг хамтран түгээн дэлгэрүүлж, хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын талаар олон улсын нийтлэг ойлголцлыг бүрдүүлэн, дижитал болон ухаалаг технологийг хүнээр төв болгосон, сайн сайхны төлөө хөгжүүлэхийг уриалсан байна.


Түүнчлэн Дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг гүнзгий хэрэгжүүлж, цахим орчин дахь соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах индрийг идэвхтэй байгуулан, ард түмнүүдийн харилцан ойлголцлыг бэхжүүлэх шаардлагатайг онцолжээ.


Энэ удаагийн форумыг Хятадын Төв Радио Телевиз болон Чүнчин хотын захиргаа хамтран зохион байгуулсан бөгөөд “Өвлөн хадгалах ба шинэчлэн бүтээх: Хиймэл оюун ухааны эрин дэх хэвлэл мэдээллийн эрхэм зорилго” сэдвийн хүрээнд болсон байна.


Форумд холбогдох улс орнуудын төрийн байгууллага, олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, судалгааны хүрээлэн, үндэстэн дамнасан компаниуд зэрэг байгууллагын нийт 300 орчим төлөөлөгч оролцжээ.