sonin.mn

     Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга, “Эр цэргийн Хатан ижий” төрийн бус байгууллагаас хамтран Цэргийн гавьяаны одонт, хошууч генерал Гүрийн Рагчаагийн нэрэмжит Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид зочилж, Олон улсын энхийг сахиулагчдын өдөр, Эх үрсийн баярыг тохиолдуулан 70 гаруй хугацаат цэргийн алба хаагчид гарын бэлэг дурсгалын зүйл гардуулахын зэрэгцээ 6 дугаар сард төрсөн 16 алба хаагчийн төрсөн өдрийн баярыг тэмдэглэж, амьдралд нь мартагдашгүй нэгэн дурсамж үлдээлээ.


      Энэ үеэр он оны Хатан ижий нар тус ангийн байлдагч Д.Зол-Эрдэнийн ээж, гэргий, хоёр хүүхдийг нь Дархан-Уул аймгаас авчирч гэнэтийн бэлэг барьсан нь хуран чуулсан олны сэтгэлийг хөдөлгөсөн үйл явдал боллоо.


Ангийн захирагч хурандаа Б.Энхцаг хүрэлцэн ирсэн Хатан ижий нарт талархсан сэтгэлээ илэрхийлж, байлдагч Д.Зол-Эрдэнэ болон Д.Болдбаатар нарыг орон нутгийн чөлөөгөөр шагнаж, гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ баярлах боломж олгосон юм.


      Энэхүү өдөрлөгийг Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын Сургалт, суртал хүмүүжил, маркетингийн албаны дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн, дэд хурандаа Р.Өнөржаргал хөтлөн зохион байгуулсан бөгөөд “Эр цэргийн Хатан ижий” төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Цэцэгээ эгнээндээ төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 110 орчим ээжийг нэгтгэсэн арав гаруй жилийн түүхтэй төрийн бус байгууллагынхаа тухай болон төлөөлж ирсэн Хатан ижий нарыг танилцуулж, бэлтгэл хурандаа н.Цэдэн, дэд хурандаа Ё.Саяням нар “Эх оронч үзэл, улсын хил хамгаалалтын түүх”, “Төр улсын доторх гэр улс, Монголчуудын ураг удмын түүх” сэдвээр дайчдад яриа таниулга хийлээ.



      Дайчид цэргийн уран бүтээлчдийн мэндчилгээг хүлээн авч хамтдаа дуулахын зэрэгцээ ижийн тухай дуугаар Хатан ижий нартаа мэндчилгээ дэвшүүлж, хамтдаа бүжиг, дуу, хөгжөөнт тоглоомоор баг болон өрсөлдөж нэгэн өдрийг мартагдашгүй дурсамж дүүрэн өнгөрүүллээ.