Нарны “ихрүүд” болох олон мянган оддод хийсэн ажиглалтын явцад тэдгээр нь Сүүн зам галактикийн төвөөс түүний зах хязгаар бүсүүд рүү хэдэн тэрбум жилийн өмнө нүүн шилжсэнийг нотлох баримтыг одон орончид олсон байна.Эргэлддэг мушгиа хэлбэрийн тулгуур хана манай галактикийн төвд бий болохоос өмнө буюу 4-6 тэрбум жилийн тэртээ энэхүү шилжилт хөдөлгөөн явагдсан нь Нарны аймагт амьдрал үүсэхэд нөлөөлсөн байж болох хүчин зүйлсийн нэг юм.
Сүүн зам галактик ба түүнд багтдаг оддын үүсэл хөгжлийн нарийн зураглал нь эрдэмтдийн хувьд тодорхой болоогүй, оньсого таавар хэвээр байгаа ажээ. Нөгөөтээгүүр, галактикийн хавтгай дахь одод нь хэд хэдэн удаагийн тэсрэлтээс үүссэн гэх таамаглал бий.
Европын Сансрын агентлагийн Gaia хиймэл дагуулаас хүлээн авсан мэдээллийг үзвэл, 2 тэрбум ба 6 тэрбум жилийн өмнө 2 удаа ийм тэсрэлт болсон байж магадгүй бөгөөд энэ нь дээрх таамаг онолыг баталж байгаа юм. Дэлбэрэлтүүдийн шалтгаан нь Сүүн замын дагуул болох Нумын орд дахь Одой галактиктай мөргөлдөж, түр хугацаанд уусан нэгдсэнээс үүдэлтэй байж болох юм. Одод нь оршин тогтнох хугацаандаа галактикийн хавтгайн төв хэсгээс нүүн шилжсээр ирсэн тул тэдгээрийн үүссэн газар нь одоогийнхоос огт өөр байрлалд байх магадлалтай. Тэгэхээр Нарны ойр орчим дахь одод бол галактикийн хавтгайн янз бүрийн хэсгүүдэд үүссэн популяцуудын холимог нэгдэл байж болох юм.
Токиогийн их сургуулийн хэсэг эрдэмтэд Astronomy and Astrophysics сэтгүүлд нийтэлсэн саяхны хоёр судалгааны тайландаа дээрх таамгийг батлах шинэ өгөгдлүүдийг танилцуулжээ.
Нарны “ихрүүд”-ийн талаарх Gaia хиймэл дагуулаас хүлээж авсан мэдээллүүдэд Японы эрдэмтэд дүн шинжилгээ хийсэн байна. Эдгээр ихэр нь температур, гадаргуугийн татах хүч, химийн бүтэц зэрэг гол үзүүлэлтүүдийн хувьд Нарныхтай ойролцоо юм. Ингээд ажиглаж буй 2 тэрбум гаруй объектоос 6594 одыг сонгон авч, тэдгээрийн идэвхжилийн оргил үе нь 4-6 тэрбум жилийн хооронд байгааг илүү нарийвчлалтайгаар тооцоолон тодорхойлсон байна. Тэгэхээр галактикийн төвөөс ойрхон зайд маш олон тооны одод байдаг гэдэг нь батлагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Нарны өнөөгийн байршил нь санамсаргүй тохиолдол биш бөгөөд оддын асар том нүүдлийн үр дүнд бий болжээ.
4.6 тэрбум жилийн настай манай Нар одоогийнхтой харьцуулахад галактикийн төвөөс илүү ойрхон зайд үүссэн гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Сүүн замын төвд асар том эргэлддэг тулгуур хана байдаг нь ажиглалтын явцад мөн тодорхой болсон бөгөөд онолын үүднээс энэ хана нь одод төвөөс зугтахад саад хийх учиртай.
Тэгэхээр оддын шилжилт хөдөлгөөн уг хана бий болохоос өмнө явагдаж эхэлсэн болж таарч байна. Эдгээр шинэ мэдээлэл нь оддын нүүдэл нь манай гараг дээр амьдрал үүсэх таатай боломжийг бий болгосон хэмээн таамаглахад хүргэлээ. Галактикийн төв нь амьдрал үүсэхэд төдийлөн таатай биш бол манай Нар оршин буй захын бүсүүдэд амьдрал бий болох магадлал хамаагүй илүү. Тэгэхээр манай Нарны аймаг ба манай Дэлхий амьд организмууд үүсэж хөгжих боломжтой хэсэгт оршин буйд нөлөөлөх хүчин зүйлсийн нэгийг Японы эрдэмтэд нээн илрүүлжээ.
Б.Адъяахүү
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл1
Их Тэсрэлтээс өмнө юу байсан юм ! Юу ч байгаагүй гэж хэлдэг юм ! Энэ бол буруу хариулт бөгөөд нэг юм байсныг нь би гадарлаад л байна ! Тэрнээс нь өмнө нь ч бас нэг юм байсан !