sonin.mn

6-р сарын 4-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалж, Хятад-Европын эдийн засаг, худалдааны харилцаатай холбоотой асуултад хариуллаа.


Сэтгүүлчийн дурдсанаар, Европын Комиссын саяхны хуралдаанаар Хятадтай харилцах бодлогын талаар хэлэлцэх үеэр зарим тал Хятад, Европын худалдаа, хөрөнгө оруулалтын өнөөгийн бүтэц тогтвортой бус гэж үзэж, Европын Холбоо Хятадтай харилцахдаа “эрсдэл бууруулах” бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж мэдэгджээ. Мөн Европын Холбоо энэ сарын дундуур болох “Их долоо”-гийн бүлэг болон Европын Холбооны дээд хэмжээний уулзалтуудын үеэр Хятадтай холбоотой худалдааны шинэ хязгаарлалтын арга хэмжээ танилцуулж магадгүй гэсэн таамаг гарч байна.


Харин Хятад дахь Европын Холбооны Худалдааны танхимын хамгийн сүүлийн судалгаагаар Европын аж ахуйн нэгжүүдийн 68 хувь нь Хятад дахь үйл ажиллагаагаа хадгалах буюу өргөжүүлэхээр төлөвлөж байгаа бол гуравны нэг орчим нь нутагшуулах стратегиа цаашид улам гүнзгийрүүлэхээр төлөвлөж байгаа нь “эрсдэл бууруулах” бодлого Европын бизнесийн хүрээний бодит сонголт болоогүйг харуулж байна.


Мао Нин хэлэхдээ, улам олон Европын аж ахуйн нэгж Хятадын зах зээлд хөрөнгө оруулж, үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа нь “эрсдэл бууруулах” гэх ойлголтод өгч буй хамгийн бодит хариулт юм гэв.


Тэрээр Хятад, Европын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа нь нийтлэг ашиг сонирхолд тулгуурладаг бөгөөд харьцангуй давуу тал, зах зээлийн өрсөлдөөний хамтын үр дүн. Давуу талаараа харилцан нөхөх нь эрсдэл биш, ашиг сонирхлын нэгдэл нь ч заналхийлэл биш, Европын тал Хятад-Европын эдийн засаг, худалдааны харилцааг бодитой, зөвөөр үнэлж, Хятадын талтай хамтран тулгамдсан асуудлуудыг багасган, хамтын ажиллагааны боломжийг улам өргөжүүлж, харилцан ашигтай хамтын хөгжилд хүрэхийг хүсэж байна гэжээ.