Казахстаны парламентын доод танхимын дарга Ерлан Кошановын урилгаар Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лежи 5-р сарын 25-наас 27-ны хооронд Казахстанд албан ёсны нөхөрсөг айлчлал хийв. Тэрээр Астана хотод Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай уулзаж, парламентын дээд танхимын дарга Маулен Ашимбаев, доод танхимын дарга Ерлан Кошанов нартай тус тус хэлэлцээ хийв.
Токаевтай уулзах үеэрээ Жао Лежи эхлээд дарга Ши Жиньпиний чин сэтгэлийн мэндчилгээ болон сайн сайхны ерөөлийг уламжлав. Жао Лежи хэлэхдээ, Хятад улс Казахстантай хамтран хоёр орны язгуур ашиг сонирхолтой холбоотой асуудлуудад харилцан тууштай дэмжиж, "Бүс ба зам"-ыг хамтдаа өндөр чанартай бүтээн байгуулахыг гүнзгий ахиулахад бэлэн байна. "Хятад-Казахстаны соёлын солилцооны жил"-ийг хамтдаа сайтар зохион байгуулж, хоёр ард түмний харилцан ойлголцол болон нөхөрлөлийг дэмжинэ. Олон талт хүрээнд зохицуулалт, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хоёр орны нийтлэг ашиг сонирхол болон олон улсын шударга ёсыг хамтдаа хамгаална гэжээ.
Токаев Хятад улсын дарга Ши Жиньпинд чин сэтгэлийн мэндчилгээгээ дамжуулахыг Жао Лежигээс хүсэв. Тэрээр хэлэхдээ, эдийн засгийн хувьд хоёр улс бие биенээ нөхөх давуу талтай бөгөөд олон салбарт хамтын ажиллагааны асар их боломжтой. Казахстан улс "нэг Хятад"-ын зарчмыг баримталж, дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах тухай үзэл баримтлал болон дэлхийн хөгжлийн дөрвөн санаачилгыг дэмжиж байна. Хятад улс дэлхийн засаглалыг идэвхтэй манлайлан оролцож, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад чухал хувь нэмэр оруулж байгааг Казахстаны тал өндрөөр үнэлж байна гэжээ.
Уулзалтын дараа Жао Лежи Ерөнхийлөгч Токаеваас Нэгдүгээр зэргийн Найрамдлын одонг гардан авав.
Г.Бямба
Мягмар - 06 сарын 02,
2026
Сэтгэгдэл0