ЛОНДОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /DW/. Дэлхийн хамгийн баян хүмүүс оффшор бүс болон мэдүүлээгүй дансуудад 3.55 орчим их наяд долларыг татвараас нуун дарагдуулж байгаа талаар "Oxfam" буяны байгууллагуудын нэгдэл пүрэв гарагт мэдээлжээ. Эл мэдээллийг "Панамын баримтууд" нийтлэгдсэнээс хойш 10 жил өнгөрч буйг тохиолдуулан нийтэлсэн байна.
Дээрх мөнгөн дүн нь Франц улсын ДНБ-ээс (2024 оны байдлаар 3.16 их наяд доллар) давж байгаагаас гадна, дэлхийн хамгийн буурай хөгжилтэй 44 орны нийт ДНБ-ээс даруй хоёр гаруй дахин их байгааг "Oxfam"-ын хэвлэлийн мэдээнд дурджээ.
Дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн 0.1 хувь нь оффшор бүсэд хадгалагдаж буй нийт хөрөнгийн 80 орчим хувь буюу 2.84 их наяд ам.долларыг эзэмшиж байна. "Оксфам"-ын мэдээлснээр, энэ дүн нь дэлхийн хамгийн ядуу хүмүүсийн тал хувь нь буюу 4.1 тэрбум хүний нийт хөрөнгөөс давсан үзүүлэлт юм. Түүнчлэн хамгийн баян хүмүүсийн ердөө 0.01 хувь нь 1.77 их наяд долларыг хадгалж байгаа аж. Татвараас зайлсхийх явдалтай тэмцэхийн тулд "Oxfam" дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн 1 хувьд ногдуулах татварыг нэмэгдүүлэх, мөн хэт их хөрөнгөтнүүдэд татвар ногдуулах, оффшор бүсүүдийг устгахын тулд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, санхүүгийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг санал болгожээ. “Панамын баримтууд” нийтлэгдсэний дараа офшор бүсүүдэд хадгалагдаж буй мөнгөний хэмжээ өссөн боловч татвар ногдуулдаггүй хэсгийн хувь хэмжээ буурсан байна.
"Oxfam"-ын тооцоолсноор, 2016 оны дөрөвдүгээр сарын 3-нд уг баримтууд нийтлэгдсэнээс хойш оффшор активуудын хэмжээ 2023 онд 13.25 их наяд доллар болж өссөн нь тухайн үеийн дэлхийн ДНБ-ий бараг 12.5 хувьтай тэнцэж байжээ.
Үүний зэрэгцээ, татвар ногдуулдаггүй оффшор активуудын эзлэх хувь мэдэгдэхүйц буурч, дэлхийн ДНБ-ий 3-4 хувьд хүрч тогтворжсон байна. Жишээлбэл, 2024 онд Дэлхийн банк дэлхийн ДНБ-ийг 110.8 их наяд доллар гэж үнэлсэн бөгөөд "Oxfam" -ын хэвлэлийн мэдээнд дурдагдсан татвар огт төлдөггүй 3.55 их наяд доллар нь энэ дүнгийн ойролцоогоор 3.2 хувьтай тэнцэж байна. Татвар ногдуулдаггүй оффшор хөрөнгийн эзлэх хувь буурахад 2016-2017 онд Татварын мэдээллийг автоматаар солилцох систем (AEOI) ашиглалтад орсон нь нөлөөлсөн гэж тус байгууллага онцолжээ. 2025 оны гуравдугаар сар гэхэд AEOI-ийн тайлагнах стандартад 126 улс орон болон харьяа нутаг дэвсгэр нэгдсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 04 сарын 03,
2026
Сэтгэгдэл2
London failed for only one totes
Tsahimjina, hiimel oyun hereglene, robotjino gedeg ni busdiin erhsheeld orno oo l gesen ug