sonin.mn

ЛОНДОН, 2026 оны тавдугаар сарын 20 /Reuters/. Их Британийн эрх баригчид гуравдагч орнуудад Оросын газрын тосоор үйлдвэрлэсэн дизель түлш болон нисэх онгоцны түлшийг импортлохыг зөвшөөрчээ. Энэ тухай тус улсын Засгийн газрын цахим хуудсанд мягмар гарагт мэдээлсэн байна. Ингэснээр одоогийн мөрдөж буй хоригийг тойрон гарч, Оросоос гаралтай газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох боломжтой болох юм.


Их Британийн засгийн газраас олгосон уг зөвшөөрөл нь тавдугаар сарын 20-ны өдрөөс хэрэгжиж эхэлжээ. Энэхүү лиценз нь хугацаагүй бөгөөд зарим үед дахин нягталж байх аж. Ираны дайны улмаас Их Британид түлшний үнэ нэмэгдсэн нь засгийн газарт ирэх шахалтыг улам бүр нэмэгдүүлсэн байна. 


Их Британийн эрх баригчдын энэхүү шийдвэр нь АНУ-ын гаргасан ижил төстэй шийдвэрийн дараа гарч байна. АНУ-ын эрх баригчид Оросын газрын тос, газрын тосны бүтээгдэхүүнийг далайгаар нийлүүлэх, худалдах тусгай зөвшөөрлийн хугацааг тавдугаар сарын 18-нд сунгасан юм. АНУ-ын Сангийн яамнаас мэдээлснээр, энэхүү түр зуурын зөвшөөрөл нь Ираны дайны улмаас нийлүүлэлт тасалдаж, хамгийн их хохирол амссан орнуудыг дэмжих зорилготой ажээ.


Харин Их Британийн засгийн газар Оросын шингэрүүлсэн хийг далайгаар тээвэрлэх зөвшөөрлийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл олгосон байна.


Оросын арми Украинд цэргийн ажиллагаа явуулж эхэлсний дараа буюу 2022 онд Оросоос газрын тос, нүүрс импортлохыг Их Британи хориглосон юм. Мөн 2025 оны 10 дугаар сард Оросын “сүүдрийн флот”-ын эсрэг өргөн хүрээтэй багц хориг арга хэмжээ авсны зэрэгцээ Оросын газрын тосоор гуравдагч орнуудад үйлдвэрлэсэн нефтийн бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосон байна.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг