sonin.mn

Ерөнхий Сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн Сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгсөн билээ. Тодруулбал тэрээр Б.Энхбаярыг “Бодь интернэшнл” ХХК-ийн захирал Д.Баясгалангаас 500 мянган ам.доллароор нэг удаа, 800 мянган ам.доллароор дахин нэг удаа, нийт 1.3 сая ам.долларыг бэлнээр авсан байж болзошгүй хэмээсэн бөгөөд үүнийгээ саяхан олж мэдсэн гэжээ.


Төд удалгүй Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нар мэдээлэл хийж, үүнийг нь няцаасан.


Харин өчигдөр орой "Монголын Үнэн" сонины Ерөнхий эрхлэгч асан А.Амундра нийгмийн сүлжээн дэхь хуудастаа: "Хэзээ нэг их үндэсний бүтээн байгуулагч байсан юм. Ингээд худлаа яриад эхэлнэ. Намайг ажил авахад өрөнд баригдсан 10 ажилтантай компани болсон байсан. Тэр Д.Мөнх-Эрдэнэ бол гуниг шүү. Би хэн нэгний талд орох гэсэнгүй. Гэхдээ бүгд мэдэж байгаа шүү дээ. “Бодь интернэшнл” ХХК-тай гэрээ хийгээд энэ төсөл дээр хуулийн зөвлөхөөр ажиллаж байсныг нь. “Бодь интернэшнл” ХХК-ийнхан одоо гэрээгээ устгаж байгаа биз. Ингэж битгий худлаа ярь аа, Д.Мөнх-Эрдэнэ ээ. Тэр үед хуралд хамт сууж байсан залуус бүгд амьд сэрүүн байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлын протокол Д.Мөнх-Эрдэнэтэй хамт түүх болон үлджээ. Надад олдохгүй байсан олон баримт ил болох нь. “Үнэн ганц байдаг” гэж хэлээд байгаа шүү, би. Намайг нэг жил гүтгэж доромжилсон. Манай Баясаа захирал намайг сүүлдээ танихгүй гэсэн. Олон хүний муухай нүүрийг харсан. Урам хугармаар. Гэр бүл, үр хүүхэд рүү дайрч эхлэх тэр мөчид хүн юм боддог юм билээ. Дахиад “Ална тална” болж байгаа юм байна. Би Peninsula Shanghai зочид буудалд байна. Зугтсан юм байхгүй. Ярих боломжоо ашиглах гэж л хүлээлээ. Бүх хэлмэгдүүлэлтийг нь хүлээж авахад бэлэн байна” гэв.


Энэ бүхний цаана юу болж байна вэ?


Л.Оюун-Эрдэнэ намдаа шахагдан, гарах гарцгүй болж буйтай адил А.Амундра ч "Бодь"-ийн эзэн Д.Баясгалантайгаа зам салж, мухардалд орсон аж. Иймээс ч А.Амундра Д.Баясгаланд гомдсондоо түүнтэй холбоотой авилга өгсөн байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй баримтыг Л.Оюун-Эрдэнэд өгсөн байна. Л.Оюун-Эрдэнэ ч Б.Энхбаярт маш их өс санаж буй тул үүнийг нь уухайн тас шүүрэн авч, АТГ-т өгсөн аж. Өөрөөр хэлбэл энэ бүхний цаана экс захирал тэргүүтэй томчуудынхаа бүхий л но-г мэдэж буйгаа сануулан, өөрт нь анхаарал тавихыг хүссэн А.Амундрагийн хүүхэд шиг санаа л байгаа бололтой.


Б.Намуун