ЖАКАРТА, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Reuters/. Пүрэв гарагт Индонезын түүхэн Тернате арлын ойролцоо Молукка тэнгисийн хойд хэсэгт 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, Зүүн Өмнөд Азийн хөрш орнуудад нь цунамийн аюулын сэрэмжлүүлэг гаргасан тухай АНУ-ын Геологийн алба мэдээллээ.
Одоогоор байгалийн гамшгийн улмаас хүний амь нас эрсэдсэн талаар мэдээлэл ирээгүй байгаа боловч 5.0 хүртэлх магнитудын хүчтэй чичирхийлэл үргэлжлэн бүртгэгдэж байна гэж тус алба мэдээлжээ. Индонезын эрх баригчид Хойд Малуку болон Хойд Сулавеси мужуудад цунамийн түгшүүр зарлаад байна.
Газар хөдлөлтийн улмаас Тернате, Тидоре зэрэг хотуудын захиргаанаас иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэхэд бэлтгэхийг үүрэг болгожээ. Орон нутгийн "Metro TV" сувгаар зарим барилга байгууламж эвдэрч сүйдсэн дүрс зургийг дамжуулж эхэлсэн байна. АНУ-ын Геологийн алба газар хөдлөлтийн хүчийг анх 7.8 магнитуд гэж мэдээлж байснаа 7.4 болгосон байна. Газар хөдлөлтийн голомт нь 200 мянга гаруй оршин суугчтай Тернате хотоос 120 км-ийн зайд 35 км-ийн гүнд байжээ.
АНУ-ын цунамигаас сэрэмжлүүлэх албаны мэдээлснээр, газар хөдлөлтийн голомтоос 1000 км (620 миль) радиус доторх Индонез, Филиппин, Малайз улсуудын эрэг дагуу цунамийн аюул нүүрлэж болзошгүй байна.
Индонезын зарим эргийн бүсэд далайн давлгааны өндөр 0.3-1 метр хүрэх төлөвтэй байна гэж Номхон далайн цунамийн аюулаас сэрэмжлүүлэх төв мэдээлжээ. Түүнчлэн Гуам, Япон, Папуа Шинэ Гвиней, Тайванийн эрэг орчмоор 0.3 метрээс доош өндөртэй давалгаа үүсэж болзошгүй байна. Индонез нь тектоник хавтангуудын уулзвар буюу Номхон далайн "Галт цагираг" бүсэд оршдог тул газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт байнга тохиолддог.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 04 сарын 02,
2026
Сэтгэгдэл0