sonin.mn

Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академиас зургаадугаар сарын 1-нд Бээжин хотноо зохион байгуулсан хэвлэлийн бага хурлаас мэдээлснээр, “Эрт өдгөөгийн яриа хэлэлцээ: Сонгодог мэргэн ухааны орчин үеийн үнэ цэнэ” сэдэвт Дэлхийн сонгодог судлалын II хурал 2026 оны зургаадугаар сарын 9-10-ны өдрүүдэд Грекийн Афин хотноо зохион байгуулагдах юм байна.


Тус хуралд Хятад болон гадаадын сонгодог судлалын эрдэмтэн судлаачид, мөн соёл иргэншил, археологийн салбарын мэргэжилтнүүдийг өргөнөөр урьж оролцуулах бөгөөд сонгодог соёл иргэншилтэй холбоотой асуудлуудаар гүнзгий хэлэлцүүлэг өрнүүлж, дэлхийн сонгодог соёл иргэншлийн судлаачдын үзэл санаа солилцох, нийтлэг ойлголцолд хүрэх чухал индэр болох аж.


Энэ удаагийн хурлыг Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академи, Хятадын Боловсролын яам, Соёл, аялал жуулчлалын яам, Грекийн Соёлын яам болон Афины академи хамтран зохион байгуулах юм байна.


Нээлтийн ёслол, нэгдсэн хуралдаан болон хаалтын ажиллагаанаас гадна "Ёс суртахуун ба хүмүүжил: Сонгодог боловсролын орчин үеийн тайлбар", "Нөхөрлөл ба хамтын нийгэмлэг: Эрт ба орчин цагийн өөрчлөлт дундах ёс зүйн хамтын нийгэмлэг", "Энх тайван ба дэг журам: Дэлхийн өөрчлөлтийн үеийн соёл иргэншлийн шийдэл", "Технологи ба соёл иргэншил: Дижитал оюуны эрин үеийн хүмүүнлэгийн үзэл" гэх дөрвөн тусгай сэдэвт салбар форум болно.


Хурлын үеэр “Сонгодог мэргэн ухаанаар хүн төрөлхтний ирээдүйн замыг гэрэлтүүлье” гэсэн хамтарсан санаачилга болон “Хятадын сонгодог соёл иргэншлийн судалгааны хүрээлэнгийн дэлхийн эрдэмтдийн судалгаа, айлчлан ажиллах хөтөлбөр” зэрэг үр дүнгүүдийг танилцуулах юм.


Мөн “Сонгодгийг орчин үе рүү ойртуулах нь — Дэлхийн сонгодог соёл иргэншлийн ололтын үзэсгэлэн” сэдэвт дагалдах үзэсгэлэн зохион байгуулагдаж, Хятад болон дэлхийн бусад орны сонгодог бүтээлүүд, судалгааны баримт бичиг, эрдэм шинжилгээний ололтуудыг дэлгэн үзүүлэхээр төлөвлөжээ.



Г.Бямба