Дөрөвдүгээр сарын 2-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурал хийв.
Сэтгүүлч: Саяхан болсон 2026 оны Жүн Гуань Цүнь форумын жил тутмын чуулган дээр нийтэлсэн “Хятадын үндэсний инновацын индексийн тайлан 2025”-д Хятадын үндэсний инновацын нэгдсэн үзүүлэлт дэлхийд 9 дүгээр байр хүртэл ахисан бөгөөд сүүлийн арав гаруй жилийн хугацаанд хамгийн хурдан ахиц гаргасан улс болсон байна. Энэ талаар байр сууриа илэрхийлээч.
Мао Нин: Хятадын засгийн газар шинжлэх ухаан, технологийн инновацыг улс орны хөгжлийн ерөнхий бодлогын гол цөм байранд тавьж ирсэн. “14 дэх таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Хятад улс шинэ эрчим хүчний автомашин, хиймэл оюуны том загвар, квант технологи, биологийн шинжлэх ухаан зэрэг салбарт бэлгэдэл болсон анхдагч шинэ ололт амжилтуудыг гаргаж, өндөр чанартай хөгжлийг хүчтэй ахиулан, дэлхийн инновацын чухал туйлын нэг болсон юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятадын шинжлэх ухаан, технологийн инновац нь нээлттэй хамтын ажиллагааг тууштай баримталдаг. Өнгөрсөн долоо хоногт Хятад улс дэлхийн улс орнуудад Тянъянь радио дуран, “Фэнь Дөү Жэ” гүний шумбагч аппарат зэрэг шинжлэх ухааны томоохон дэд бүтцийг нээлттэй болгосноо зарласан. Ингэснээр бие даан бүтээсэн улсын хэмжээний шинжлэх ухааны том чухал төхөөрөмжүүдийг дэлхий нийтэд хүртээмжтэй нийтийн бүтээгдэхүүн болгон хувиргаж, бодит үйлдлээрээ шинжлэх ухаан, технологийн инновацын жинхэнэ үнэ цэнэ нь дангаар ноёрхох давуу талд бус, харин илүү олон хүн технологийн дэвшлийн үр шимийг хүртэхэд оршдогийг нотолсон юм.
Цаашид “15 дахь таван жилийн төлөвлөгөө”-г харвал Хятад улс өндөр түвшний шинжлэх ухаан, технологийн бие даасан хөгжил, өөрийн чадавхыг тууштай ахиулж, технологийн инновацаар шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчний хөгжлийг манлайлан, ерөнхий анхдагч инновацыг бэхжүүлж, үйлдвэрлэлийн бодит хэрэглээнд хурдан шилжүүлэхийг эрчимжүүлнэ.
Мөн нээлттэй хамтын ажиллагааг идэвхтэй өргөжүүлж, технологийн хүртээмжээр дамжуулан дэлхийн хамтын хөгжлийг урагшлуулах болно гэжээ.
Даваа - 04 сарын 06,
2026
Сэтгэгдэл0