sonin.mn

Нийслэлийн Онцгой комиссын 2026 оны анхдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар Улаанбаатар хотын үерийн хариу арга хэмжээний бэлэн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, гол, усны ослоос урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ. Өнөөдрийн хуралдаанаар НОК-ын дарга Б.Пүрэвдагва иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд онцгой анхаарч цаашид дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.


Улаанбаатар хотын үер, усны байгууламжийн 70 хувийн насжилт хэтэрсэн бөгөөд борооны ус зайлуулах гол шугамуудын дийлэнх нь1990 оноос өмнө хийгджээ. 2026 онд нийслэлийн хэмжээнд олон жилийн дунджаас дулаан, хур тунадас их орох төлөвтэй байна. Иймд үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн байгууллагуудын хүн хүч, техник хэрэгсэл, нөөцийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр онцгой анхаарч ажиллахыг НОК-ын дарга Б.Пүрэвдагва холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.


Нийслэлийн хэмжээнд борооны ус ихээр хуримтлагддаг, эрсдэл бүхий 41 байршилд 60 мотопомпыг байрлуулахаар бэлтгэл хангаж байна. Мөн үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй 2 мянга орчим айл өрхийг үе шаттай нүүлгэх арга хэмжээг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулахаар төлөвлөөд байна. Түүнчлэн үерийн хамгаалалтын далан, авто замын ус зайлуулах шугам сүлжээ, байгууламжийг өргөтгөх, шинэчлэх ажлыг эрчимжүүлнэ.


Мөн өнөөдрийн хуралдаанаар хүүхэд хамгааллын орчныг сайжруулах талаар хэлэлцлээ. Энэ хүрээнд бүх шатны боловсролын байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн хүүхэд хамгааллын байгууллагуудын орчныг сайжруулах, нийтийн эзэмшлийн тоглоомын талбай, хашаа, ногоон байгууламж, хүүхдийн зуслан, асрамжийн төв, халамжийн газар, хүүхдийн сувиллуудад хяналт шалгалт зохион байгуулж, аюулгүй байдлыг хангуулахыг НОК-ын дарга Б.Пүрэвдагва холбогдох албаныханд үүрэг болголоо. Мөн тэрбээр боловсролын байгууллагаар дамжуулан эцэг эх, хүүхдүүдэд аюул, ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах талаарх ойлголт, мэдээллийг хүргэх ажлыг эрчимжүүлэх чиглэл өгөв.