sonin.mn

ВАШИНГТОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 7 /DW/. "Orion" хөлгийн сансрын нисэгчид Сарны нөгөө талд гарахдаа Дэлхийгээс хүмүүст харагддаггүй талынх нь гэрэл зургийг авчээ. 


Түүхэн нислэг хийж буй “Artemis II” хөтөлбөрийн багийнхны илгээсэн уг гэрэл зургийг АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг "Instagram" хуудсандаа нийтэлсэн байна. 


"Сарны наад талыг гадаргуу дээрх бараан толбоор нь таньж болно. Эдгээр толбо нь Сар үүсэх эхэн үед галт уулын идэвхжилтэй байх үед бий болсон ба галт уулын халуун лаавын гольдролын Баруун тал дахь том тогоо бол Дорнод тэнгис бөгөөд энэ нь Сарны наад болон цаад талын зааг дээр орших бараг 600 миль (900 гаруй км) голчтой тогоо юм. “Artemis II” хөтөлбөрийн багийнхан бол үүнийг бүтнээр нь анх удаа харсан хүмүүс юм" гэж НАСА онцолжээ. 


Гэрэл зурагт Дорнод тэнгисээс цааших Сарны ар тал харагдаж байна. Сар нь Дэлхийг тойрон эргэдэг хурдтайгаа ижил хурдаар тэнхлэгээ тойрон эргэдэг учраас Дэлхийгээс зөвхөн нэг тал нь харагддаг хэмээн НАСА тайлбарлалаа.


"Orion" хөлгийн сансрын нисгэгчид нэг хоногийн дотор Сарны нөгөө талд гарч, Дэлхийгээс хамгийн хол буюу 407 000 км-ийн зайд очсоноор шинэ дээд амжилтыг тогтоожээ. Сарны хажуугаар амжилттай ниссэнийхээ дараа нисэгчид эх Дэлхийдээ буцаж ирэх бөгөөд Сан-Диегогийн эрэг орчимд Номхон далайд бууна.


Уг хөлгийг “Artemis II” хөтөлбөрийн хүрээнд дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Флорида муж улсын Канавералын хошуун дахь Сансрын төвөөс Зүүн эргийн цагаар 18:35 цагт хөөргөсөн билээ. 


Хөлгийн багийн бүрэлдэхүүнд Рид Уайзман, Жереми Хансен, Кристина Кох, Виктор Гловер нар багтсан бөгөөд Виктор Гловер бол Сарны хөтөлбөрт оролцож буй анхны африк гаралтай америк хүн, Кристина Кох бол Сарны хөтөлбөрт оролцож буй анхны эмэгтэй сансрын нисгэгч юм.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг