sonin.mn

ВАШИНГТОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 7 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранд осолдсон нисгэгчийг аварсан тухай мэдээллийг анх дэлгэсэн сэтгүүлчээс мэдээллийн эх сурвалжаа илчлэхийг шаардаж, хэрэв татгалзвал хорино гэж даваа гарагт мэдэгджээ.


Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр Трампын хэлсэн энэ үг нь түүний засаг захиргааны зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүд рүү чиглэсэн дайралт улам ширүүсэж буйн илрэл боллоо.


Өнгөрсөн баасан гарагт Ираны агаарын орон зайд Америкийн сөнөөгч онгоцыг буудан унагасны дараа хоёр нисгэгчийн нэгийг аврах ангийнхан олж аварсан тухай хэд хэдэн хэвлэл мэдээлжээ.


Д.Трампын хэлэхдээ, уг мэдээллийг задруулсан явдал нь нөгөө нисгэгчийг аврах ажиллагаанд эрсдэл учруулсан гэж мэдэгдсэн байна. 


“Бид энэ мэдээллийг цацсан хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж, үндэсний аюулгүй байдлын үүднээс эх сурвалжаа илчлэх эсвэл шоронд орох сонголтыг өгнө” гэж тэрбээр хэлжээ. Гэхдээ Д.Трамп яг ямар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэн гэдэг сэтгүүлчийн талаар ярьж байгаа нь тодорхойгүй байв.



Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг