sonin.mn

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон С.Буяннэмэхийн шагналт, Утгын чимэг-2025 наадмын тэргүүн шагналт, энэ цаг үеийн үргэлжилсэн үгийн гарамгай зохиолч, утга зохиол судлаач, сэтгүүлч До.Цэнджавын шавь нараас багшдаа зориулан хандивын аяныг эхлүүлж байна. 


Мэргэжил нэгт нөхөд, зохиолч, уран бүтээлчид, уран зохиолд, тэр дундаа До.Цэнджавын зохиол бүтээлд дуртай, хайртай Монголынхоо мянга мянган уншигчдыг энэхүү халуун сэтгэлийн үйлсэд нэгдэхийг уриалж байна.


Бидний багш боловсролын салбарт сумын сургуулиас ажлын гараагаа эхэлж, сэтгүүлч бэлтгэдэг Хүмүүнлэгийн их сургууль, МУИС-д багшилж, олон зуун шавьдаа эрдмийн түлхүүрийг атгуулсан ачтан. Монголын Зохиолчдын болон Сэтгүүлчдийн байгууллагыг удирдахын зэрэгцээ нийгэм, ард түмнээ соён гэгээрүүлэхэд бүхий л амьдралаа зориулж, Монголын өдөр тутмын таван сониныг эрхлэн гаргалцаж, улс төр, иргэний томоохон нийтлэлүүдээр ард түмнээ сэрээж, дуу хоолой нь болж явсан сэтгүүлч, үндэсний сэхээтэн. Энэ олон ажлын хажуугаар уран бүтээлээ туурвиж, “Чонын алтан шагай”,“Цагаагчин гахай жил”, “Од чиний дэргэд байгаа”, “Эрдэнэ жонон ван Ширнэндамдин”, “Элэгдэхийн аргагүй он жилүүдийн мөрөөр”, “Цэвдэг жаран”, “Босоо жаран”, “Бөмбөгөр ногоон”, “Цагаагчин гахай жил”, “Хөх жавар", "Цахарын хар шуурга", “Алтан жүн жор”, “Араатан” тэргүүтэн 30 гаруй роман болон өгүүллэгийн номууд туурвиж ард түмнийхээ оюуны их санд оруулсан билээ.


Өнөөдөр багш маань тархины гол судаснууд бөглөрсөн оноштой, цаг алдалгүй яаралтайгаар хагалгаанд орох заалттай Өвөрмонголын өөртөө засах орны Хөх хотын эмнэлэгт нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад шинжилгээ хийлгэж, урьдчилсан хагалгаанд орох гэж байна.


Багшийн минь эрүүл мэнд цаг хугацаатай уралдан дэнсэлсэн энэ мөчид та бүхнийг эмчилгээний зардалд халуун сэтгэлийн хандив, тусламж үзүүлнэ үү хэмээн хүсэж байна. Багш маань биеийн байдал хүнд байгаа юм. Эмчилгээний зардал өндөр учраас шавь нарынх нь зүгээс гэр бүл, хүүхдүүдтэй нь холбогдож зөвшөөрөл авсаны үндсэнд энэхүү сайн санааны үйлсийг эхлүүллээ. Оюуны соёлыг үнэлдэг хүндэлдэг Монголын ард түмэн, зохиолч, сэтгүүлчид, үе үеийн олон шавь нар нь, хамтран зүтгэгчид, хамт ажиллаж, бүтээж туурвиж явсан хүмүүсийг нэгдэж дэмжихийг хүсье. Та бүхэн халуун сэтгэлийн илгээмж, хандиваа охин Цэнджавын Энхжаргалынх нь ХААН банкны 5111247663 /IBAN MN98000500/ дансанд илгээнэ үү.


До.Цэнджавын хэсэг шавь