sonin.mn

“2026 оны АПЕК-ийн худалдааны сайд нарын уулзалт” 23-нд Жянсу мужийн Сужөү хотод өндөрлөж, "2026 оны АПЕК-ийн худалдааны сайд нарын уулзалтын хамтарсан мэдэгдэл”-ийг нийтэлж, үйлчилгээний салбарын шинэ замын зургийг батлав. Талууд "1+1" тодорхой үр дүнд хүрч, оны сүүлээр болох АПЕК-ийн удирдагчдын албан бус уулзалтад худалдаа эдийн засгийн чухал үр дүнг нэмэрлэв. Хятад улс АПЕК-ийн зохион байгуулагчийн үүрэг гүйцэтгэж, бүх талуудад худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал боломжийг олгож байна хэмээн олон зочид үзэж байгааг “Олон улсын тойм”-ын тоймч уулзалтын газар дээр нь ажигласан байна. 


Энэ жил бол Хятад улс АПЕК-д элссэний 35 жилийн ой бөгөөд АПЕК-ийн уулзалтыг гурав дахь удаагаа зохион байгуулж байна. Дэлхийн нөхцөл байдлыг харахад, бүх талууд АПЕК-ийн "Хятадын жил"-д яагаад өндөр хүлээлт тавьж байгааг ойлгоход хялбар юм. Өнөөгийн дэлхий дахинд ээдрээ өөрчлөлт эмх замбараагүй байдал давхцан, ганц талт үзэл, ивээх үзэл өндийж, дэлхийн эдийн засгийн өсөлтийн эрч суларч байна. Саяхан ОУВС нь 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалаа 3.1% болгон бууруулж, тэр ч байтугай хэт туйлширсан хувилбарын өсөлтийн урьдчилсан төсөөллөө 2% болгон бууруулжээ. Энэхүү чухал үед дэлхийн эдийн засгийн хамгийн эрчтэй бүс нутаг болсоны хувьд Ази Номхон далайн бүс нутгийн 21 эдийн засгийн цогцууд нэгэн танхимд цуглаж, олон талт үзэл болон бүс нутгийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа “хаашаа чиглэх” талаар гүнзгий хайн хэлэлцэж, хамтарсан мэдэгдэл, үйлчилгээний шинэ замын зургийг багтаасан "1+1" бодит үр дүнд хүрсэн нь чухал ач холбогдолтой юм. 




Хятадын Нанькай Их Сургуулийн АПЕК-ийн судалгааны төвийн дарга, Хятадын АПЕК-ийн судалгааны хүрээлэнгийн ерөнхий захирал Лю Чэньян “Олон улсын тойм”-д хэлэхдээ: Эдгээр ажил хэрэгч ололт амжилтууд хялбархан олдоогүй. Эдгээр нь бүс нутгийн хөгжлийн доторх бэрхшээлтэй цэгүүдийн талаар оновчтой хариуг өгч, Ази Номхон далайн эдийн засагт "хүчтэй түлхэц" өгөөд зогсохгүй, Ази Номхон далайн бүс нутаг олон талт үзлийг баримталж, харилцан ашигтай хамтын ажиллагааг баримтлах хүчтэй дохиог дэлхий нийтэд өгч буйг харуулж, энэ нь нээлттэй бүс нутгийн үзэл, жинхэнэ олон талт үзэл бол хүмүүсийн хүсч буй зүйл гэдгийг бүрэн харуулж байна гэв. 


Ази Номхон далайн бүс нутгийн том гэр бүлийн чухал гишүүний хувьд Хятад улс нь АПЕК-ийн төрөл бүрийн салбарын хамтын ажиллагаанд идэвхтэй гүнзгий оролцож ирсэн. Өнгөрсөн жил болсон АПЕК-ийн удирдагчдын 32 дахь албан бус уулзалтын үеэр Хятад улсын дарга Ши Жиньпин нээлттэй хөгжил хүртээмжтэй эдийн засгийн даяаршлыг дэмжиж, харилцан ашигтай хамтаар амжилтад хүрэх, хүртээмжтэй уужуу багтаамжтай эдийн засгийн даяаршлыг урагш ахиулж, Ази Номхон далайн бүс нутгийн цогц нэгдлийг бүтээхийг онцолсон билээ. Энэ жилийн АПЕК-ийн "Хятадын жил" нь "нээлттэй байдал, инноваци, хамтын ажиллагаа”-г тэргүүлэх чиглэл болгож байна. АПЕК-ийн Худалдааны сайд нарын энэхүү уулзалтын үеэр ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн хэлсэн үгэндээ Ази Номхон далайн бүс нутгийн чөлөөт худалдааны бүсээр алсын зорилт болгож, бүс нутгийн эдийн засгийн интеграцийг уян хатан, ажил хэрэгч байдлаар урагшлуулж, олон талт худалдааны системийг тууштай хамгаалж, ДХБ цаг үетэй нийцүүлэн шинэчлэлт хийхийг дэмжиж, шинээр гарч ирж буй салбаруудад харилцаа холбоо, яриа хэлэлцээг бэхжүүлж, шинэ сорилтуудыг шийдвэрлэхийн тулд хамтын ажиллагааг шинэчлэх саналыг дэвшүүллээ. Уулзалтын үр дүнд Хятадын талын санал зөвлөмжүүд тусгагдсан нь АПЕК-ийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд шинэ эрч хүч нэмээд зогсохгүй, Хятадын тал Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн шинэ ололт амжилтаараа Ази, Номхон далайн бүс нутаг болон дэлхийн эдийн засгийн хөгжлийг дэмжих хүсэл эрмэлзэл болон хариуцлагыг харуулсан юм. 


"Талууд дижитал эдийн засаг, хиймэл оюун ухааны талаар ихээхэн хэлэлцэж байна." Уулзалтын үеэр АПЕК-ийн бодлогын дэмжлэгийн ажлын хэсгийн дарга Карлос Курияама “Олон улсын тойм”-ын тоймчтой санал солилцов. Өдгөө инновацийн тусламжтайгаар дижитал, ухаалаг, ногоон өөрчлөлтийг урагш ахиулах нь АПЕК-ийн эдийн засгийн хувьд шинэ өсөлтийн цэг болж байна. Энэхүү уулзалтын үеэр гаргасан *Сужөүгийн мэдэгдэл”-ийн гол онцлох зүйл нь "шинэ өсөлтийг судлах” явдал бөгөөд энэ нь зөвхөн олон талт худалдааны систем болон ДХБ-ын ажлыг дэмжих зэрэг уламжлалт хөтөлбөрүүдэд анхаарал төвлөрүүлээд зогсохгүй дижитал худалдаа, ногоон худалдаа, хиймэл оюун ухаан зэрэг шинээр гарч ирж буй салбаруудыг уламжлалт эдийн засаг, худалдааны сэдвүүдтэй ижил түвшинд хүргэж, бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ орон зайг нээж буй явдал гэж зарим шинжээчид үзжээ. 


АПЕК-ийн эдийн засгийн цогцууд бүгд анхаарал хандуулдаг дижитал худалдааны хамтын ажиллагааг авч үзье. Одоогийн байдлаар дэлхийн дижитал эдийн засгийн цар хүрээ 50 их наяд ам.доллараас давжээ. Уулзалтын үеэр АПЕК-ийн эдийн засгийн цогцууд "АПЕК-ийн дижитал худалдааны хамтын ажиллагааны хүрээ"-нд мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргаж, чадавхийг бэхжүүлэх, дижитал зөрөөг арилгах, дижитал шилжилтийн ашиг тусыг бүх талууд хуваалцахыг баталгаажуулах амлалт өглөө. Папуа Шинэ Гвинейн төлөөлөгчид энэ нь жижиг дунд эдийн засгийн цогцод дижитал худалдааны хамтын ажиллагаанаас ашиг хүртэх найдварыг төрүүлж байна гэж тэмдэглэжээ. 


Инновацид суурилсан хөгжлийн чиг хандлагыг АПЕК онцлон чухалчилж буй нь Хятад улсын инновацид суурилсан хөгжлийн стратегитай төгс нийцэж байна. 2025 онд Хятад улсын дижитал эдийн засгийн гол салбаруудын нэмүү өртөг нь ДНБ-ний 10.5%-иас дээш хувийг эзэлж, хиймэл оюун ухааны гол салбарын цар хүрээ 1.2 их наяд юаниас давав. Эдгээр хөгжлийн давуу талууд нь АПЕК-ийн гишүүн эдийн засгийн цогцуудад боломжуудыг авчирна. Энэ уулзалтын үргэлжлэл болсон Сужөүгийн Дэлхийн хөрөнгө оруулалтыг дэмжих хурлын үеэр БНСУ-ын S&STECH компанийн гадаад бизнесийн төлөөлөгч Чун Ил-до хэлэхдээ, тус компани Хятад улсын ухаалаг үйлдвэрлэл, дижитал үйлдвэрлэлийн загварыг өндрөөр үнэлж, Хятад улсын инновацийн экосистемтэй гүнзгий нэгдэхийг хүсэн хүлээж байгаа тул анхны гадаад үйлдвэрээ барихаар Хятад улсыг сонгосон юм гэв. 




"APEC-ийн инновацилаг, өрсөлдөх чадвартай, уян хатан үйлчилгээний замын зураг" нь энэ удаагийн уулзалтын бас нэгэн чухал үр дүн юм. Бүх талууд найман чухал салбар дахь хамтын ажиллагаанд анхаарлаа төвлөрүүлэх, үйлчилгээний салбарын холбогдох бодлогын үргэлжилсэн инноваци, шинэчлэлийг дэмжих, худалдаа үйлчилгээний хөрөнгө оруулалтын нээлттэй, урьдчилан таамаглах боломжтой тогтолцооны орчныг хамтран бүрдүүлэхээр тохиролцов. Одоогийн байдлаар үйлчилгээний салбар нь АПЕК-ийн нийт эдийн засгийн гуравны хоёр орчим хувийг эзэлж байна. Шинэ замын зураг нь үйлчилгээний салбарыг АПЕК-ийн эдийн засгийн өсөлт болон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чухал хүчин болгож, Ази Номхон далайн бүс нутгийн дараагийн 10 жилийн үйлилгээний салбарын хөгжлийн зургийг гаргажээ. 


Үйлчилгээний худалдааны дэлхийн том гүрний хувьд Хятад улс сүүлийн үед үйлчилгээний салбарынхаа өндөр чанартай хөгжилд хөрөнгө оруулалтаа тасралтгүй нэмэгдүүлж байна. Өнгөрсөн сард гэхэд Хятадын засгийн газар "Үйлчилгээний салбарыг өргөжүүлж, чанарыг сайжруулахыг дэмжих тухай санал"-ыг нийтэлж, үйлчилгээний салбарын нийт цар хүрээг 2030 он гэхэд 100 их наяд юаньд хүргэх зорилтыг дурдав. “Хятад улсын үйлчилгээ" тасралтгүй өргөжиж сайжирснаар Ази Номхон далайн бүс нутгийн гишүүдийн хамтын ажиллагааны орон зай улам өргөжих болно. 


АПЕК-ийн "Хятадын жил"-д Хятад улс нь нээлттэй хөгжлийн замаар Ази Номхон далайн бүс нутгийн бусад эдийн засгийн цогцуудтай боломжуудыг хуваалцаж, харилцан ашигтай хамтаар амжилтад хүрч, оны сүүлээр Шэньжэнь хотод болох АПЕК-ийн удирдагчдын албан бус уулзалтын бат бөх суурийг тавьж, Ази Номхон далайн бүс нутгийн цогц нэгдлийг бүтээхэд урт хугацааны эрч хүчийг оруулах болно. Хятад улс үргэлж Ази Номхон далайн бүс нутгийн "тодорхой байдлын тулгуур чулуу", "тогтвортой байдлын орон зай" байсаар ирснийг бодит үнэн нотолж байна.