sonin.mn

Хятадын Шинжлэх ухааны академийн Өндөр энергийн физикийн хүрээлэнгээс мэдээлснээр, Хятадын тарамдсан нейтроны эх үүсвэрт (шинжлэх ухааны томоохон байгууламж) тулгуурлан эмнэлгийн зориулалттай альфа изотопыг кюри түвшинд олноор үйлдвэрлэхийг анх удаа хэрэгжүүлжээ. Энэ нь альфа цацрагт суурилсан эмчилгээний бэлдмэлийг лабораториос эмнэлзүйн хэрэглээнд шилжүүлэхэд чухал түлхэц болох юм.


Альфа изотоп нь “өндөр энерги, богино зайд үйлчлэх” онцлогтой тул хорт хавдрын эсийг нарийвчлалтай устгаж, эргэн тойрны эрүүл эд ангид учруулах гэмтлийг багасгадаг. Иймээс дунд болон хожуу шатны хавдрын зорилтот эмчилгээнд өндөр ач холбогдолтой гэж үздэг.


Өмнө нь актиний-225, ради-223 зэрэг эмнэлгийн чухал альфа изотопуудыг гадаадаас импортолдог байсан бөгөөд их хэмжээгээр үйлдвэрлэх нь салбарын тулгамдсан асуудал байв. Харин энэ удаа Хятадын судлаачид өөрсдийн боловсруулсан технологийн аргаар өндөр цэвэршилттэй актиний-225, ради-223, хар тугалга-212 зэрэг изотопыг гарган авч, цацраг идэвхийн цэвэршилтийг 99%-иас дээш түвшинд хүргэж, олон улсын түвшинд хүрсэн байна.


Одоогоор жилд кюри түвшний хар тугалга-212-ыг тогтвортой нийлүүлэх хүчин чадал бүрдээд байгаа бөгөөд цаашид тусгай үйлдвэрлэлийн шугамыг өргөжүүлж, жилд 100 кюри хүртэл үйлдвэрлэх зорилт тавьсан байна. Энэ нь холбогдох цөмийн эмийн судалгаа, эмнэлзүйн хэрэглээнд найдвартай суурь дэмжлэг үзүүлэх гэнэ.


Г.Бямба