sonin.mn

3-р сарын 31-нд Бээжин хотноо БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжи Австрийн Холбооны парламентын дарга Вальтер Розенкранц тэргүүтэй Австри–Хятадын найрамдлын нийгэмлэгийн өндөр түвшний төлөөлөгчидтэй уулзлаа.


Уулзалтын үеэр, Хятад улсын дарга Ши Жиньпин болон Австрийн ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нарын стратегийн удирдлагын дор Хятад–Австрийн харилцааны агуулга улам баяжиж, олон салбарын хамтын ажиллагаа тогтвортой ахиж байгааг Жао Лэжи онцоллоо.


Тэрээр мөн энэ жил хоёр улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд, хоёр улсын удирдагчдын хүрсэн чухал зөвшилцлийг хэрэгжүүлж, гол ашиг сонирхол, анхаарал хандуулж буй томоохон асуудлаар харилцан хүндэтгэн, ногоон шилжилт, тоон эдийн засаг зэрэг салбарт хамтын ажиллагааны шинэ онцлох чиглэл бий болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.


Мөн хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлж, ард иргэдийн харилцан ойлголцлыг бэхжүүлэн, олон талт үзлийг хамгаалж, Хятад–Австрийн найрсаг стратегийн түншлэлийг улам гүнзгийрүүлэхийг онцолсон байна. БХАТИХ нь Австрийн парламенттай хууль тогтоох болон хяналт шалгалтын ажлын туршлага солилцох, бодит хамтын ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлэхэд бэлэн байгааг мэдэгдэв. Жао Лэжи мөн Хятадын “15 дугаар таван жилийн төлөвлөгөө”-ний ерөнхий агуулгын талаар танилцуулжээ.


Австрийн талын төлөөлөгч Вальтер Розенкранц Австрийн зүгээс Хятадтай харилцах харилцаанд өндөр ач холбогдол өгч байгааг онцолж, худалдаа, хүмүүнлэг, хууль тогтоох салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр ард түмний найрсаг харилцааг улам бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.