sonin.mn

ВАШИНГТОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 6 /TASS/. АНУ, Ираны талууд 45 хоногийн хугацаатайгаар гал зогсоох нөхцөлийг хэлэлцэж байгаа тухай Axios цахим хуудсанд эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ. Эх сурвалжуудын ярьснаар, уг тохиролцоонд хүрсний дараа мөргөлдөөн дуусаж магадгүй байна.


Талууд ойрын 48 цагийн дотор тохиролцоонд хүрэх магадлал бага байгаа хэдий ч тохиролцоонд хүрэх нь Ираны иргэний дэд бүтцэд өгөх асар их хүчтэй цохилт, мөн Персийн булангийн орнуудын эрчим хүч, усан хангамжийн байгууламжуудад өгөх хариу цохилтуудаас сэргийлэх цорын ганц боломж байж магадгүй гэдгийг эх сурвалжууд дурджээ.


Талууд итгэлцлийг бэхжүүлэх алхам хийнэ гэж Пакистан, Египет, Турк зэрэг орнуудын зуучлагчид найдаж байгаа аж. Тухайлбал, Ираны талаас Ормузын хоолойг нээх, мөн цөмийн хөтөлбөртэй нь холбоотой асуудлаар тодорхой алхам хийнэ гэж найдаж байна. "Зуучлагчид мөн Дональд Трампын засаг захиргаа гал зогсоох хэлэлцээр түр зуурынх бус мөргөлдөөн дахин сэргэхгүй байх баталгааг Иранд өгөхийн тулд ямар арга хэмжээ авч болохыг судалж байна" гэж Axios цахим хуудсанд бичжээ.


Өмнө нь Д.Трамп тус цахим хуудсанд ярилцлага өгөхдөө, Ираны талтай дөрөвдүгээр сарын 7 гэхэд хэлэлцээр байгуулах магадлал өндөр байгаа гэж мэдэгдсэн байна.


Хэрвээ Ираны тал Ормузын хоолойг дөрөвдүгээр сарын 6 гэхэд нээхгүй бол тус улсын эрчим хүч, иргэний дэд бүтцэд цохилт өгнө гэж Truth Social нийгмийн сүлжээгээрээ сүрдүүлжээ.  Харин Axios цахим хуудсанд бичсэнээр, АНУ-ын Ерөнхийлөгч хэлэлцээр байгуулах хугацааг АНУ-ын Зүүн эргийн цагаар 4-р сарын 7-ны 20:00 цаг хүртэл нэг өдрөөр сунгасан байна. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг