sonin.mn

Америк, Израилийн Ираны эсрэг цэргийн цохилт тасралтгүй хурцдаж, Ираны Бушерийн атомын цахилгаан станц зэрэг олон цөмийн байгууламж дараалан цохилтын бай болж, цөмийн дайны хар сүүдэр олон улсын хамтын нийгэмлэгийг бүрхээд байна.

Хятадын Төв Радио Телевизийн CGTN суваг дэлхийн сүлжээ ашиглагчдын дунд явуулсан санал асуулгаар, оролцогчдын 89.2 хувь нь дэлхий дахинд цөмийн зэвсгийн тархалт болон цөмийн аюулгүй байдлын эрсдэл хурдацтай өсөж байна гэж үзжээ.

Тасралтгүй өрнөж буй геополитикийн мөргөлдөөнүүдийн дунд цөмийн байгууламжууд байнга халдлагад өртөж, аюулгүйн улаан шугам алдагдах аюултай нөхцөл байдал үүсээд байна.


Санал асуулгад оролцогчдын 74.9 хувь нь аюулгүй байдлыг золиослон хөгжүүлсэн цөмийн эрчим хүчний хөгжил тогтвортой үргэлжлэх боломжгүй гэж үзсэн бол, 92.6 хувь нь улс орон бүр өөрийн нөхцөл байдалд хамгийн тохирсон цөмийн аюулгүй байдлын бодлого, арга хэмжээг сонгох эрхийг хүндэтгэх ёстой гэжээ.

Мөн дэлхийн оролцогчдын 91.4 хувь нь цөмийн аюулгүй байдал хил хязгааргүй, цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах нь хүн төрөлхтний хамтын хүсэл бөгөөд түүнийг хангах нь бүх улсын хамтын хариуцлага гэж үзсэн байна.


Энэ оны хоёрдугаар сард “Стратегийн зэвсгийг цаашид хорогдуулах шинэ гэрээ” хүчин төгөлдөр хугацаа нь дуусаж хүчингүй болсон ч Америк, Орос хоёр гэрээг сунгах талаар тохиролцоонд хүрч чадаагүй юм.

Ингэснээр дэлхийн хоёр том цөмийн гүрэн олон арван жилийн дараа анх удаа хяналт, ил тод байдлын механизмгүй нөхцөлд тулгараад байна.

Санал асуулгад оролцогчдын 88.2 хувь нь том гүрнүүдийн цэргийн харилцаа холбоо, зэвсгийн хяналтын асуудал дахь харилцан тэнцвэр алдагдах нь дэлхийн стратегийн тогтвортой байдалд ноцтой заналхийлэл учруулна гэж болгоомжилжээ.


Мөн 74.1 хувь нь олон улсын хамтын нийгэмлэг цөмийн материал, цөмийн байгууламжийн хяналт, хамгаалалтыг цаашид улам бэхжүүлэх ёстой, харин цөмийн том гүрнүүд дэлхийн цөмийн эрсдэлийг хянахад онцгой бөгөөд тэргүүлэх үүрэг хүлээх ёстой гэж үзсэн байна.

Хятадын тал “цөмийн аюулгүй байдлын хувь заяаны хамтын нийгэмлэг” байгуулах санаачилга дэвшүүлж, олон улсын цөмийн аюулгүй байдлын тогтолцоог бэхжүүлэх нь цөмийн эрчим хүчний салбарын эрүүл хөгжлийн үндсэн нөхцөл төдийгүй дэлхийн аюулгүй байдлын засаглалыг ахиулах, шинэ хэлбэрийн олон улсын харилцаа болон дэлхийн дэг журмыг боловсронгуй болгох чухал хэсэг гэж үзэж байна.


Санал асуулгад оролцогчдын 84.2 хувь нь Хятадын энэхүү байр суурийг өндөрөөр үнэлж, зөвхөн олон улсын энх тайван, тогтвортой орчныг бүрдүүлснээр цөмийн терроризм болон цөмийн зэвсгийн тархалтын асуудлыг үндсээр нь шийдвэрлэх боломжтой гэж үзжээ.


Мөн 93 хувь нь дайнд ялагч гэж байдаггүй, улс орнууд дайн хийхээс болгоомжлох, дайныг эсэргүүцэх, мөргөлдөөнийг зогсоох байр суурийг баримтлах ёстой бөгөөд аливаа дайны үйлдэл, болзошгүй дайны эрсдэлд өндөр сонор сэрэмжтэй байх ёстой гэж үзсэн байна.

Түүнчлэн 72.2 хувь нь Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн удирдсан цөмийн аюулгүй байдлын олон улсын хамтын ажиллагааг тууштай дэмжиж, цөмийн аюулгүй байдлын хувь заяаны хамтын нийгэмлэгийг хамтдаа байгуулахыг уриалжээ.

Энэхүү санал асуулгыг CGTN-ийн англи, испани, франц, араб, орос хэлний платформд нийтэлсэн бөгөөд 24 цагийн дотор гадаадын 12,768 хэрэглэгч оролцож, өөрсдийн байр сууриа илэрхийлсэн байна.